Цолондоо эзэн болсон ЖУДАГТАЙ ЗААНУУД

Зүүн гар талаас М.Өсөхбаяр, Д.Баасандорж


Үндэсний бөхийн спортод ах, дүүсээрээ зүтгэж, улсын том цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан хүчтэн цөөнгүй. Тэдний тэргүүн эгнээнд бичигдэн, гаргасан амжилт, жудагтай зангаараа үлгэрлэж яваа бөхчүүд бол анхдагчдын өлгий Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан Дашзэвэгийн Баасандорж, улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр нар юм. Хэдийгээр Д.Баасандорж нагац ах нь ч бөхийн хорхойтнууд тэднийг төрсөн ах дүүсээс дутахгүй хүндэлж, зарим нь андуурч явдаг. “Хилчин” спорт хороо, “Өрмөн-Уул” компанийн бөх Д.Баасандорж 2011, “Хилчин” спорт хороо, “Жигүүр гранд” группт харьяалагддаг М.Өсөхбаяр 2009 онд улсын заан болж, нутгийн олноо баярлуулсан. Бүрэгхангайн нуруунд хурга, ишиг хариулан, хурдан морь унаж өсөн, үндэсний бөхийн спортод мөрөө тодоос тод гаргаж яваа тэднийг наадмын бэлтгэлээ “Хайрын билэг” амралтанд базааж байхад нь уулзаж, ярилцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя.


-Хоёулаа үндэсний бөхөөр хичээллэн, улсын заан цол авсан нь яах аргагүй ховор тохиолдол. Биенээ түшиж, зүлэг ногоон дэвжээнд зодоглох болсон дурсамжаас тань ярилцлагаа эхэлье.

Д.Баасандорж (Д.Б): -Бид багадаа хөдөөний бусад хүүхдийн адил үрээ, даага сургаж, ишиг, хурга хариулж өссөн. Сав л хийвэл дээл гутлаа ханзартал барилдана. Өсөхөө надаас таван насаар дүү. Ой сайтай. Сургуульд ороогүй байхдаа л Цагаан сар, наадмын барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхийн нэрийг цээжилчихсэн, алдалгүй хэлдэг байв.

Андуурна гэж ер үгүй. Манайх Бүрэгхангай нуруунд зусна. Үргэлжилсэн олон салаа амтай сайхан нутаг. Хөдөөний ажил мундах биш. Өнөөдөр хийснийгээ маргааш нь ёс мэт давтана. Тэр бүхнийг нугалдаг гол хүч нь хүүхэд. Бид аав, ээжийнхээ гарын үзүүрт дэм болж, чөдрийн морь ойртуулах, хонь хариулахаас авхуулаад хөдөөний хамаг хар бор ажлыг хийж өссөн. Манайх Мөнхсайхан ахынхтай үргэлж айл, саахалт явж, бие биендээ дэм болон, ажлаас нь элбэлцдэг байв.

М.Өсөхбаяр (М.Ө): -Хөдөө сайхан шүү дээ. Эрүүл агаарт, малын дэргэд, монгол ахуйтайгаа ойр өсөхөөс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Хөдөөний ажилд нухлагдаж өссөн нь эрүүл чийрэг болоход нөлөөлсөн болов уу. Багийн өсгөлүүн байсан болохоор би гуравхан жил хурдан морь унасан. Та ер нь унасан бил үү?

Д.Б: -(Инээв). Би цөөхөн унасаан. Том биетэй гээд надаар хурдан морь бараг унуулаагүй байлаа. Хүүхэд олдохгүй, бүр аргагүйдсэн үед л намайг тооно (инээв). Бас болоогүй ээ, аль муугаа унуулна. Сайныгаа болохоор туршлагатай, хөнгөн биетэй хүүхдээр унуулдаг байв. Өсөхөө сэтгэл хөдлөл ихтэй. Барианд орохоороо ташуураа эргүүлэн давхидаг байсан сан. Ёстой хөөрхөн, эгдүүтэй харагддаг байж билээ. Аймгийн наадамд түрүүлсэн манайхны нэг морийг Өсөхөө унасан бил үү?

-Өөнөө (Өсөхбаярын дүү) унасан. Би хурдан морь унаад гавьтай амжилт гаргаагүй ээ. Өлзийт сумын наадамд нэг морь аман хүзүүдүүлж, Цагаан сарын уралдаанд айрагдуулсан.

Д.Б: -Манай аав биерхүү, ээж их чадалтай хүн байсан. Манайх үхэр тэргээр нүүдэг байлаа. Аав татлага татсаны дараа ээж “Сул байна” гээд хуруу орох зайгүй, чивчиртэл нь чангалдаг байсан. Тэгж бодохоор ээжийн хоёр шуунд овоо тэнхээ байсан болов уу. Морь, бөх эмэгтэй талын удмаа дагадаг гэдэг. Би улсын заан, охиных нь хүүхэд улсын заан болсон нь ээжийн минь буян хишиг, удмын заяа түшсэнийх гэдэгт итгэдэг.

М.Ө: -Манай өвөө (аавынх нь аав) аймгийн начин цолтой, хоёр метр шахам өндөр Цэрэндолгор гэдэг хүн байсан. Бөхөөр тууштай барилдаагүй, малчин хүн л дээ. Морь унаад явахаар өвөөгийн өвдөг хүлгийн хүзүүнээс дээшээ гардаг байсан гэнэ лээ. Морь нь хөлрөхөөр нордог байсан тул хөлөндөө цув ороож явдаг байсан. Тийм л урт мөчтэй хүн байсан юм билээ.

-Та хоёр 2000 оноос үндэсний бөхийн бэлтгэл тууштай хийж эхэлсэн. Д.Баасандорж заан Улаанбаатар хотод түрүүлж ирсэн бил үү?

-Тэгсэн. Үнэнийг хэлэхэд надад анхандаа үндэсний бөхөөр барилдах сонирхол тийм ч их байгаагүй. Ажил хийхээр хотод ирсэн юм. Харин Өсөхөөг сайн бөх болгох хүсэлтэй байлаа. Мэдрэмжтэй, барилдаанч, хариу мэх сайтай болохоор улсын цол лав хүртэнэ гэдэгт итгэдэг байв. Бөхөөр барилдуулахын тулд Улаанбаатар хотод авчирсан юм.

М.Ө: -Би хотод ирснийхээ дараа Адъяатөмөр багшийн удирдлагад “Хоршоолол” нийгэмлэгт бэлтгэл хийдэг байлаа. Тус нийгэмлэгт том цолтой олон бөх бэлтгэлээ базаана. Орой гэртээ харихаар ах “За, өнөөдөр бэлтгэлээ хэнтэй хийв” гээд надаас асуудаг байлаа. 2000 оны улс тунхагласны баярт зориулсан барилдаан санаанаас ер гардаггүй юм. Огт бэлтгэл хийдэггүй байсан ах минь хоёрын даваанд Д.Баяраа гарьдыг өвдөг шороодуулан, О.Балжинням аваргад унасан. Тэгэхэд би хүүхдийн барилдаанд зодоглон, IV байрт шалгарч байлаа. Медалийн үзүүрээс атгаад алдлаа гэх харуусал хэсэгхэн хугацааны дараа “Ах минь хоёр давсан. Улсын гарьдыг унагаалаа, бүр аварга цолтонтой барилдлаа” гэх бахдлаар солигдсон шүү.

Д.Б: -Бөхийн өргөөнд “Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат бөх” гэж дуудуулах хэчнээн гоё байсан гэж санана. Давснаас илүү сайхан санагдсан. Өөртөө эргэлзэн, Өсөхөөгөө л барилдуулах сонирхолтой байсан миний бодол тэгэхэд өөрчлөгдсөн. Бэлтгэл хийгээд, уйгагүй хөдөлмөрлөвөл улсын цол хүртэнэ гэх итгэл төрсөн, их урамшсан. Тэр жилээ ажлаа зохицуулан, дүүтэйгээ хамт бэлтгэл хийж эхэлсэн юм. Тэгж л бид хоёр үндэсний бөхийн спортод хөл тавьж байлаа. Дараа жил нь

...2004 онд ах бид хоёр 2-3 барилдаанд дараалан түрүү булаалдсан юм. Тэгэх нь ээ нэг сонинд “Ахиад л ах дүү хоёр” гэсэн гарчигтай сурвалжилга нийтлэгдсэн юм бил ээ. Тухайн үед хүмүүс мэдээллийг сониноос л авдаг байлаа. Тэр үеэс биднийг төрсөн ах, дүү гэж бүр их андуурах болсон...

аймгийнхаа наадамд зодоглон, начин болсон. Өсөхөө миний нагац дүү. Зарим хүн биднийг төрсөн ах, дүү гэж андуурдаг юм билээ. Багаасаа хамт өсөн, төдийгөөс өдий хүртэл үндэсний бөхийн дэвжээнд төдийгүй амьдрал дээр бие биенээ түшиж, тулж яваа нь тэгж андуурахад хүргэсэн байх.

М.Ө: -2004 онд ах бид хоёр 2-3 барилдаанд дараалан түрүү булаалдсан юм. Тэгэх нь ээ нэг сонинд “Ахиад л ах дүү хоёр” гэсэн гарчигтай сурвалжилга нийтлэгдсэн юм бил ээ. Тухайн үед хүмүүс мэдээллийг сониноос л авдаг байлаа. Тэр үеэс биднийг төрсөн ах, дүү гэж бүр их андуурах болсон.

Д.Б: -Бид хоёрыг хооронд нь андуурах хүн зөндөө. “За байз, юу билээ. Оноож таньдаггүй ээ” гээд гайхахаар том харснаа “Өө, андуурчихаж. Чи чинь нээрэн ах нь шүү дээ” гэдэг. Хэдэн жилийн өмнө улсын заан Ч.Батзориг ах “Энэ их ховор тохиолдол шүү, ахын дүү. Монгол бөхийн түүхэнд хуруу дарам. Ёстой гоё” гэсэн (Хоолойгоо шахан, яг Батзориг заан шиг ярив). Батзориг заан Б.Пүрэвсайханы авга ах шүү дээ. Яг бид хоёр шиг хоёулаа улсын заан цолтой. Ганцхан жилийн завсартай улсын заан цол хүртэн, нэгэн үед дүүтэйгээ хамт барилдаж яваагаараа бахархдаг. Нэг нь тааруу барилдсан жил нөгөөх нь цол хүртэн, биенийхээ амжилтыг нөхөх сайхан. Ер нь жил бүр цол авч байгаа мэт сэтгэгдэл төрдөг.

-Зарим тамирчин амжилт гаргахаа зөгнөдөг, зүүдэлдэг гэдэг. Та хоёрт тийм зүйл тохиолдож байв уу?

М.Ө: -Харин ээ, юу билээ. Та тэгж зөгнөж байсан уу?

Д.Б: -Улсын начин болдог жил (2005 он) цол хүртэнэ гэх мэдрэмж төрөөд ер зүгээр суулгаагүй. Тавын даваанд улсын начин Б.Одхүүг өвдөг шороодуулахдаа “Зүүд биш байгаа даа” гэж бодсон. Тавхан жилийн өмнө нь Бөхийн өргөөнд улсын цолтой бөхийг унагаалаа, нутгийнхаа нэрийг дуурсгалаа гэж баярласан надад тэгж санагдалгүй яах вэ. Улсын начин хүрч барамгүй оргил, том цол санагддаг байж билээ. Надаас өмнө манай нутгаас улсын цолтон төрөлгүй 41 жил (хамгийн сүүлд “Дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэн) болоод байсан юм.

М.Ө: -2005 онд би улсын наадамд анх удаа зодоглосон. Дөрвийн даваанд уначихаад ахынхаа дээлийнх нь захыг мушгиад л суусан даа. “Доржоо ах улсын начин боллоо” гээд магнайгаа хагартал баярлаж явснаа өчигдөр болсон мэт тод санаж байна. Наадмын дараа Булганд очсон чинь манай нутгийнхан “Миний дүү гурвын даваанд тунаж барилдаад давлаа. Улсын цолд ойрхон байна” гэхэд өөртөө итгээгүй. Уйгагүй хичээн, хөдөлмөрлөж л чадвал улсын цол хүртэж болдгийг ах надад үлгэрлэсэн. Дараа жилийнх нь улсын наадмын тавын даваанд улсын харцага Т.Амартүвшинг унагаан, улсын начин цол хүртэж билээ. Тэгж ах бид хоёр жил дараалан улсын цолтны гэр бүлд багтсан юм.

-Та хоёр улсын наадмын зургаагийн даваанд хоёр удаа учраа таарсан нь бас л ховор тохиолдол. Төрийн наадмын өндөр даваанд барилдахад юу бодогдох юм бэ?

М.Ө: -2010 оны улсын наадмын зургаагийн даваанд ах бид хоёр тунасан юм. Тухайн үед би улсын заан, ах харцага цолтой байлаа. Доржоо ах “Энэ жил бэлтгэл муутай байна. Ахын дүү дээшээ барилд” гэсэн. Даанч наймын даваанд би улсын арслан Б.Ганбатад унасан.

Д.Б: -Булган аймгаас улсын наадмын түрүү авалгүй 57 жил болж байна. Цэрэн аваргаас хойш гэсэн үг л дээ. Улсын заан болох сон гэж хүссэн ч нутгаас минь бөх түрүүлэх чухал байлаа. Нутгийн олныхоо хүслийг биелүүлж, баярлуулах сан гээд, нөгөө талаар надаас илүү амжилт гаргах магадлалтай гээд дүүгээ дээш нь барилдуулсан юм. Тэр бол найраа биш. Дараа жил нь дүүгээрээ зургаа, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр долоо даван, улсын заан цол хүртсэн.

М.Ө: -Тухайн үед ахад улсын харцага цол багадаж байсан л даа. Өмнөх жил итгэлийг нь даан, цолоо ахиулж чадаагүй болохоор ахыгаа дээш нь барилдуулсан.

Д.Б: -Өсөхөө намайг амалъя гэхээр нь би дургүйцсэн. Өөр бөх амлачих л гэсэн.

-Тэгэхэд дүүгийнхээ цолонд хүрлээ гэх баяр, ахиулж чадсангүй гэх харууслын аль нь илүү төрж байв?

-Цолоо ахиулж чадаагүйдээ их харамссан. Наадмын өмнө дүүтэйгээ “Манайд заан цолтон бий. Ахиулчих юм сан” гэж ярилцсан. Наймын даваанд улсын гарьд М.Баяржавхланд харамсалтайгаар өвдөг шороодсон. Уг нь түүний тохой газарт түрүүлж хүрсэн шүү дээ. Барилдааны бичлэгээс тодорхой харагддаг. Хайнцлаа гэж дахин барилдуулахад нь би унасан. Тэр барилдаанд харамсаж явдаг. Тамирчныг амжилтаар нь тэгж хохироож болохгүй. Юуны түрүүнд бөхийн барилдааныг бичлэг харж засдаг болоосой гэж хүсдэг. Хараа гүйцэмгүй шуурхай барилдааныг нүдэн баримжаагаар засаж байгаа нь техник, технологи хөгжсөн өнөө үед дэндүү болхи. Өсөхөө 2009, би 2011 онд улсын заан болсон. Ганцхан жилийн завсартай том цол хүртлээ гээд манай нутгийнхан их баярласан.

М.Ө: -Доржоо ахыг наймын даваанд М.Баяржавхлан гарьдтай барилдахад би үнэхээр сандарсан. Хэдийгээр би өвдөг шороодсон ч миний барилдаан дуусаагүй учраас тэр. Үүний сацуу ахыгаа цол аваасай, улам ахиулаасай гэж хүсэхээр яалт ч үгүй сандардаг юм билээ. Тэгээд л дээлийнх нь захыг цээжнээсээ дор оруулахгүйгээр мушгин, элгэндээ тэвэрсэн. Дээлийг нь хазайлгачихгүй юм сан гэж их хичээлээ. Ах, Баяржавхлан хоёрын барилдаан нэлээд маргаантай болсон, цэцүүд удаан зөвлөлдсөн. Ямар сайндаа хамгаалалтад гарсан цагдаа “Ах чинь давсан. Очоод хэл” гэх вэ дээ. Цагдаа бол ард түмний төлөөлөл. Монгол түмэн бөхчүүдээ тэгж их хайрладаг, хүндэлдэг. Улсын цол хүртэхэд төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ижий, ааваараа л их бахархдаг юм билээ.

-Хоёулаа жудагтай, шуурхай, уран барилдан, цолондоо эзэн болж яваагаар тань хүмүүс бахархдаг юм билээ. Д.Баасандорж заан дүүдээ үлгэрлэх сэн, М.Өсөхбаяр заан бөх болохыг багаас нь дэмжсэн ахынхаа итгэлийг алдалгүй, нэр хүндийг нь сэвтүүлэхгүй юм сан гэж хичээдэг болов уу. Биенээсээ юуг нь үлгэрлэж явдаг вэ?

Д.Б: -Би жудаггүй, зэрэг уначихаад түрүүлж дэвдэг, муухай араншинтай байж дүүдээ “Монголын бөхийн өв уламжлалыг хүндлэн, жудагтай барилдах хэрэгтэй” гэж зөвлөвөл ямар байх вэ. Ер нь би Өсөхөөд үгээр бус үйлдлээрээ үлгэрлэхийг чухалчилдаг. “Тэг, ингэ” гэж төдийлөн хэлдэггүй.

М.Ө: -Нэр бүтэн, мөр бүтэн амьдарч, ах шигээ бөх байх юм сан гэж хичээдэг. Биеэ авч яваа байдал, хүнтэй харилцах, бэлтгэл хийж буйгаас нь авахуулаад үлгэрлэх юм зөндөө. Багаасаа хамт өссөн болохоор бие биенээ харцаараа, үйл хөдлөлөөрөө ойлгодог.

Д.Б: -Нээрэн тэгдэг болчихож. Хөдөө, гадааявж байгаад бэлтгэл хийж эхлэхдээ хүртэл Өсөхөөд хэлдэггүй. Намайг бэлтгэлдээ гарахаар дүү минь аяндаа хамтардаг юм.

-Энэ жил Булган аймаг 80 жилийн ойтой. Наадмаар цолоо ахиулан, түрүүлж нутгийнхныгаа баярлуулах сан гэж зорьж байгаа болов уу. Ер нь бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?

Д.Б: -Тэгэлгүй яах вэ. Булган нутгаас мэндэлсэн улсын гурван заан байна. Улсын цол хүртэх, ахиулах бөхийн таамагт багтсан цөөнгүй хүчтэн бий. Манай “Булган хан” дэвжээний бөхчүүд өнгөрсөн жилээс бэлтгэлээ “Хайрын билэг” амралтад базааж байна. Өнөө жил миний удирдлагад 30 гаруй хүчтэн бэлтгэлээ чамбайруулж байгаа. Бид дэвжээгээ өнгөрсөн жил байгуулсан. “Булган хан”-ы тэргүүн нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ. Манай дэвжээнээс 2017 онд Д.Тамир начин цол хүртэн, нутгийнхныгаа баяруулсан. Өнөө жил цолоо ахиулж, олон цолтон төрүүлэн, булганчуудаа баярлуулахын төлөө хичээнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)