Цэргийн баярын өдөр Зэвсэгт хүчний офицерууд шүүгдэгчийн ширээнд суув

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн өдөр буюу уржигдар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017, Орхон аймаг дахь Барилгын цэргийн 110 дугаар ангийн захирагч асан, хурандаа Л.Балдан-Очир, тус ангийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Сугар нарт холбогдох, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг хэлэлцлээ. Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан бүрэн эрх, албан тушаалаа урвуулж, төсвийн хөрөнгөөр эхнэр С.Туулынхаа “Тиара ресорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газрын барилга болон Хан-Уул дүүргийн XV хороо, “Грийн хаус” амины орон сууцын хотхон дахь байрныхаа засварыг хийлгэсэн хэрэгт холбогдсон юм. Дээрх хоёр барилгыг Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангийнхнаар засуулж, тус анги болон БХЯ-нд нийт 109 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутган АТГ-ынхан шалгасан юм. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн жилийн гуравдугаар сард тус шүүхэд хэлэлцээд хурандаа Б.Батсайханы нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 25 сая, хурандаа Б.Балдан-Очирын нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасан, долоон сая, Г.Сугарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасан, 5.4 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Харин Улсын дээд шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүх хэт хөнгөн ял шийтгэсэн гэж үзэн дахин хэлэлцүүлэхээр буцаасан билээ. Түүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болсон ч шүүгдэгч, хурандаа Б.Батсайханы өмгөөлөгч нь шүүх хурал давхацсан шалтгаанаар ирэх сарын 2-ны 09.00 цаг хүртэл хойшлуулав.

Тэгвэл өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтсийн Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, хошууч Б.Дуламсүрэн, тус хэлтсийн Мал, амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагч, хошууч Д.Сарантуяа, мөн газрын Эрүүл мэндийн хяналтын албаны цэргийн хөдөлмөр, хүнсний эрүүл ахуйч их эмч, улсын байцаагч, дэд хурандаа С.Базаррагчаа нарт холбогдох хэргийг хэлэлцлээ. Тэднийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 18.7-1-т заасан “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан” гэм буруутайд тооцож, Б.Дуламсүрэнг 18, Д.Сарантуяа, С.Базаррагчаа нарыг 11.4 сая төгрөгөөр торгох ял оноож, тус бүрийг нь төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж шийтгэсэн юм. Афганистанд Умард Атлантын гэрээний байгууллага (НАТО)-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд оролцох манай энхийг сахиулагчдыг шар чичрэг, хепатит В, сахуу татран, балнад зэрэг халдварт өвчнөөс сэргийлж, явахаас нь өмнө дархлаажуулахад зориулсан, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөс дээрх офицерууд танилуудынхаа аж ахуйн нэгжээр дамжуулан завшсан нь АТГ-ынхны шалгалтаар тодорхой болсон билээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)