Цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах хөрөнгөөс завшигчдыг шалгаж дууслаа

Урин дулааны улирал эхлэхээр нийслэлийн иргэдийг бухимдуулдаг нэг зүйл нь Төв цэвэрлэх байгууламжийн үнэр. Хамар сэтлэм үнэр нь ойр орчмын оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон гэх судалгаа ч бий. Лагийн үнэр хүний төв мэдрэлийн системийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, судас нарийссанаас толгой өвдөх, нойргүйдэх, ядрах шинж илэрдэг бол бохир агаараар амьсгалснаар үнэрлэх, амтлах эрхтний үйл ажиллагаа муудах, хоолой загатнах, хорсох, ханиалгах зэргээр харшлын шинж илэрдэг хэмээн мэргэжлийн байгууллагынхан дүгнэсэн байдаг. 

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарахын тулд төр, засгаас багагүй хөрөнгө гаргаж, засаж сайжруулахаар ажилладаг ч ажил хийж гүйцэтгэх ёстой төрийн болон хувийн байгууллагын албан тушаалтнууд хөрөнгийг нь завшиж, үрэгдүүлсэн байна. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан ийм нэг хэргийг шалган, саяхан шүүхэд шилжүүлжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн усны барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн М.Балдандоржид холбогдуулж цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгасан аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 онд Төв цэвэрлэх байгууламжид хэрэгжүүлсэн 1.4 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй, цэвэрлэгээний түвшин, лагийн боловсруулалтыг сайжруулах ажлын хөрөнгөөс завшсан хэрэгт тэрбээр холбогдсон байна.

Уг ажлыг “Юто”, И Си Си гэх хоёр компани гүйцэтгэсэн бөгөөд ажлын гүйцэтгэлийг хуурамчаар гаргаж, 761 сая төгрөг залилсан гэж захирал Ө.Хүдрээ, Г.Батсүх нарыг шалгасан гэнэ. Цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах хөрөнгөөс хуурамч гүйцэтгэлээр завшсан байж болзошгүй энэ хэргийг НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)