Ц.Одбаатар: Сяньбийн түүхийг үнэн бодитоор бичих боломж бүрдлээ

Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших Айргийн гозгорт малтлага, судалгаа хийж байна Эртний Монгол, тэр дундаа Сяньби улсын түүхийг шинээр бичихүйц хэмжээнд аваачсан олдворыг Монголын үндэсний музейн археологичид Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших Айргийн гозгор гэдэг газраас олж, судалж байна. Тэндээс 112 булш илрүүлснээс 16-г нь л малтаж амжжээ. Тэдгээр дурсгал Сяньби гүрний түүхийг хэрхэн баяжуулах талаар тус музейн Эрдэм шинжилгээний төвийн Археологи, антропологийн хэлтсийн эрхлэгч, доктор Ц.Одбаатартай ярилцлаа. Тэрбээр 2014 оноос хойш Айргийн гозгорт малтлага, судалгаа хийж байгаа юм.

-Айргийн гозгорт хийсэн археологийн судалгаа Монголын түүхэнд ямар шинэ хуудас нээснийг тодруулъя.

-Манай орны нутаг дэвсгэрээс сяньбичуудын ул мөр анх олдсон нь энэ. Эртний Хятадын сурвалж бичгүүдэд Сяньби гүрний тухай нэлээд мэдээ бий. Тэдгээрт сяньбичуудыг Их Хянганы нуруунаас үүсэлтэй гэдэг. Тодорхой хугацаанд ууланд нутаглаад, дараа нь талд бууж, мал аж ахуй хөгжүүлжээ. Их Хянганы нуруунаас Хөлөнбуйр, Хөх хот, түүнээс урагш явах чиглэлээр Өвөрмонголын нутгаар 300 шахам жил нүүдэллэсэн замыг нь БНХАУ-ын эрдэмтэд археологийн судалгаанд тулгуурлан гаргасан.

Нүүдлийн эл зам ноттой гэж судлаачид саяхныг хүртэл үзэж байлаа. Гэтэл Айргийн гозгороос олсон дурсгал одоогийн Монгол орны нутагт сяньбичууд амьдарч байсныг нотоллоо. Тэд хаанаас ирээд, хаашаа нүүв гэсэн асуулт гарна. Үүнд ямар дүгнэлт, тайлбар хийх бол гэж олон орны судлаачид биднийг анхааралтай ажиглаж байгаа.

-Сяньбичуудтай холбоотой олдвор болохыг хэрхэн тогтоосон юм бэ?

-Нэлээд хэдэн үндэслэл бий. Булшны зохион байгуулалт нь Өвөрмонголын нутагт малтан, судалсан сяньбичуудынхтай адил. Гарсан олдворууд нь ч төстэй. Мөн палеоантропологийн төрх тогтоох судалгаагаар зарим хүний нүүрний хэв шинж нь сяньбичуудынхтай төстэй. Он цаг тогтоох лабораторийн шинжилгээгээр сяньбичуудын амьдарч байсан цаг үе буюу нийтийн тооллын I-III зуунд хамаарна гэсэн дүгнэлт гарсан.

Ийм үндэслэлүүдэд тулгуурлан сяньбичуудын дурсгал гэдгийг зарлалаа. Бид ганц газарт дээж өгч, дүгнэлт гаргуулаагүй. Японы Нара их сургуулийн лабораторид шинжлүүлсэн. Саяхан бүлэг дээжийг БНХАУ руу илгээлээ. Хариу нь энэ намар гарна. Нэг хэсэг дээжийг ХБНГУ руу явуулсан, тун удахгүй дүгнэлт ирнэ. Эдгээр шинжилгээний үр дүнд илүү тодорхой мэдээлэлтэй болно.

Хамгийн чухал нь гадаад, дотоодын судлаачид сяньбичуудтай холбогдох дурсгал мөн болохыг хүлээн зөвшөөрсөн явдал. Тэр дундаа сяньби судлаач, БНХАУ-ын нэртэй археологич ВэйЖиан энэ дурсгалыг сяньбичуудынх гэж баталсан. Тэр профессор нүүдэлчдийн түүх, соёл, тэр дундаа сяньбичуудыг дагнан судалж, томоохон бүтээлүүд гаргасан. Өнгөрсөн жил манайд ирж, бидний малтлагатай танилцаад, сяньбичуудын дурсгал мөн болохыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах санал тавьсан.

-Түүхийн ном сурах бичиг дэх Сяньбийн талаарх бүлэг сэдвийг өөрчлөх шаардлага тулгарах нь ээ?

-Эртний Сяньбийн түүх бараг 100 хувь Хятадын сурвалж бичгүүдэд тулгуурладаг. Сурвалжуудад улс төрийн шалтгаан, хувь хүний үзэл бодол тусах магадлалтай. Зарим түүхийг ам дамжуулан хадгалж явсаар нэлээд хожуу бичсэн нь ч бий. Ийм учраас хятад сурвалжийн мэдээ 100 хувь баталгаатай биш гэсэн үг. Тухайлбал, сяньбичууд өнөөгийн Монголын төв хэсэгт нутаглаад, том улс, орд харш байгуулсан гэх мэдээ огт байхгүй. Гэтэл манай улсын нутаг дэвсгэрээс сяньбичуудын дурсгал олдлоо.

Сурвалж бичгийн мэдээг үгүйсгэсэн гэсэн үг. Археологийн олдвор маш бодитой баримт, сурвалж болдог учраас бидний судалгааны үр дүнд үндэслэн түүхийн зарим хэсгийг өөрчлөх ёстой. Энэ дурсгалыг олж, судалснаараа Монголын түүхэнд шинэ орон зай нээгдэж байгаа юм. Түүхээ баяжуулж, бодит эх сурвалжид түшиглэн бичих шаардлага тулгарлаа гэсэн үг. Хятадын сурвалж бичигт сяньбичуудын соёл, аж ахуй, амьдралын хэв шинж, зан заншилтай холбоотой олон мэдээ бий. Тэдгээр нь бодитой, эсэхийг манай материалууд нотолно. Бидний судалгаанд тулгуурлан Сяньбийн түүхийг үнэн бодитоор бичих боломж бүрдэнэ.

-Айргийн гозгорын сяньбичууд Их Хянганы нуруунд очсон уу, эсвэл тэндээс ирсэн юм уу. Таамаг бий юү?

-Одоохондоо хариулах боломжгүй. Судалж байна. Хятадын зарим судлаач, эрдэмтэн “Айргийн гозгорт байсан сяньбичууд Өвөрмонгол руу нүүжээ” гэсэн таамаг дэвшүүлсэн. Их Хянганы нурууны Гашуун агуйгаас баруун тийш Айргийн гозгор руу нүүгээд, тэндээсээ урагш Өвөрмонголын Улаанцав аймгийн Чилан ууланд очсон байх магадлалтай гэх таамаг бий. Чилан уулан дахь сяньбийн дурсгал Өвөрмонгол дахь олдворуудаас арай өөр.

Харин Айргийн гозгороос илрүүлсэн дурсгалуудтай холбогдоно гэж таамаглаж буй. Өөрөөр хэлбэл, Айргийн гозгорт нутаглаж байгаад урагш нүүж, Чилан ууланд очсон байх магадлалтай. Эл таамгийг баталгаажуулахын тулд хайгуул хийх ёстой. Бүх хүн нэг жилийн дотор нүүхгүй. Нэг газарт суурьшаад, нүүх явцдаа олон жил зарцуулна. Замдаа дурсгал үлдээсэн, эсэхийг нягтлах хэрэгтэй. Нүүдлийн замыг нь олно гэсэн үг. Одоогоор бид Айргийн гозгорын бүлэг булшийг тойруулан хайгуул хийгээд 112 булш -нь л малтсан.

-112 булш гэхээр тэнд хот, суурин байх магадлалтай гэсэн үг үү?

-Бидний судалгаагаар сяньбичууд Айргийн гозгорт лав 200 орчим жил амьдарчээ. Яагаад гэвэл 112 гаруй булш байна. Тэдгээрийн 30-40 хувь нь язгууртан буюу чинээлэг хүмүүсийнх. Бид тэдний суурьшлыг илрүүлэхийг зорьж буй. Одоогоор том хэмжээнийхийг олж чадаагүй, багахан суурин илрүүлсэн. Айргийн гозгорын эзэдтэй холбоотой, эсэхийг хараахан тодруулаагүй. Мөн ойр орчимд нь хайгуул хийх явцад Хүннүгийн үед хамаарах жирийн иргэдийн оршуулгын газар тавыг илрүүлсэн. Тэдгээр дурсгал Айргийн гозгорын эзэдтэй холбоотой, эсэхийг харьцуулан судлах шаардлагатай.

-Айргийн гозгорын дурсгалыг анх хэн хэрхэн илрүүлсэн юм бэ?

-Орхон аймгийн музейн сан хөмрөгч Ганчимэг, эрдэм шинжилгээний ажилтан Эрдэнэбаатар нар соёлын өвийн үл хөдлөх дурсгалууд бүртгэж, тоолох явцдаа 2008 онд илрүүлсэн. 2010 оны үед Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, мэргэжилтэн Б.Даваацэрэн нар газар дээр нь очиж үзээд 70 булш илрүүлсэн. Улмаар Б.Даваацэрэн, З.Батсайхан нар “Үнэхээр соёлын дурсгал байна. Хүннүгийн үед холбогдох магадлалтай” гэсэн таамаг дэвшүүлсэн.

2014 онд бид анх малтлага хийгээд хөмөгт булш илрүүлсэн. Газарт агуй шиг хөндий орон зай үүсгээд дотор нь шарил хадгалсан, үүдийг нь том чулуугаар хааж тавьсан байсан. Археологийн шинжлэх ухаанд үүнийг хөмөгт булш гэдэг. Хүннүгийн үеийн хөмөгт булш тэр бүр тохиолддоггүй учраас бид нарийвчлан судлах шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хүннү биш юм бол хэн энэ дурсгалуудыг бий болгосон, аль цаг үеийнх гэдгийг тогтоох болсон. Таван жилийн судалгааны үр дүнд сяньбичууд бий болгосныг баталлаа. Цаашид тэдгээр олдворт түшиглэн сяньбичууд хүннү нараас юу өвлөсөн, хойч үедээ юу үлдээсэн, ямар соёл, заншилтай байсан зэргийг тодруулна.

-Малтлага, судалгааг Монголын үндэсний музейнхэн л хийсэн үү?

-Өмнөх дөрвөн жилд Орхон аймгийн ЗДТГ, Монголын үндэсний музейгээс биднийг дэмжиж, судалгааны ажлыг санхүүжүүлсэн. Археологийн судалгаа олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө шаарддаг. Жишээ нь, булшнаас гаргасан зүйлсийг сэргээн засварлах, он цаг тогтоох судалгаа өндөр өртөгтэй. Дотоодын санхүүжилтээр бид зөвхөн малтлага л явуулах боломжтой.

Судалгаагаа өргөжүүлэх үүднээс энэ жилээс Бээжингийн ардын их сургуулийнхантай хамтран ажиллаж байна. Айргийн гозгорын малтлага, судалгааны явцад бидэнд үндэсний археологичид болон гадаадын эрдэмтэн судлаачдаас хамтран ажиллах санал цөөнгүй ирсэн. Удаан бодсоны эцэст Бээжингийн ардын их сургуулийнхантай хамтран ажиллах шийдэлд хүрсэн юм. Яагаад гэвэл, тэнд Өвөрмонголоос олдсон сяньбичуудын дурсгалыг малтаж, судалсан хүмүүс байна. Бидэнд Монгол дахь сяньбичуудын дурсгал байна. Харьцуулан судлах боломжтой гэсэн үг. Бид Өвөрмонголд очиж, Сяньбигийн үеийн дурсгалуудтай танилцах, малтлага, судалгаанд оролцох төлөвлөгөөтэй.

-Олдворуудаа хадгалж, хамгаалахад хэрхэн анхаарч байна вэ?

-Орхон аймгийн болон Монголын үндэсний музейн сан хөмрөгийг баяжуулж байна. Биднийг малтлага эхлэхээс өмнө Орхон аймгийн музей археологийн ганц ч олдворгүй байснаа одоо олон үзмэртэй болсон. Цаашид Айргийн гозгорын дурсгал нэрд гарвал аймгийн музейг сонирхох жуулчдын тоо олшрох боломжтой. Үүнээс гадна бид малтлага хийж буй газартаа ил музей байгуулах төлөвлөгөөтэй. Ингэснээр аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болно.

Улсын хэмжээнд археологийн судалгааны 60 гаруй анги ажилладаг. Хэдхэн нь сэргээн засварлагчтай. Ихэвчлэн олдвороо дараа нь сэргээн засдаг. Манай сэргээн засварлах баг Японы мэргэжилтнүүдийн тусламжтайгаар олдворыг газар дээр нь бэхжүүлж, цэвэрлэн, боож баглах ажлыг мэргэжлийн түвшинд хийдэг нь давуу тал. Газар доор чийгтэй, сэрүүн нөхцөлд байсан зүйлсийг болгоомжгүй гаргавал нэг цагийн дотор үгүй болох эрсдэлтэй.

Харин зориулалтын дагуу боож баглавал хэдэн жил ч хадгалж болно. Монголын нөхцөлд тохирсон, хямд, гарын доорх материал ашиглан олдворыг засаж бэхжүүлэх арга технологийг түгээн дэлгэрүүлэхээр бид хоёр дахь жилдээ сургалт зохион байгуулж байна. Монголын соёлын өвийн үндэсний төв, Японы Нара их сургууль, Осакагийн соёлын хүрээлэн зэрэг байгууллагаас мэргэжилтнүүд ирдэг. Сургалт өргөжиж, ОХУ-ын Улаан-Үдийн Монгол, төвөд, будда судлалын хүрээлэнгээс судлаачид ирж хамрагдлаа. Энэ нь Монголын түүх, соёлын дурсгалыг хадгалах, хамгаалахад томоохон дэвшил авчирна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)