Ц.Намуун: ӨВӨӨГӨӨСӨӨ хол амьдарч байгаагаар төсөөлдөггүй

“Киви” хэмээх исгэлэн жимс Монголын орчин үеийн хөгжмийн урлагт амт нэмээд хэдийнэ 12 жил болжээ. Тус хамтлагийн “хар сувд” Ц.Намуунтай ярилцлаа.

-“Киви” хамтлагаар шинэ уран бүтээлийн сонин сайхан юу байна вэ. Жаахан нам гүмхэн байна уу даа?

-Хамгийн сүүлд “Хол хайр” гэж дуугаа сонсогчдод хүргэсэн. Одоохондоо шинэ цомог гаргах болоогүй. Өнгөрсөн онд хамтлагийн ахлагч Д.Уламбаяр (Ука)-ын “11/06”, миний “One moment” цомог гарсан. Одоогоор бие даасан цомогтоо багтсан дуунуудаа сонсогчдод хүргэхэд түлхүү анхаарч байна. Хамтлагийн уран бүтээл тасралтгүй үргэлжилж байгаа.

-Ганцаараа дуулж, цомог гаргахад ямар мэдрэмж төрсөн бэ. Нөгөө хоёроо үгүйлж байсан уу?

-Өөрийгөө өөрөөр нээсэн гэхэд болно. “Киви” хамтлаг байгуулагдаад арав гаруй жил болчихлоо. Бие даасан цомог гаргах нь продюсер Б.Ангирмаа багшийн санаа байлаа. Ганцаараа шинэ дууны хоолойны бичлэгт орох нь гурвуулаа дуулахаас их өөр санагдсан. Өмнө нь ганцаараа дуулж байгаагүй болохоор сандарч л байлаа. Гэхдээ сайхан санагдсан шүү.

Дуунуудаа бичүүлж дууссаны дараа “Өмнө нь яагаад зориглосонгүй вэ. Үнэхээр болох байж” гэж бодсон. Хүмүүс ч “Намуунаа ингэж дуулдаг байсан юм уу” гэж хэлж байсан удаатай.

-“Киви” хамтлагийн дуучин гэдгээс огт өөр, хувь хүн Намууны дотоод ертөнцийг тэр цомгоор илэрхийлсэн мэт санагдсан шүү.

-Тэрийг л хийх гэж зорьсон. Хүмүүс яаж хүлээж авах бол гэж ерөөсөө айгаагүй. Продюсер, “Ocean grey” студийн чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажилласан болохоор сэтгэл хангалуун байгаа. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явсан болохоор сайхан байлаа. Дуунуудынхаа клип, стил имиж, цомгийнхоо дизайныг ч өөрөө гаргасан.

-Та төгөлдөр хуурч мэргэжилтэй. Тэр чиглэлээр дагнасан уран бүтээл, цомог гаргах төлөвлөгөө байгаа биз дээ?

-Одоохондоо дахиж цомог гаргах бодол алга. Төлөвлөөгүй байж байтал гэнэт шинэ санаа төрж, тохироо нь бүрдвэл болох байх. Ука бид хоёрынхыг нэмж тооцвол “Киви” хамтлаг арван хоёр цомог гаргачихаж. Дээр нь манайд цомгийн борлуулалт, үнэлэмж эрс муудчихсан байна шүү дээ. Хүмүүс цахимаар авахыг илүүд үздэг болж. Тиймээс одоохондоо шунахгүй л байна.

-Нэг нэгнээ огт танихгүй гурван охин хамтлагийн гишүүнээр сонгогдож, хамтран ажиллахад ямар байсан бэ. Үл ойлголцол гарч байв уу?

-Намайг аравдугаар ангиа төгсөж байх үед шүү дээ. Хичээлээ тараад харих замд “Nature sound” студиэс Б.Дашдондог ах над руу залгасан юм. “Ирээд шалгуулах боломж байна уу” гээд. Энэ саналыг жаахан дурамжхан хүлээж авсан л даа. Өвөөдөө хэлтэл шалгуулахыг зөвлөсөн. Надтай ярихаасаа өмнө өвөөтэй маань ярьж, зөвшөөрөл авсан юм билээ. Тэгээд л очиж шалгуулсан.

Тухайн үед Б.Сарантуяа эгчийн дууг дуулсан санагдаж байна. Хамтлаг ямар бүрэлдэхүүнтэй байх, аль чиглэлээр уран бүтээл хийх тухай ч ярилцсан санагдана. Ингээд л тэнцсэн. “Хамтлагийн чинь нэг гишүүнийг сонгочихсон. Очоод танилцаарай” гэхэд л Укаг анх харсан. Тэр үед Ука тус студид бүжгийн багшаар ажилладаг байлаа.

Хамтлагт орохыг ээж, өвөө маань дэмжиж, эгч, эмээ хоёр их эсэргүүцсэн. Нэлээд бодож байж шийдсэн дээ. Хамтлагийн охидтойгоо муудалцах үе байгаагүй ээ. Б.Ангирмаа багш маань биднийг маш сайн сургасан, бид ч шаргуу ажилласан.

-Продюсер нь их чанга, түүний хатуу гэрээнээс болж хамтлагийн гишүүд солигддог гэсэн яриа гадуур байдаг. Үнэхээр тийм хатуу гэрээ байгуулсан юм уу?

-Үгүй шүү дээ. Биднээс ажлаа чанартай хийх, байнгын бэлтгэл сургуулилалттай байхыг л шаарддаг байсан. Э.Энхзол, Б.Халиун, Б.Солонго нар өөрсдөө л хамтлагаа орхих шийдвэр гаргасан. Түүнээс багш тэднийг хамтлагаас хөөгөөгүй. Гадуур ийм яриа байдаг л юм. Одоо юу ч ярьсан эмзэглэхээ, тоохоо больчихжээ.

-Танай хамтлагаас нэг гишүүн нь гарсан ч шууд л дараагийнх нь орж, уран бүтээлээ таслахгүй үргэлжлүүлдэг байсан шүү дээ. Шалгаад, бэлдчихсэн хүн бэлэн байж байдаг юм шиг л.

-Энэ бол продюсер сайн ажилласных шүү дээ. Хамтлагт байсан Б.Солонго, одоогийн гишүүн П.Алтанцэцэг (Агий) нар миний найз л даа. Тийм болохоор продюсертээ санал болгосон. Яагаад найзуудаа сориод үзэж болохгүй гэж. Тэглээ гээд бид дордоогүй. Улам л дээшээ мацсан. “Киви” 12 нас хүрчихлээ шүү дээ. Шат ахисаар л явна.

-Багынхаа дурсамжаас яриач?

-Би Хөгжим бүжгийн коллежийн бүтээгдэхүүн. Зургаан настайгаасаа л төгөлдөр хуур хөгжимтэй нөхөрлөсөн. Дараа нь мөн л энэ чиглэлээрээ СУИС-ийг төгссөн. Ер нь л сонгодог урлагийн хүн шүү дээ. Цэцэрлэгт байхаасаа л урлаг, уран сайхны бүхий л арга хэмжээнд оролцдог нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. 220 мянгатад төрж, өссөн.

Миний бага нас маш их дурсамжтай, сонирхолтой өнгөрсөн. Их ч олон уралдаанд оролцсон доо. Өвөө маань миний оролцсон бүх уралдаан, тэмдэглэлт үйл явдлын видео бичлэгийг хийж хадгалсан байдаг. Одоо үзэхэд их сонирхолтой.

-Таны дурсамжийн ихэнх хэсэг Улсын филармонитой холбоотой байх. Өвөө тань тэндхийн даргаар олон жил ажилласан шүү дээ. Таны өвөөг урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуай гэдгийг мэдэхгүй хүн бараг байхгүй.

-Тэгэлгүй яах вэ. Өвөөгөө дагаад л филармони дээр өнждөг байлаа. Рок попынхны олонх нь л намайг мэддэг. Багаасаа тэднийг ахаа, эгчээ гэж өссөн. Одоо ч зарим нь “Энэ ийм том болчихсон байх гэж. Багадаа тийм, ийм хүүхэд байсан” гээд л ярьдаг юм.

-Өвөөгийн тань аав Монгол Улсын баатар хүн байсан юм билээ. Тэр хүний тухай өвөөгөөрөө яриулж байсан биз дээ?

-Монгол Улсын баатар Д.Данзанваанчиг гэж хүн байсан. Харамсалтай нь, намайг төрөхөд амьд сэрүүн байгаагүй л дээ. Өвөөгөөсөө л аавынх нь тухай сонсдог байлаа. Эх орныхоо төлөө тулалдаж явсан өвөг дээдсээрээ бахархдаг.

-Та багадаа төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд их амжилттай оролцдог байсан. Тэр тухайгаа дурсаач?

-Тийм шүү. 2000 онд Испани улсад болсон Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд оролцсон. Миний оролцсон анхны том уралдаан байлаа. Уг уралдааны хоёрдугаар байрт шалгарсан. Анх удаа гадаадад гэр бүлийнхэнгүйгээр явж үзсэн минь тэр. Шагнал авчихаад бөөн баяр болоод л өвөө, эмээ рүүгээ залгаж байснаа санадаг. Цагийн зөрүүтэй, тэднийгээ амарч байгааг ч мэдэхгүй. Олон улсын уралдаанд оролцоход их туршлагаждаг юм билээ.

Бас бэлтгэл сургуулилалтын үнэ цэнийг маш сайн ойлгодог. Тавхан минут ч маш үнэтэй. Дараа жил нь Франц улсад болсон уралдаанд оролцож, гран при шагнал авсан. Анх удаа л өвөө, эмээгийнхээ ачийг багахан ч гэсэн хариуллаа гэсэн бодол тэр үед төрсөн. Тэр ондоо оны шилдэг хүүхдээр шалгарч, “Авьяас” алтан медалиар шагнуулж, Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс бэлэг авч байлаа.

-Хэрэв “Киви” хамтлагт ороогүй байсан бол та өдийд юу хийж байх байсан бол?

-Харин л дээ. Өмнө нь ингэж бодож үзсэн. Монголдоо биш, гадаадад амьдарч, ажиллах байсан болов уу.

-Хамтлагт орохоосоо өмнө тэгж төлөвлөж байсан юм уу?

-Тухайн үед манай ээж Францад сурч байсан. Түүнийхээ дараа Англид амьдарсан. Тэгэхээр юмыг яаж мэдэх вэ, ээж рүүгээ явчих ч байсан юм бил үү. Бас урлагийн биш, өөр мэргэжил эзэмших байсан.

-Төрсөн аавтайгаа очиж уулзсан гэсэн. Одоо холбоотой байдаг уу?

-Хүмүүс ямар ч холбоогүй байж байгаад гэнэт уулзсан юм шигээр л ярих юм. Багаасаа л холбоотой байсан. Намайг дөрвөн нас хүртэл аав, ээж минь ОХУ-д хамт сурч байсан шүү дээ. Хүүхэд байхад шуудангаар илгээмж явуулж, байнга утсаар ярьдаг байсан.

-Ямар хүн байдаг юм бэ. Гадуур тэр улсын, тийм ч үндэстэн гээд өөр өөрөөр ярих юм.

-Португаль, Кабо-верде хүн. Гадуур Габон энэ тэр гээд л биччихсэн байдаг.

-Эцэг нэгтэй ах дүүстэй юу. Уулзсан уу?

-Байлгүй яах вэ. Сүүлд очихдоо дүү нар, эмээтэйгээ бас уулзсан. Цус нэгтэй хүмүүс шүү дээ. Намайг маш дотно хүлээж авсан. Тэнд сайхан амарч аваад ирсэн дээ. Сүүлд очихдоо анх удаа уулзсан юм биш. Өмнө нь нэлээд хэдэн удаа тэр гэр бүлийнхэнтэйгээ уулзаж л байсан.

-Аав тань танд тэнд амьдрахыг санал болговол яах вэ. Ер нь тэнд амьдрах талаар бодож байсан уу?

-Бодож байгаагүй. Би энд өссөн, миний бүх зүйл, хайртай хүмүүс энд байгаа. Тийм болохоор хол амьдарч чадахгүй. Орхиод явах зүрх, зориг байхгүй.

-Та аав, ээжээсээ хол өвөө, эмээтэйгээ өссөн. Хэр эрх хүүхэд байв?

-Өвөө, эмээтэйгээ өссөн хүүхдүүд эрх гэхээс илүү хэрсүү болж хүмүүждэг. Настай хүмүүстэй байсаар байгаад их хашир, үг дааж, гэрийн ажил сайн сурдаг юм шиг санагддаг. Эрхлэх үедээ эрхлэлгүй яах вэ. Гэхдээ би ээж, аавтайгаа удаан хугацаанд хамт байж үзээгүй, тэгж өсөх ямар байдгийг мэдэхгүй болохоор харьцуулж чадахгүй байна.

-Та одоо өвөөтэйгөө амьдарч байгаа юу?

-Тийм ээ. Өвөөгөөсөө хол амьдарч байгаагаар төсөөлдөг ч үгүй юм.

-Өвөө тань таны болон “Киви” хамтлагийн уран бүтээлүүдэд мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгч, шүүмж хэлдэг байх. Олон улсын шүүгч хүн шүү дээ.

-Бодлоо хэлдэг шүү. Гэхдээ нэг их оролцдоггүй юм. Хүмүүс олон улсын шүүгч болохоор нь “Өвөө чинь нэлээд ууртай, ааштай юу. Та нарт байнга зөвлөгөө өгдөг биз дээ” гээд л асуудаг юм. Миний өвөө их зөөлөн хүн.

-Та “Монгол дуу дэлхийд” шоу нэвтрүүлгийг хөтөлсөн. Хэцүү байв уу?

-Өмнө нь “UBS music awards”-ыг хамтлагийнхантайгаа хөтөлж байсан. Гэхдээ анх удаа телевизийн нэвтрүүлэг хөтөлж үзлээ. Өөрийгөө бас л өөрөөр нээлээ гэж бодож байгаа. Нэвтрүүлгийнхээ төгсгөлийн гала тоглолтыг бас хөтөлсөн. Өвөө маань үзэгчдийн дунд сууж байсан болохоор жаахан сандарсан. Би чинь тийм яриа хүн биш. Энд тэнд ярилцлага өгөхөд ихэнхдээ л Ука маань ярьчихдаг. Одооноос л ярих урлагт бага багаар суралцаж байна.

-Найз залуутай болсон гэсэн үү. Танилцуулаач?

-Болсон. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна.

-Ука нөхөрт гарч, ээж болчихлоо. Харин та гэр бүл зохиоход нэг их яарахгүй байна уу даа.

-Тийм ээ, яарахгүй байна. Залуу насандаа амжуулж сурах зүйл, хийх ажил зөндөө байна. Залуу насаа мэдэрч, хийх зүйлээ амжуулчихаад гэр бүл зохиох нь зөв байх. Өөрийгөө хамтын амьдралд бэлэн болсон гэж бодсон үедээ л гэр бүл зохиоё гэж боддог юм. Нэгэнт гэр бүлтэй болчихвол тэдэндээ л хамаг анхаарал, цаг заваа зарцуулдаг болно. Тэрнээс өмнө өөрийгөө бэлтгэх нь л чухал гэж боддог доо.

-Өөрийгөө ээж болсон байгаагаар төсөөлж үзсэн үү?

-Үзсэн шүү. Их сайн ээж болох байх. Би багаасаа л хүүхдэд их хайртай байсан. Хүүхэд гэдэг хүний амьдралын аз жаргал, утга учир. Би яагаад ч юм анхны хүүхдээ хүүгээр төсөөлдөг. Гэхдээ эрүүл саруул л төрж байвал хүү, охин ялгаагүй л дээ.

-Сүүлийн үед найруулагч нар дуучид, загвар өмсөгчдийг кинондоо урьж тоглуулдаг болж. Танд тийм санал хэр ирдэг вэ?

-“Хамтран амьдрагч” кинонд туслах дүрд тоглосон. “Киви” хамтлагаараа тоглох санал ирж байсан ч татгалзсан.

-Киноны гол дүрд тоглуулах санал тавибал хэрхэн хүлээж авах вэ. Оролдоод үзнэ биз дээ?

-Зохиолтой нь танилцаж байгаад шийдэх байх. Гэхдээ кино бол амар ажил биш. Дуу дуулах, клип хийхтэй адилгүй. Тэгэхээр их л сайн бодож байж шийднэ дээ.

-Эмэгтэй уран бүтээлчид даашинз, аксесуар их цуглуулдаг. Харин таны хувьд бүр багаасаа аксесуар цуглуулах дуртай байсан гэж сонссон.

-Нэлээд байгаа шүү. Заримыг нь хүнд өгнө, нэг хэсэг нь гээгдэнэ. Тэгсэн хэрнээ л овоо байгаа. Жаахан байхдаа цыган шиг л амьтан байлаа шүү дээ. Янз бүрийн юм зүүгээд л. Сүүлийн үед тайзан дээр гарах үедээ л аксесуар зүүдэг болж. Энгийн үед бараг зүүдэггүй.

-Сонирхож цуглуулдаг өөр зүйл бий юү?

-Би очсон орон болгоноосоо дурсгалын таваг авдаг. Ганц нэгийг нь санаандгүй хагалчихаад харамсаад л байгаа.

-Гадаадын хэдэн орноор аялж байв?

-“Киви” хамтлагаараа Ази, Европын ихэнх улс, АНУ-д аялан тоглолт хийсэн. Аялал зугаалгаар ч нэлээд орноор явсан.

-Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалдаг биз дээ?

-18 аймагт очиж тоглосон. Гэхдээ би хөдөө явах тийм ч дуртай биш. Агаар салхи, байгаль нь сайхан ч зутарчих гээд байдаг юм. Олон цаг машинаар явах, тухгүй байдалд их дургүй.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Хоолойн дасгал, сургуулилалт, бүжгийн бэлтгэл хийгээд их л завгүй байдаг уу?

-Бэлтгэл, сургуулилалтгүй үед гэртээ амарна, найз нөхөдтэйгөө уулзана. Залуу хүнд хийх ажил мундахгүй ээ.

-Ингэхэд жингээ хэрхэн барьдаг вэ. Байнгын дасгал, сургуулилалтаас гадна хоолны дэглэм барьдаг уу?

-Дэглэм барьдаггүй. Өдөрт гурван удаа махан хоол иддэг. Гэхдээ их биш, маш бага. Гол нь байнгын дасгал л чухал.

-Спортод хэр авьяастай вэ. Хичээллэдэг спорт бий юү?

-Авьяастай шүү. Дунд сургуульд байхаасаа л биеийн тамирын хичээлдээ сайн байсан. Миний биеийн хөгжил ямар ч спортод таарахаар гэж боддог шүү. Агаарын, газрын, ширээний теннис, сагс болоод гар бөмбөг тоглочихдог.

-Та загварын олон шоунд оролцдог. Нэг хэсэг “Монгол модель”-д харьяалагдаж байсан санагдаж байна.

-Би бүр багадаа төгөлдөр хуурч, дуучин, бүжигчин, загвар өмсөгч гэсэн дөрвөн мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байлаа. Дөрвүүлэнг нь хийж үзлээ. Хүн хичээвэл бүхнийг чадна. Есдүгээр ангиасаа “Монгол модель” агентлагт загвар өмсөж, Д.Болормаа багшийн шавь болсон. Загвар зохион бүтээгч Д.Энхмаагийн “Queen” загварын шоунд байнга оролцдог.

-Тайзан дээр хөгжим тоглох, дуулах, загвар өмсөхөд өөр өөр мэдрэмж төрдөг байх даа.

-Тийм шүү. Өөр өөрөөр мэдрэгддэг. Төгөлдөр хуур тоглохдоо илүү түгшдэг. Орчноосоо тасраад хөгжимдөө шингэчихдэг юм. Дуулж, бүжиглэхэд их эрч хүч мэдрэгддэг. Яг л өөрөөрөө байгаа юм шиг. Загвар өмсөх ч бас өөр. Өөр нэг Намуун байгаа мэт.

А.ХАЛИУН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)