Ц.ЭЛБЭГДОРЖ, Д.ДОРЛИГЖАВ нар ганцаарчилж уулзсан гэв үү

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах, эсэх асуудал энэ долоо хоногт  шийдэгдэхээр байгаа. Түүнийг огцруулах, эсэх  асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын ерөнхий прокурор  Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга  Б.Билэгт, Тагнуулын ерөнхий газрын дарга  Б.Ариунсан нар чуулганы хуралдаанд оролцсон  талаар хэвлэлд мэдээлж байв. Энэ талаар баттай  эх сурвалжаас лавлахад, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэднийг дуудах, зарим асуудлыг нотлохыг  шаардсан гэх. Үүний дараахан “Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай уулзаж ажил хэргийн чанартай хатуухан  шаардлага  тавьсан, тэр ч байтугай шаардлагыг  эс биелүүлбэл огцруулах сануулга өгсөн гэнэ”  гэсэн мэдээлэл гарч эхэлсэн.

Дээрх мэдээллийн мөрөөр тодруулахад  “Ямартай ч Ардчилсан намын гишүүд болон  УИХ дахь АН-ын бүлгийн хэмжээнд энэ талаар  тодорхой мэдээлэлгүй байна. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав нар баасан гаригийн орой,  эсвэл бямба гарагт ганцаарчлан уулзсан байж  болзошгүй” гэцгээж байв. Хэрэв МАН-ынхнаас  зориуд шидсэн чулуу “бай"-гаа онож, тэд ганцаарчилж уулзсан, албан тушаалын сэдэвт маргаан үүссэн бол тэртэй тэргүй Х.Тэмүүжин  сайдыг  өмөөрсөөр байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэчлэлийн бодлогыг тууштай дэмжихыг Д.Дорлигжаваас шаардсан байж болзошгүй. Түүнчлэн тодорхой баримт нотолгоо бүхий  зарим ээдрээт хэргүүд, орлогын эх үүсвэр нь  тодорхойгүй байхад олны нүдэн дээр илтэд  хөлжсөн  хурандаа нарын хэргийг яаралтай шийдвэрлэх талаар олон нийтийн хүлээлт үүсээд  байгааг Ерөнхиийлөгч дурдаад, эндээс хуулийн  салбарын шинэчлэл эхлэх учиртайг сануулан  бухимдсан гэдэг нь ортой байж мэдэх юм. Энэ  талаар ихээхэн нууцалж буй бөгөөд Хууль зүйн  сайд Х.Тэмүүжинг огцруулсан тохиолдолд түүний орыг залгамжилж чадах, эсэх талаар Д.Дорлигжавын саналыг асуусан гэдгийг эх сурвалж  өгүүлж байна. Хэрэв дээрх мэдээлэл батлагдвал “Эрдэнэт” үйлдвэрийн дарга, Батлан хамгаалахын сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын  даргаар ажиллаж байсан, улс төр болон төрийн  албаны багагүй туршлагатай “кадр”-уудын нэг  Д.Дорлигжавын буурийг сэлгэх цаг болсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр, ардчилсан хувьсгалд байгуулсан гавьяа, нас, зүснийхээ  талаас ч тэд ганцаарчилж уулзах нь тийм ч хачин  жигтэй хэрэг биш. Тэдний үеийнх    ний хувьд нэг  нь нөгөөгөө донгодох гэхээсээ илүү харилцан  ярилцаж, зөвшилцвөл нэр цэвэр, үйлс ариун  хэрэг болох  биз ээ.  

 У.ОРГИЛМАА 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)