Ц.Оюунчимэг ДАШТ-ээс гурав дахь түрүүгээ хүртлээ

Нас бол тоо гэдгийг амжилтаараа баталж яваа тамирчдын нэг нь ОУХМ Цэрэндоржийн Оюунчимэг юм. 56 настай тэрбээр дэлхийн дээд амжилтыг зургаа, Азийнхыг 23 удаа шинэчлэн, өдгөө эзэмшдэг. Нэлээд хожим буюу 49 настайгаасаа хойш хүндийг өргөлтөөр хичээллэж буй Ц.Оюунчимэг өчигдөр Испанийн Барселонад өндөрлөсөн ахмадын ДАШТ-д түрүүлжээ. Ингэснээр тэрбээр дэлхийн дэвжээнд Төрийнхөө дууллыг гурав дахиа эгшиглүүлэв.

Түүнд ДАШТ-ий хоёр мөнгөн медаль бас бий. Дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн наадам болон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, гран пригийн тус бүр гурван түрүүтэй Ц.Оюунчимэг 2011 онд тэтгэвэрт гарсныхаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөснөөр хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн гэдэг. Дараа жил нь анхныхаа олон улсын тэмцээн болох ДАШТ-д оролцохдоо дэд аварга болж амжилтынхаа жимийг гаргажээ.

Тэгэхдээ дэлхийн долоон удаагийн аварга Сара Смитээс ганцхан кг дутуу буюу огцом шахалтаар 53, түлхэлттэй өргөлтөөр 65 кг өргөсөн юм. Улмаар 2013 оны ДАШТ-д түрүүлэхдээ өнөөх тамирчнаас 11 кг-аар илүү өргөн, есөн жилийн турш шинэчлэгдээгүй байсан дэлхийн дээд амжилтыг гурван кг-аар ахиулж, 148 болгожээ. Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь охин тэрбээр одоогоор ДАШТ-ий дээд амжилтыг нийлбэрээр 138, гран пригийнхийг 151, Азийн АШТ-ийг 131 кг-аар тус тус эзэмшиж байна.

СҮМО

Такайнова Макүшитад дэвшжээ

Аки башёгийн банцүкэ гарч, Монголын 22 сүмоч таван зиндаанд зодоглохоор болов. Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийн ахынх нь хүүхэд С.Бямбасүрэн макүшитагийн зүүн жигүүрийн 56-д эрэмбэлэгдэж, Араваши Э.Дөлгөөн жюүрёо руу унан, Такайнова А.Баасандорж макүшита зиндаа руу дэвшив. Хакүхо Х.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар барилдахаар бэлтгэлээ базааж байгаа бол Кисэносато зодоглох, эсэх нь тодорхойгүй байна. Аварга болсноосоо хойш түрүү булаалдах хэмжээнд барилдаж чадаагүй, цөөнгүй башё өнжсөн түүний цолыг хураах асуудал ч сөхөгдөж магадгүй. Гурван аварга (Хакүхо, Какүрюү, Кисэносато), озэки Точиношин нар бэртлийн улмаас тэмцээнийг дундаас нь орхиж, тэдний эзгүйд Нагоё башёгоос анхны түрүүгээ хүртэн, шуугиулсан Митакэүми хэрхэн барилдах нь спортын хорхойтнууд төдийгүй мэргэжилтнүүдийн анхаарлыг гойд татаж байна. Сэкивакэ цолтойдоо эзэн хааны цом өргөсөн 24 дэх сүмоч болсон тэрбээр Японы сүмо бөхийн холбооноос амласан озэки цол руу зүтгэж чадах болов уу. Митакэүми Аки башёд түрүүлэхгүй юм гэхэд 12-оос дээш давахад арслан цол авах боломжтой.

КУРАШ

Гурван бөх Азийн аварга болов

Кураш бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсын Астана хотод энэ сарын 18-26-нд болов. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатарын удирдлагад найман бөх зодоглон, бүгд медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү, -100 кг-д Г.Түвшинжаргал, +100 кг-д үндэсний бөхийн улсын начин Б.Серик нар Азийн аварга болж, 55 кг-д Б.Бөхчулуун, 90 кг-д Б.Тэнгис мөнгө, 60 кг-д Л.Өнөболд, 73 кг-д Б.Пүрэвдаваа, 82 кг-д Э.Түмэннасан нар хүрэл медалиар энгэрээ мялаав.

ТОВЧХОН

  • Азийн наадамд оролцож буй боксын тамирчдаас уржигдар эрэгтэйчүүдийн 52 кг-д Г.Ган-Эрдэнэ Японы Т.Рюүмэйг, 60 кг-д Э.Цэндбаатар Иракийн Ж.Хассаныг, эмэгтэйчүүдийн 51 кг-д О.Жаргалан Непалын Ш.Бималаг ялж, шөвгийн наймд шалгарчээ.
  • Олон улсын таеквондогийн ахмадын ДАШТ-ээс 73 кг-д Г.Гантөмөр мөнгөн медаль хүртэв.
  • Унгар улсад үргэлжилж буй боксын залуучуудын ДАШТ-д Монголоос дасгалжуулагч М.Буянжаргалын удирдлагад долоон тамирчин оролцож байгаагаас эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Мичидмаа хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)