Ц.Нямдорж сайдын даалгавраар сэтгүүлчдийг тагнасан гэв үү

Өөрийнх нь талаар сурвалжилга бэлтгэсэн нэгэн телевизийн сэтгүүлчдийг болон тэдний ар гэрийнхнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тагнуулж, чагнуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болов. Уг мэдээлэлд сайд болмогцоо ЦЕГ болон ЭЦА-ны удирдлагад үүрэг өгч нэр бүхий есөн сэтгүүлч, тэдний ар гэрийн 30 хүний мэдээллийг хууль бусаар олж аван тагнасан, түүгээр ч зогсохгүй нэгнийх нь авто машин руу буудаж айлган сүрдүүлсэн тухай бичжээ.

Энэ талаар баттай эх сурвалжуудаас лавлахад “Гүйцэтгэх ажлын тухай мэдээ, тайлангаа ЭЦА-наас тагнуулын байгууллагад өгдөг. Тийм тайлан дунд нь сэтгүүлчдийн тухай мэдээлэл байсныг тагнуулынхан шалгасан юм билээ. Түүгээр зогсохгүй ЭЦА-ны байранд очиж холбогдох хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авсан. Гэтэл тухайн өдөр жижүүрт гарч байсан дэслэгч залууг “Гаднын хүмүүс байранд нэвтрүүллээ” гэсэн шалтгаанаар холбогдох хүмүүсийн тушаалаар ажлаас нь чөлөөлсөн” гэв. Өөр нэг эх сурвалжаас лавлахад “Тийм зүйл сонсох нь сонссон. Гэхдээ сайн мэдэхгүй” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах шаардлагыг АН-аас Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа бөгөөд “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой Г.Алтангийн нэр дээрх байранд 10-аад жил үнэ төлбөргүй сууж буй, УИХ-ын чуулганы танхимд өмгөөлөгч Мөнхтөрийг тагнуулын ажилтан байсан гэж гүтгэсэн, Д.Гантулгыг эрэн сурвалжилж байхад Ц.Нямдорж сайд албан өрөөндөө уулзаж байсан гэх мэт асуудалд холбогдсон тул хариуцлага тооцуулахаар шаардаж буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)