Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дараа УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчилнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хурал 14.00 цагт товлогдсон ч ирц бүрдэхгүй байсаар 15.00 цаг өнгөрч байхад арайхийн эхлэв. Арайхийн хэмээсний учир нь, ирц бүрдэхэд хоёр гишүүн дутаж, цаг гаруй хүлээгээд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Наранхүү нарын хуралд оролцох бүү хэл Төрийн ордонд ч харагдаагүй хүмүүсийн картыг хийж, ирцээ бүрдүүлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төсөлд эсрэг байр суурь илэрхийлж, завсарлага аваад, түүнийгээ сунгуулах талаар ярьж байсан АН-ын бүлгийн гишүүн Б.Наранхүү уг хуралдаанд оролцож, ирц бүрдүүлснээ мэдэж буй, эсэх нь ч эргэлзээтэй. Ямартай ч тэрбээр ажлын өрөөндөө байгаагүй юм. Уг нь Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг 19 гишүүний 10 нь л бүртгүүлэхэд ирц бүрдэх билээ.

Байнгын хорооны хурлыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалсан бөгөөд тэрбээр, “Сонгууль болохоос өмнөх 150 хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг засахыг хориглоно гэсэн заалт энэ төсөлд байна. Энэ хугацаа нь хэзээ гэсэн үг вэ. Ерөнхийлөгчийн сонгууль хэзээ болох вэ” хэмээн асуухад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Одоо хүчин төгөлдөр байгаа хуульд “Зургадугаар сарын сүүлчийн долоо хоногт санал хураана” гэсэн заалт бий. Дээрх заалт уг хуульд хэвээр тусвал энэ сарын 28-наас өмнө хуулийг нэг мөр болгох хэрэгтэй болно” гэв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат “Хугацаандаа баталж амжихгүй бол хууль зөрчих асуудал гарна. Иймээс хуульд өөрчлөлт оруулахыг хориглох хугацаа 150 хоног гэснийг 130 хоног болгож өөрчилье” гэсэн санал гаргаж, түүнийг нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ажлын хэсгээс оруулж ирсэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нэрээ татахыг хориглосон заалтыг үгүй болгох саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан эсэргүүцэж, “Нэрээ татах нь хүний эрх хэдий ч Ерөнхийлөгчид нэр дэвших нь хариуцлага байх ёстой. Нэрээ татах байсан юм бол яах гэж нэр дэвшдэг юм бэ. Ерөнхийлөгчийн сонгууль бол тоглоом биш. Нэр дэвшиж байна гэж баахан явж, сонгогчдын толгой эргүүлчихээд санал хураах өдрийн өмнөхөн нэрээ татах явдал өмнө нь гарч байсан учраас ийм хориглосон заалт оруулж байсан юм” хэмээсэн ч, ажлын хэсгийн оруулж ирсэн санал дэмжигдлээ.

Хурал даргалагч “Гурван сонгуулийг нэг хуулиар явуулахаар хуульчилсныг салгаж, техникийн засвар хийнэ гэж ярьж байсан. Гэтэл засаж сайжруулах нэрээр зарчмын өөрчлөлт хийгээд байна шүү” хэмээн сануулж, “Цаг хугацаа нь тулсан, дэндүү бүдүүлэг” хэмээн ундуйцлаа илэрхийлж байв.

Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Зарчим өөрчлөхгүй гэж юу яриад байгаа юм. Болохгүй болохоор л өөрчилж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дараа УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хуулийг ч өөрчилнө гэж ойлгосон”, Д.Лүндээжанцан “Наадхаа ард түмэнд тайлбарлаарай” хэмээн багахан маргаад авлаа.

Ийнхүү ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 78 саналаар санал хурааж, УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар болов. Өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй 60 саналыг хураасан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)