Ц.Нямдорж МАН-ын их ялагдлыг зөгнөв

Үнэндээ анхааруулсан хэрэг. Энэ анхааруулгаа тэр намынхаа нөхдүүдэд хаягласан юм. Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болж, ард түмэн сонголтоо хийлээ. МАН-ынханд хоёрны нэг нь итгэл хүлээлгэв. Гэтэл УИХ-ын сонгуульд азтай тохиолдлоор үнэмлэхүй олонх болчихсон эрхмүүд үүндээ эрдэж, орон нутагт ч бас ийм байх ёстой хэмээн зөрүүдэлжээ. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт илт давуу сонгогдсон АН-ын өрсөлдөгчдийг хасах, улайм цайм луйвардах оролдлого гарч байна.

Шүүх эцсийн шийдвэрийг удахгүй гаргах байх. Нийслэлийн Сонгуулийн хороо нь дүнгээ зарлачихсан, хэн хэдэн санал авсан нь тодорхой болчихоод байхад дүүрэг хавиар зарим нэг хүн “эсэргүүцээд” буй бололтой юм. Намд үйлчилж, нүүрээ ширлэн хууль зөрчсөнийхөө хариуд түрүүчээсээ албан тушаалын бэлэг авч байна ч гэх.

Энэ талаар МАН-ын гишүүн Ц.Нямдорж “Баянзүрх дүүрэгт АН олонх болчихоод байхад манай намын хэдэн нөхөр ялалтыг нь хүчээр булаах гэж оролдож байна. Ингэвэл 2020 онд МАН их ялагдал хүлээнэ шүү. АН-ын дарга З.Энхболд МАН ялсан зарим аймгийн ялалтыг булааснаараа их ялагдлынхаа үүдийг нээсэн. Дээрэлхүү, хүч түрэмгийлсэн үйлдэлд ард түмэн яснаасаа дургүй байдаг шүү” хэмээн сануулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)