“Цуст одойн” сэхэл, мөхөл

Урьд нь баривчлагдаад байсан хүмүүсийг Оросын Дотоод хэргийн ардын комиссариат одоогоос яг 80 жилийн өмнө, 1940 оны хавар суллав. Дотоод хэргийн ардын комиссар байсан Николай Ёжовыг удаан хугацаагаар мөрдөн шалгасны эцэст мөн оны хоёрдугаар сард буудан хороолоо. Түүнийг цаазалсныг албан ёсоор олон түмэнд зарласангүй. Харин түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн, амиа хорлосон гэх яриа ард олны дунд тархсан байна.

Генрих Ягода, Лаврентий Берия нараас ялгаатай нь Николай Ёжовт аз тохиогоогүй аж. Энэ хүнийг бараг хэн ч судалсангүй. Ёжовыг эмгэг хуучтай, дарангуйлагчийн хүслийг сохроор биелүүлэгч нэгэн байсан гэх домог хэвлэлээр хүмүүст хүрчээ. Ижил хүйстэн, эхнэрээ амиа хорлоход хүргэсэн зэрэг түүний намтрын зарим баримт ийм мэдээллийг нотлоход хөрс нь болж байв. Гэхдээ энэ бүхнийг өөр баримтууд бас үгүйсгэдэг аж.

Оньсого мэт ардын комиссар. Дээд шүүхийн Цэргийн коллегийн орлогч байсан Анатолий Уколов “Ёжовын бичгээр өгсөн тайлбар миний гайхлыг төрүүлж байсан. Николай Иванович бага боловсрол ч олж аваагүй байсныг нь мэдсэн сэн бол тийм уран сайхан бичсэн, үгийн утгыг нарийн мэдэрдэг, сайн боловсролтой хүн байсан тухай бодож үзэх нь гарцаагүй” гэж гэрчилсэн байдаг.

Өөр нэг сонирхолтой баримт. 1928 оноос өмнө Н.Ёжов Повольж, Казахстан, Киргизэд олон жил ажиллажээ. Түүнийг маш чадварлаг удирдагч, тухайн нутаг орны аль ч давхрын хүмүүстэй хэл амаа амархан олдог байсныг нь мэргэжилтнүүд ярьдаг байж. Өөрөөр хэлбэл, улс төрийн тодорхой хэмжээний авьяас чадвартай хүн байсан байх нь.

Н.Ёжов Намын төв хороонд боловсон хүчний асуудал хариуцан 10 жил ажилласны дараа 1936 оны есдүгээр сард Дотоод хэргийн ардын комиссараар томилогджээ. 1934 онд Сергей Кировын амийг хороосон хэргийг мөрдөхөд оролцож, тухайн үед Дотоод хэргийн ардын комиссар байсан Генрих Ягодаг огцруулах хуйвалдааныг зохион байгуулснаас түүнтэй зөрчилдөх болов. Энэ зөрчилдөөн аллагыг захиалагч гэж хэнийг үзэхтэй холбоотой байлаа. Г.Ягода болохоор цагаачдыг буруутгаж байсан бол Н.Ёжов сөрөг хүчний удирдагч Троцкий, Зиновьев Каменев нарыг хардаж байв. Н.Ёжовын байр суурь ялж, 1939 оны үйл явдал болж, Г.Ягодаг даруй өөрчиллөө. 1935 оны хоёрдугаар сар гэхэд Н.Ёжов намын аппаратыг цэвэрлэх гол бүтэц болох Төв хорооны хянан шалгах хорооны дарга болчихсон байсныг тэмдэглэвэл зохино. Уг албыг тэрбээр улс төрийн төгсгөл хүртлээ хашжээ.

“Цуст одой”-г тушаал дэвшүүлсэн шалтгаан. Н.Ёжов улс төрийн шатаар өгсөхөд хувийн болон улс төрийн шалтгаанууд нөлөөлсөн аж. Түүнийг томилоход Төв хорооны нарийн бичгийн дарга Лазарь Кагановичийн дэмжлэг, түлхээс оржээ. Харин улс төрийн шалтгаанууд нь илүү гүнзгий, нарийн төвөгтэй байв. Москвагийн үйл явц 1935 оны наймдугаар сард Зиновьев, Каменев нарыг буудан хороосноор дуусжээ. Тэднийг Сталиныг устгах, Лев Троцкийтой үгсэж төрийн эргэлт хийх хуйвалдаанд оролцсон гэж буруутгасан байна. Уг хуйвалдаанд оролцсон гэх хүмүүсийн дотор Михаил Томский, Николай Бухарин гэх нэр “гэмт хэрэгтнүүд”-ийн амнаас унасан аж. Томскийг буудаж, прокурор шалгаад Бухариныг хуйвалдаанд оролцоогүй гэж үзсэн байна.

Мөн оны есдүгээр сард Н.Ёжовыг Дотоод хэргийн ардын комиссараар томилов. 1937 оны хоёр, гуравдугаар сард Большевик намын Төв хороо Николай Бухарин, Алексей Рыков, Генрих Ягода нарыг баривчлах тогтоол гаргалаа. Тэдний хэргийг шийдвэрлэх ажиллагаа жил сунжирч, 1938 оны гуравдугаар сард буудан хороожээ.

1934 оны тав, зургадугаар сард Тухачевскийн хэрэг гэгч мандлаа. 1937 оны зунаас юуны урьд өндөр албаны тодорхой хүмүүсийн эсрэг чиглэсэн “Их аллага” эхлэв. И.Сталины энэ үйлдэл түүний эсрэг (солиотой удирдагч бүгдийг алсан), сталинч (дайснууд байсан, тэднийг устгасан нь зөв) гэсэн хоёр чиглэлтэй байжээ. Харин жинхэнэ үнэн энэ хоёрын дунд хавьд байсан болов уу.

И.Сталины арга ажиллагааг хамгаалалгүйгээр тэмдэглэхэд ийн болгоомжлох үндэслэл түүнд байсан гэлтэй. 1933-1936 онд ер бусын нөхцөл байдал бий болсон байдаг. Нэг талаас аж үйлдвэржүүлэх бодлого эерэг үр дүнгээ өгсөн. Нөгөө талаас энэ өөрчлөлтийн үнэ цэн их өндөр, түүнд сэтгэл дундуур хүний тоо ч нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ гэх асуудал үүсчээ.

Гол юм эндээс эхэлсэн байна. Намын дотоодод сөрөг хүчний хоёр дахь давлагаа 1932-1933 онд бий болов. Үүнээс гадна эрх дарх, тансаг амьдралд дассан, өөрсдийнхөө бий болгосон намын идэвхгүй хэсгийн нөлөө Сталин тооцож чадсангүй. Түүнчлэн сэтгэл дундуур хүмүүсийн давлагаа тэднийг И.Сталинтай нь хамт ховхлоод хаячих аюул үнэхээр айдас төрүүлж байжээ.

Ийнхүү сөрөг хүчинд боломж гарч ирэв. Өнгөрсөн зууны 30-аад оны эхний хагаст Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах асуудлыг Төв хорооны бүгд хурлаар л шийдчихэж болох байлаа. Тиймээс сөрөг хүчинд сургамж өгөхөөр И.Сталин шийджээ. Үүнийгээ шүүхийн хуурамч шийдвэрийн тусламжтайгаар ихээхэн харгис ширүүн хийхээр төлөвлөв. Гэтэл энэ удирдамжийг хэрэгжүүлэхийг Г.Ягода ер хичээгээгүй бөгөөд түүнд бас шалтгаан байжээ.

1934 онд Г.Ягодагийн хамтран зүтгэгчдийн нэг Георгий Молчанов мэдүүлэг өгөхдөө “Тагнуулын ажиллагаа бүх улсад маш онцгой үүрэгтэй байдаг. Тагнуул туршуул бол төрийн ер бусын аппарат, ер бусын байгууллага юм. Түүний үйл ажиллагаа өөрийн онцгой эмзэг чиг шугамтай. Улсын дотоод амьдралын хөгжлийн янз бүрийн боломжийг тагнуулын ажиллагаа харгалзаж байх ёстой” гэж тайлбарлаж байсан гэж хэлсэн байдаг. Засгийн эрхэд гараад чекистүүд биднийг бүгдийг нь дүүжлэх тийм хувьсгалын эсэргүүтэй тэмцэх хэрэгтэй, троцкист, зиновьевчүүд, түүгээр ч барахгүй меньшеви

күүдийг ажил үйлс нь хүрээнээсээ халих үед нь баривчлах хэрэгтэй гэж Г.Ягода үздэг байв. Тагнуулчид бид ямар ч засгийн үед тэсэж үлдэж чаддаг байх ёстой гэсэн улс төрийн гол чиг шугамтай байжээ. Энэ үзэл нь хуйвалдаанаас ч дор байснаас И.Сталин түүнийг өөрчлөхөөр шийдсэн байна. Г.Ежов түүний яг эсрэг дүр болох ёстой байсан ч боловсон хүчний сонголтын хувьд тэрбээр их удирдагчийн алдаа нь болсон аж.

Н.Ёжовын ард хэн байв. Энэ асуултад хариулахын тулд 1936 оны эцэс гэхэд Дотоод хэргийн ардын комиссариат нь нэгэн цул организм байгаагүйг ойлгох хэрэгтэй болно. Тус байгууллагын дотор Ягодагийн талынхан, “Умард кавказчууд”, “Туркестанчууд”, “Украинчууд” гэх мэт хэд хэдэн жижиг бүлэглэл байжээ. Бүлэглэлүүд нь үндэстэн, ястны шинж чанараараа биш, албан ажлынхаа чиглэлээр зохион байгуулагдсан байв. “Умард кавказчууд” нь тэр бүс нутагт алба хааж, Зөвлөлтийн эсрэг тэмцлийг идэвхтэй нухчин дарж байсан Дотоод хэргийн ардын комиссариатын ажилтнуудаас бүрдэж байлаа. 1932 оноос өмнө Дундад Азид Дотоод хэргийн ардын комиссариатын бүрэн эрхт төлөөлөгч байгаад 1933 онд Умард Кавказын хязгаарын намын хорооны нэгдүгээр нарын бичгийн даргаар томилогдсон Ефим Евдокимов түүний албан ёсны бус удирдагч болжээ. Түүний гарын хүн болох Михаил Фриновский Дотоод хэргийн ардын комиссариатад ажиллаж байв. Одоо нэгэнт мартагдсан энэ хүн ерийн нэг гүйцэтгэгч төдий “амьтан” биш. Түүний намтраас нэг баримт дурдахад, 1933-1934 онд Фриновский Чан Кайшигийн эсрэг боссон Шинжааны милитаристуудад Зөвлөлтөөс цэргийн тусламж үзүүлэх ажлыг удирдаж байсан аж. Тэрбээр Дотоод хэргийн ардын комиссариатын цэргүүд хийгээд Цагаан гвардын хөлсний дайчдаас хэд хэдэн отряд байгуулж явжээ. Тэгэхээр дипломатчийн болон шуурхай ажил зохион байгуулах авьяастай нэгэн байсан байх нь.

Ардын комиссариатад өөрийн гэсэн түшиг тулгуургүй Н.Ёжов Төв хорооны аппаратад байсан нөхдөө ийш нь авчирснаар “Умард кавказчууд”-ын нөлөөнд тэр дороо яваад орчихжээ. М.Фриновский эхлээд Ардын комиссарын орлогчоор томилогдсоноо удалгүй нэгдүгээр орлогч болов. Түүний “оюун санааны” эцэг Е.Евдокимов намын дээд зиндаанд алба хашсан нэртэй, өөрийн нөлөөний хүмүүсээ залж чиглүүлсээр байлаа.

М.Фриновский, Е.Евдокимов нар хорлон сүйтгэгч бодлого нь хэзээ нэгэн цагт эргээд өөрсдийнх нь эсрэг чиглэх вий хэмээн болгоомжлох болсон байна. Гэлээ ч тэд 1937 оны зунаас Н.Ёжовтой хамтарсан аллага үйлдэгчдийн толгойд гарч ирэв. М.Фриновский сүүл рүүгээ Монголд хийсэн цэвэрлэгээг зохион байгуулагч болсон юм. Зөвлөлт, Хятад, Зөвлөлт, Японы харилцаанд Монголын гүйцэтгэх стратегийн ач холбогдлын үүднээс авч үзвэл энэ нь Зөвлөлтийн гадаад бодлогод хөндлөнгөөс оролцох оролдлого байлаа.

1937 оны зун боловсон хүчний хоморголсон цэвэрлэгээтэй зэрэгцээд Дотоод хэргийн ардын комиссариат тусгай ажиллагаа хэд хэдийг явуулсан бөгөөд тэдгээрийг Н.Ёжов болон М.Фриновский тэргүүтэй тус байгууллагын удирдлага санаачилжээ. Харин ийм ажиллагаа явуулах үндэслэл, шалтгаан байсангүй. Түүгээр ч барахгүй И.Сталины төлөвлөгөөнд ч ороогүй байжээ. Их хядлагын өмнөхөн 1936 оны арванхоёрдугаар сард шинэ Үндсэн хууль баталж, засаг захиргааны байгууллагыг эмхлэн бий болгохдоо ангийн зарчмаас татгалзахыг үүгээр тунхагласан байна. Ангийн байр сууринаас хандаж байснаас урьд нь олддоггүй байсан сонгох эрхийг зарим иргэнд олгожээ.

Эдгээр шийдвэр И.Сталин энхийг эрхэмлэдэг, хүнийг хайрладаг байсны гэрч биш юм. И.Сталинаас олгосон хэлмэгдүүлэх хязгаарлагдмал эрх нь нэг талаас асар их боломж, нөгөө талаас тэдний хувьд бас айхтар аюул болохыг

Н.Ёжов болон “Умард кавказ”-чуудын холбоо сайн ойлгож байлаа. 1936 оноос өмнө намын дотоод тэмцэлд шүүхийн шийдвэргүй залхаах, буудан хөнөөх мэт аргыг хэрэглэдэггүй байв. Намын ажилтныг баривчилж, цөлж, Троцкий шиг хилийн чанад руу явуулчихдаг байлаа. Олны өмнө хэргийг тасалж буудан хороох нь утга учиргүй үйлдэл байжээ.

Хэлмэгдүүллийн төлөө хариуцлага хүлээх тухай яриа Н.Ёжовын хүрээллийнхэнд байнга үүсдэг байж. М.Фриновскийтой хамт ажиллаж байсан Сергей Мироновын гэргий Агнесса Мироновагийн дурсамж үүний нэг нотолгоо мөн биз ээ. М.Фриновский И.Сталинтай нэгэнтээ ярилцаж байхдаа хэлмэгдүүллийн төлөө хариуцлага хүлээх болов уу хэмээн болгоомжилж буй талаараа хөндөхөд хариуцлагыг нам өөртөө авна гэж жолоодогч хэлж түүнийг тайвшруулж байв.

...Нэлээд олон хүний үнэлснээр 1938 оны нэгдүгээр сар болоход Н.Ёжовын тэргүүлсэн Дотоод хэргийн ардын комиссариат улс орныхоо улс төрийн дээд удирдлагын хяналтаас гарсан байлаа. Н.Ёжов болон түүний нөхөд харин өөрсдийн байдлаа хэр ойлгож байсан бол? Ойлгож байсан бололтой.

Тэглээ ч хуйвалдаан байсан гэж ревизионист-түүхчид үздэг. Н.Ёжовын хэргийг мөрдөн шалгасан тухай материал, шүүхийн үйл явцыг судалж үзсэн хүн бол асуултын хариултыг олоход төвөггүй. Гэхдээ Н.Ёжов өөрийн боломжийг ойлгоод зогсоогүй улс төрийн төлөвлөгөөгөө зохиож эхэлсэн гэж үздэг хүмүүсийн талд үнэн байжээ. Ямар төлөвлөгөө байсан юм бол гэдэг асуулт цаашид судлавал зохих зүйл мөн юм.

Алдар хүндийн төгсгөл. 1938 оны зун гэхэд И.Сталин хийгээд түүний хамтран зүтгэгчид Н.Ёжовын учруулж болох аюулыг ойлгож ухаарсан шиг байна. Дотоод хэргийн ардын комиссариатын хариуцлагатай хоёр ажилтан зугтсан нь үүнд гол нөлөө үзүүлжээ. Эхлээд Алс Дорнодын Дотоод хэргийн газрын дарга Генрих Люшков зургадугаар сард япончууд руу, долдугаар сард Испани дахь Дотоод хэргийн ардын комиссариатын төлөөлөгч Александр Орлов алга болчихов. Энэ хоёр тохиолдол адил үйлдэлтэй байлаа. Г.Люшков, А.Орлов хоёул төв рүү дуудагдсан бөгөөд үүнийг баривчлах гэж буйн дохио гэж тэд хүлээн авчээ. Гэхдээ Н.Ёжовыг Дотоод хэргийн ардын комиссариатын албан тушаалтай хавсруулж 1938 оны дөрөвдүгээр сарын 8-нд Усны тээврийн ардын комиссараар томилсон нь дохио байсан гэж олон хүн үздэг.

1938 оны наймдугаар сард Н.Ёжов шинэ орлогчтой болсон нь Лаврентий Берия. Тухайн үед энэ хүн Гүржийн удирдагч байжээ. Чекистүүд дунд төдийгүй Төв хороонд ч Л.Берия өөрийн талын хүмүүстэй байлаа. 1938 оны арваннэгдүгээр сард хоёр үйл явдал тохиов. 12-ны өдөр Ленинградын ардын комиссар Александр Успенский алга болов. Албан өрөөндөө үлдээсэн бичгээс нь үзвэл энэ хүн амиа хорлохоор шийджээ. Хожим нь А.Успенский зугтсан байна. Н.Ёжовын гэргий Евгения Хаютина арваннэгдүгээр сарын 21-нд амиа хорлов. Баривчлагдах аюул нүүрлэвэл эдгээр хүмүүсийг амиа хорлохыг Н.Ёжов шаардсан аж. Кремлийнхэн ч энэ түүхийг төгсгөхөөр шийджээ.

1938 оны арванхоёрдугаар сард Н.Ёжов Дотоод хэргийн ардын комиссарын ажлаасаа огцорч, Усны тээврийн сайд хэвээр үлдэв. М.Фриновский, Тэнгисийн цэргийн флотын ардын комиссар болсон ч 1939 оны дөрөвдүгээр сард энэ хоёрыг гурав хоногийн зөрүүтэй баривчилжээ.

Цагдаагийн аппарат хяналтаас гарвал юу болдгийн сонгодог жишээг ардын комиссар Н.Ёжовт тохиолдсон явдал харуулсан байна. Дотоод хэргийн ардын комиссар болон “Умард кавказ”-чууд И.Сталины ашиг сонирхолтой харшилдсан бодлого явуулж, тэр нь тодорхой шатанд И.Сталины эсрэг болж хувирсанд тэрбээр өөрөө буруутай юм. Үүнд И.Сталиныг зөвтгөх ямар ч арга байхгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)