Цэвэрлэгчээс мэргэжлийн тоглогч болсон эр

Өнгөрсөн долоо хоногт Америкийн мэргэжлийн бэйсболын дээд лиг болох MLB-ийн аваргаар “Хьюстон Астрос” баг тодорсон юм. Тэгвэл тус багийн тоглогч Еван Гаттисын мэргэжлийн тамирчин болсон түүх олны анхаарлыг татав.

Энэ улирлын 84 тоглолтод оролцсон Гаттис ахлах сургуульдаа чадварлаг тамирчдын нэг байжээ. Улмаар Техасын их сургуульд суралцах урилга хүлээн авсан ч энд өөрийгөө хөгжүүлж чадаагүй. Учир нь бага байхад нь эцэг эх нь салж, түүнд анхаарал хандуулах хүн үгүй болсноор Гаттис архинд орж, мансуурах бодист дурлах болж. Эцэст нь их сургуулиа орхиж, амьдралаа алдсан хүүгээ эмчлэх зорилгоор ээж нь Аризона мужийн Прескотт руу нүүж, эмчилгээнд явсны хүчээр эргээд их спортдоо эргэн ирсэн юм.

Тэр ч бүү хэл Оклахомагийн жирийн нэгэн коллеж түүнийг багтаа авахаар урилга илгээсэн гэдэг. Харамсалтай нь, улирлын өмнөх бэлтгэлийн үеэр өвдгөндөө хүнд гэмтэл авснаар Гаттис их спортоо орхихоор шийдсэн байна.

Коллежоо орхисноор Гаттисын шинэ амьдрал эхэлсэн аж. Хэдийгээр архинаас татгалзаж чадсан ч сэтгэл санааны гүн хямралаас гарах аргаа олсонгүй. Даллас хотод тасалбар борлуулагчаар ажиллах болсон ч удалгүй Колорадод амьдардаг эгчийндээ очиж, тэндээ пиццаны газар, амралтаараа цанын баазад ажилласан гэдэг. Гэвч завгүй амьдрал нь түүнийг хямралаас гаргасангүй.

Үүнээс болж унтаж чадахаа больж, амиа хорлох бодол толгойд нь орж ирэх болсон тул сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн байна. Харин аав нь хүүгээ өөрөө асарч, хамгаалах баталгаа өгснөөр эмнэлэгт ердөө гурав хоносон гэнэ. Ингээд Гаттис төрөлх Даллас руугаа буцаж, дүүгийнхээ хамтаар нэгэн албан байгууллагад цэвэрлэгчээр ажиллах болжээ. Энэ үеэс түүний сэтгэлзүй тогтвортой болж, олон ааш гаргах нь багассан байна.

Гаттисыг их спортод эргэн ирэхэд тусласан хүн бол түүний хойд ах Дрю Кендрик юм. Кендрик Техасын их сургуульд бэйсбол тоглож байсан, Гаттисыг ахлах сургуульд байх үеэс нь хойш мэддэг нэгэн байв. Тэрбээр доод лигийн “Техас Перайн Басин Фалконс” багийн дасгалжуулагчаар томилогдсон бөгөөд Гаттист дахин талбайд гарах санал тавьжээ.

Эхний улиралдаа 11 хөүм-ран гүйцэтгэсэн нь Еванд өөрийгөө харуулах боломж байгааг мэдрүүлсэн аж. Ингээд дээд лигт сонгогдохоор нэрээ дэвшүүлж, “Атланта Бравес” багийн шинэ тоглогч болов. MLB-д бусад спортын лигүүдтэй харьцуулахад бүтэн улирал урт үргэлжилдэг, олон тоглогч хэрэг болдог тул орон тооны бус тоглогч олон бий.

Тэд үндсэн бүрэлдэхүүнд дуудагдах өдрөө хүлээж, хөгжлийн лигээс гараагаа эхэлдэг бөгөөд Гаттисыг ч ийм хувь тавилан хүлээж байлаа. Гэхдээ түүнийг удаан хүлээлгэсэнгүй. Гэмтлийн улмаас багийн бүрэлдэхүүнд цохилт гүйцэтгэх тоглогч хэрэгтэй болсон юм. Дасгалжуулагч хөгжлийн лигийн хамгийн авьяаслаг эрийг сонгон авч, дээд лигт цохилт гүйцэтгэх боломж олгожээ.

Энэ үеэс хойш Гаттис мэргэжлийн тамирчин болсон билээ. Түүнийг хоёр жилийн өмнө төрөлх нутгийнх нь ойролцоо орших “Хьюстон Астрос” багт зарсан гэнэ. Өнгөрсөн онд баг нь түүнд нэг жилийн 3.3 сая, энэ жил 5.2 сая ам.долларын шинэ гэрээ санал болгосон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)