Ц.Элбэгдорж: Төрийн ажилд яаран хандаж болохгүй

 Халаагаа өгч буй зургаан сайдын суудалд УИХ-ын гишүүн бус хүмүүсийг томилох тухай саналыг нь хайхраагүйн “ха риуг” Ерөнхийлөгч өчигдөр Ерөнхий сайдад өглөө. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байдаг буруу жишгийг удирдагч хүн л өөрчлөх ёстой гэсэн юм. Гурван сайдыг Бүлгээсээ, бусдыг нь гаднаас тодруулснаа зөвшилцөхөөр Ерөнхий сайд Ерөнхийлөгчид хандаад буй. Тэгвэл Төрийн тэргүүн үүнд яарах ёсгүй гэж үзэж байна. Тиймээс шинэ бүрэлдэхүүнээ энэ долоо хоногт багтан баталгаажуулах С.Батболдын төлөвлөгөө нурав. Ерөнхийлөгч халаагаа өгөх гэж буй АН-ын зургаан сайд, тэдний оронд нэр дэвшээд байгаа зургаан эрхмийг Ерөнхий сайдын хамт өчигдөр хүлээн авч уулзсан юм.

Нэр дэвшигчдийн заримд сэтгэл хангалуун бус байгаа нь энэ үеэр харагдсан. Юуны өмнө хүсэлтээрээ албаа өгч буй зургаан сайдыг чөлөөлөх асуудлыг УИХ шийдэх ёстой гэж тэрбээр үзжээ. Энэ бол төрийн ажил, тиймээс салхинд хөөгдөж буй мэт хандах учиргүй хэмээн онцлов. 2007 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байсан Л.Одончимэд хүсэлтээрээ албаа өгөхөд чөлөөлөх асуудлыг нэгдүгээр сарын 30-нд, оронд нь Д.Дэмбэрэлийг томилох шийдвэрийг УИХ хоёрдугаар сарын 5-нд гаргасныг ч жишээ татав. “Төрийн ажил ёс журамтай, хууль дэгтэй. Үүний дагуу л явах ёстой. Хүсэлт гаргаснаар, нам шийдсэнээр болохгүй” хэмээн сануулаад авсан. Мөн чөлөөлөгдөх гэж буй сайд нар загасанд яваад буцаж буй биш. Хамтарсан Засгийн газар зовж байгуулагдсан, олон ч зорилт тавьсан. Тиймээс тэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа Байнгын хороодод тайлагнах ёстой гэлээ. Явж буй сайд нарт хандсан сануулга харин ч зөөлөн байлаа. Ерөнхийлөгч зургаан сайдыг чөлөөлөх талаар зөвшилцлөө гэсэн агуулгатай бичгийг өгөхөө хэлээд “Одоо чөлөөтэй байж болно” гэв. АН-ын сайд нар ч үг дуугүй гараад явлаа. Ингээд шинээр нэр дэвшигчдийн ээлж ирэв.

Ц.Элбэгдорж: -Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайдтай уулзахдаа эхлээд Засгийн газрыг байгуулах зарчмыг тохиръё. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байдгийг больё гэсэн байр суурьтайгаа би хэлсэн. Ийм боломжтой болсноор төрийн тогтолцоо алдагдсан. Удирдагч хүн мууг засах ёстой. Энэ жишгийг чиглэл болгох учиртай байлаа. Тайлбар өгнө гэвэл сонсъё.

С.Батболд: -Төрийн ажлыг Үндсэн хуулийн хүрээнд явуулах учиртай. Тиймээс Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилохыг ч хуулийн хүрээнд шийднэ. Яг одоогоор Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байхыг хязгаарласан ямар нэг хууль байхгүй. Нэр дэвшүүлэх саналаа өнөөдрийн хуулийнхаа хүрээнд л оруулж ирсэн. Цаашид УИХ, Засгийн газар хуулийг өөрчлөхдөө ийм хязгаар оруулах ёстой.

Ц.Элбэгдорж: -Үндсэн хууль бүхний хаалт биш. Гаднаас томилсон Засгийн газрын гишүүд байгаа. Хууль тогтоохоос илүү эрх мэдэл гэж үгүй. Тиймээс сайд, гишүүний албыг давхар хаших эрх эдлэх нь байж болохгүй зүйл. Үүнийг засах ёстой. Их ярьсан, хүссэн хүнийг төрийн ажил бүү хийлгэ, бүү ойртуул гэсэн үг байдаг. Чөлөөлөх шийдвэр УИХ-аас гараагүй байхад нэг л их яарсан хүмүүс, дараагийн сайд нарыг хурдан томил гэх юм. Ингэж ховсдуулсан юм шиг хандаж болохгүй. V цахилгаан станцыг барих ажлыг түргэвчил гэж ҮАБЗ-өөс чиглэл өгсөн. Гэвч үүнийг барихыг яаралгүй гурван жил зургаан сар болсон шүү дээ гэлээ. Ийнхүү бичил мэтгэлцээн өрнөв. Зөвшилцөнө гэдэг нь томилгоо зөв, буруу эсэхийг ярилцахыг хэлдэг учраас оруулж ирсэн хүмүүст адис өгөөд гаргана гэж байхгүй гэдгээ ч Ерөнхийлөгч хэллээ.

Үүгээр нэр дэвшсэн хувь хүний тухайд ямар байр суурьтай байгаа нь тодорхой болсон. “Энэ бол чөлөөт цагаараа хийдэг ажил биш шүү, Дашдорж оо. Та 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажилласан бил үү. Тэр үед таныг бараг харалгүйгээр л ажил хүлээлгэж өгсөн. Одоо энэ салбар дээр зам тээвэр нэмэгдсэн. Ямар ид шидээр олонхийн санал авсан чинь хамаагүй. Сайд хийх гэж буй юм бол маргааш (өнөөдөр) надтай Оюутолгой руу яв. Өмнөх сайд нартайгаа ч уулзах ёстой. Д.Хаянхярваа байна. Хонгор сумын талаар гомдол их ирж байгаа. Тэнд долоо хоногт 2-3 хүн нас барж байна гэнэ. Хаана очиж, хэнтэй уулзахаа та мэднэ. Хонгорынхонтойгоо уулз. БХЯ, ГХЯ Ерөнхийлөгчтэй илүү ойр ажилладаг. БХЯ-нд очих сайд зангарагтай байх ёстой. Тиймээс энэ салбарт очих хүний тухай бид зөвшилцөх ёстой” гэлээ.

Ц.Дашдорж, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр нарыг УИХ дахь бүлгээс нэр дэвшүүлсэн. Дээрээс нь хувь хүний тухайд Ерөнхийлөгч ийнхүү чамлаж буйгаа илэрхийлэв. Төрийн тэргүүн өнөөдөр Оюутолгойн уурхайд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцана. Малчин айлаар орно. Энэ талаараа “Бид хэвлэл мэдээллээр дамжуулж ажил хиймээргүй байна. Араас битгий янз бүрийн мэдэгдэл хийгээд байгаарай. Тэнд би ажил хийж яваа шүү. Даваа гаригт ирэхээр сайд чөлөөлөх болон сая ярьсан зүйлс хэрхэн биелж эхэлснийг харъя” гэв.

С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)