Цуврал 2: Баянхонгор аймгийн заавал үзэх зургаан газар

Бид их хотын завгүй амьдралаасаа түр амралт авч, эх орныхоо байгалийн өвөрмөц бүтэцтэй үзэсгэлэнт газруудаар аялах дуртай билээ. Иймд зуны дэлгэр цагт аялах дуртай хүмүүст зориулж, Монголынхоо нэрийг "тахлах" үзэсгэлэнт газруудыг цувралаар танилцуулж байгаа. Энэ удаадаа Баянхонгор аймгийг онцоллоо. Аялагчид та бүхэн тэндээс манай эриний өмнөх 3000 жилийн өмнөх түүхэн дурсгалуудыг үзэхээс гадна байгалийн өвөрмөц газрууд, ховор ан амьтдыг харах боломжтой.

Бичигт хад

Баянгийн нурууны Их Бичигтийн аманд 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бий. Мөн сонирхол татсан нэгэн зураг бол анжсанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн байдаг. Энэ зургийг МЭӨ-III мянган жилийн өмнөх үеийн зураг гэж судлаачид үзсэн билээ. Үүнээс харахад 3000 жилийн өмнө тэрэг бүтээсэн ард түмний нэг Монгол гэдгийг харуулж буй. Дундад Азийн хадны сүг зургуудын дотор тэргүүн зэрэгт орох түүхийн хосгүй дурсгал юм. Та энд ирж Монгол угсаатаны эртний амьдралыг сонирхоорой.

Шатар чулуун хөшөө

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт “Шатар чулуу”-ны хөшөө дурсгал бий. Манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх хүмүүсийн оюуны болон соёлын томоохон өв юм. 

Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, монгол шатрын дүрс сийлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд, хиргисүүрүүдээс бүрддэг. Үүнтэй холбоотой “Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энд нутаглуулж, дурсгалыг нь мөнхлөн Шатар чулуун хөшөөг босгосон” гэх ам дамжсан домог бий. Та өөрийн биеээр ирж сонирховол илүүг мэдэж болно.

Шаргалжуутын халуун рашаан

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн түвшнээс дээш 1500 метрт орших Шаргалжуутын рашаан. Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах 108 рашаан бий. Тэдгээр рашаанууд нь манай орны 50 гаруй халуун рашааны дотроос хамгийн халуун, хамгийн их нөөц ундаргатай нь юм. Ихэнхи ундарга нь 60-93 хэмийн халуун, хүхэрлэг, шаварлаг байдаг учраас эмчилгээнд ч хэрэглэдэг. Та бүхэн аялахынхаа хажуугаар эмчүүлээд авах бүрэн боломжтой.

Биндэръяа хөх нуур

Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших энэхүү нуур байгалийн гайхамшигтай өвөрмөц тогтоцтой. Уулсаар хүрээлэгдсэн Биндэръяа хөх өнгөтэй энэхүү нуур дээд зэргийн цэнгэг устай . Мөн зуны улиралд олон төрлийн усны шувууд ирж чуулдаг. Олон зууны тэртээгээс түүх шастирт бичигдэж ирсэн энэхүү нуурыг сүүлийн жилүүдэд зорьж очигсод олширсон байна. Та ч очиж үзээрэй.

Их богд уул

Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн байдаг. Байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий газруудаас гадна, ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудтай. Мөн та энд ирснээр Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар нутаглаж буй  Хулан, хавтгай, аргаль, янгир, тэр ч байтугай Монголын улаан номд бичигдсэн олон олон ан амьтдыг харах боломжтой.

Бөөн цагаан нуур

Монгол улсад урсдаг нийт нууруудын хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог Бөөн цагаан  нуур нь  Баянхонгор аймагийн Баацагаан сумын нутагт оршдог. Энэхүү  нууранд 96 зүйлийн шувууд цугладаг дэлхийд гайхагдсан ховорхон нууруудын нэг юм. Иймээс та энд ирж алжаалаа тайлангаа усны шувуудын зургийг дараарай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)