“Цоожтой авдар”-аа хэзээ нээх вэ

Ж.Отгонтуул, Э.Намуунцэцэг

Нийслэлийн иргэд 2015 оноос цахим карт ашиглан нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог болсон. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн ч карттай холбоотой асуудлууд цэгцрээгүй байна. Хамгийн “амь бөхтэй” асуудал нь карт цэнэглэх, борлуулах төвүүдийн хүрэлцээ. Ихэвчлэн автобусны буудалд байрлах ТҮЦ болон сонин борлуулах цэгүүдэд карт цэнэглэдэг ч тэдгээр нь өглөө эрт болон орой бүр хаалттай байдгаас иргэд жолоочид бэлэн мөнгө өгч зорчихоос өөр аргагүй байна. Уг нь CU, “Circle K”, “V Point” зэрэг 24 цагаар ажилладаг түргэн хоолны газар, томоохон сүлжээ дэлгүүрт карт цэнэглэдэг төхөөрөмж бий ч иргэд тэр бүр мэддэггүй. Бас дээрх сүлжээ газруудад байршуулсан нь учир дутагдалтай аж. Олон үйлчлүүлэгчтэй үед карт цэнэглүүлэх гэж удаан хүлээдэг, тэр хооронд автобус аль хэдийн ирээд, явчихдаг талаар иргэд хэлж байлаа. Мөн цэгүүд нээлттэй байсан ч “Карт цэнэглэхгүй” гэж иргэдийг буцаах тохиолдол олон. Энэ талаар Баянгол дүүргийн нутагт байрлах нэг цэгийн борлуулагчаас тодруулахад “Өнгөрсөн жил ТҮЦ-үүдийг албадан буулгаж эхэлсэн. Тэр үед карт цэнэглэдэг болбол буулгахгүй гэсэн юм. Биднээс анх барьцаа мөнгө гэж 200 000 төгрөг авсан. Карт цэнэглэсэн хөлсөнд сард арай гэж 100 000 төгрөг авдаг. Төхөөрөмжөө эхлээд өөрсдийн мөнгөөр урьдчилан цэнэглэдэг нь хүндрэлтэй. Тиймээс надтай адил бага цалин авдаг хүмүүс цэгийг тогтмол ажиллуулдаггүй байх” хэмээсэн юм.

Ийм бэрхшээлүүдтэй зэрэгцээд 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэдэх карт цэнэглэх, борлуулах зориулалтын цэгийг тойруулаад хашаа татжээ. Өнгөрсөн хавар ийн хашсан гэдгийг иргэд хэлсэн бөгөөд үүнээс гадна явган хүний гарцыг ч хаасан хэмээн бухимдсан. Хажуу талд нь барилга барьж, бас нэг хашаа босгожээ. Тус барилгыг хариуцаж буй инженер “Дүүргийн захиргаанаас шаардлага тавих гээд олон удаа ирсэн боловч дотор нь хүн байдаггүй, утасны дугаарыг нь хайгаад олоогүй. Иргэд биднийг барилгын ажлаа хийхийн тулд карт цэнэглэх цэг болон явган хүний гарцыг хааж хашаа барьсан гэж ойлгодог. Гэтэл манайхан хүртэл энэ хашааны эздийг олж чадаагүй” гэв.

“Улаанбаатар смарт карт” компанийнхан хашаа татсан байгууллагад газар чөлөөлөх шаардлага хүргүүлсэн ч одоог хүртэл сураггүй гэсэн. Тус компанийн менежер Г.Энхсайхан “Манай байгууллага карт борлуулах, цэнэглэх газруудтай гэрээтэй ажилладаг. Нийслэлийн хэмжээнд 540 орчим гэрээт цэг бий. Үүнээс гадна зөвхөн автобусны карт цэнэглэх, борлуулах зориулалттай 31 ТҮЦ байрлуулсан. Заримыг нь одоохондоо ажиллуулаагүй. Зөвшөөрөл аваагүй, цахилгаан татаагүй байгаа. Цэгүүдийн тоо Улаанбаатар хотод хангалттай” гэлээ. Түүний хэлснээр цэгийн тоо олон мэт боловч тогтмол ажиллаж буй нь тун цөөхөн гэдгийг иргэд хэлсээр байгаа. Баянзүрх дүүргийн I хорооны иргэн Э.Цогт “Сансарын үйлчилгээний төвд ганцхан цэгт карт цэнэглэдэг. Гэсэн ч өглөө эрт онгойдоггүй болохоор ажил руугаа автобусаар явж чаддаггүй. Нэг удаа бэлэн мөнгөөр зорчих гэтэл автобусны жолооч хөөж буулгаснаас болоод ажлаасаа хоцорсон тохиолдол бий” хэмээн учирлав.

Улаанбаатар хотын иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо карт ашигладаг болсноор зорчигчдын мэдээлэл төвлөрч, санхүүгийн урсгал ил тод болж, олон улсын жишгийг дагасан гэх мэт давуу тал олон болсон. Гэвч уг үйлчилгээгээ хөгжүүлж, сайжруулахгүй байгаагаас карт борлуулах, цэнэглэх цэгүүд эзэнгүй айл шиг хаягдаж, нар салхинд гандах үзмэр болон хувирчээ. Жишээлбэл, МУИС-ийн шинэ номын сан болон Чингэлтэй дүүргийн автобусны зогсоолд байрлуулсан зориулалтын ТҮЦ өчигдөр ажиллахгүй байсан нь үүний тод жишээ гэлтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)