Ц.Мөнх-Оргил: Одоогийн Засгийн газар Далай ламыг дахин авчрахгүй

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нэгдүгээрт, Далай ламын айлчлалын тухай юм. Би далай ламын айлчлалын талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн. Тус ярилцлагааас өөр ямар ч ярилцлагыг дотоодын болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад өгөөгүй. Мэдэгдэл ч хийгээгүй. Мөн тус ярилцлага өгөхдөө Ц.Мөнх-Оргил гэх хувь хүний байр суурийг илэрхийлээгүй. Засгийн газрын гишүүнийхээ хувьд Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн. Далай ламын айлчлалын тухайд Засгийн газар ямар байр суурьтай байгааг дахин хэлье.

Монгол нэг Хятадын бодлогыг тууштай баримталж ирсэн. Цаашид ч баримтлана. Түвд бол БНХАУ-ын нэгэн бүрэлдэхүүн хэсэг болоод БНХАУ-ын язгуур эрхийн асуудал. Түүнчлэн далай ламын шашны байгууллагын шугамаар хийсэн айлчлал нь улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан ч харамсалтай нь энэхүү айлчлалаас болж хоёр улсын харилцаанд үл ойлголцох байдал бий болсон. Үүнд, манай Засгийн газар харамсаж буйгаа илэрхийлсэн. Хэдийгээр цэвэр шашны шугамаар хийсэн айлчлал байсан ч айлчлалын үр дагавар нь шашинаасаа хальж, хоёр орны харилцааны асуудал, улмаар эдийн засаг санхүүгийн үр дагавартай холбогдсон. Энэ бүхнийг харгалзаж үзээд эрх барьж буй Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам дахиж монголд айлчлахгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Хоёрдугаарт, Давхар харъяаллын асуудал дээр “Өдрийн сонин”-ы хоёр өдрийн дугаар дээр Ц.Мөнх-Оргил буюу миний зургийг тавиад сэтгүүлч өөрийн бодлыг илэрхийлсэн байна. Энэ асуудал дээр “Өдрийн сонин” дээр залруулга гаргасан байгаа. Давхар харъяаллын асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаас ахлуулсан ажлын хэсэг судлаж байна. Учир нь өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Монгол Улсын гадаадын 68 оронд ажиллаж хөдөлмөрлөж байгаа 130 гаруй мянган иргэдийн төлөөлөл болсон 400 гаруй ТББ-уудын чуулга уулзалт болсон. Тэд Засгийн газарт хоёр асуудал өргөн барьсан. Эхнийх нь “зарим тохиолдолд монголчуудыгаа буцаагаад харъяалалд нь авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Нөгөөх нь, ажиллаж байх хугацаандаа эх хэлийг нь сургамаар байна. Тиймээс монгол сургууль байгуулах асуудлыг дэмжиж өгөхийг хүссэн". Гэхдээ судлах явцдаа гадаадын иргэн монголд давхар харъяалалтай болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй.

Гуравдугаарт, “Зарим элчин сайдын яамдыг татан буулгах асуудлыг УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл, 2016 оны 11 сарын 23-ны өдрийн 08 тоот тогтоол гарсан. Тус тогтоолд элчин сайдын яамдын үндсэн чиг үүрэг, ажлын ачаалал зэрэгт үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр тэдгээрийн ач холбогдол, байршлыг шинэчлэн тогтоож,  шаардлагатай бол зарим газрыг татан буулгах санал ирүүлсэн. Тогтоолын хэрэгжилтийг 2016 оны арванхоёрдугаарт сард багтаан хэрэгжүүлэх үүрэг өгсөн.

Үүний дараа Засгийн газраас бүх яам агентлагуудад зардлаа танах үүрэгтэй. Гуравдугаарт, 2017 онд гадаад харилцааны салбарын батлагдсан төсөв 14 тэрбум төгрөгөөр хэмнэгдсэн. Гэтэл зөвхөн ханшийн зөрүүнээс 1.2 сая ам.доллар алдаж байна. Төсөв батлагдахад ам.долларын ханшийг 2350 төгрөгөөр тооцсон. Өнөөдрийн байдлаар ам.доллар 2490 төгрөгтэй тэнцэж байна. Тиймээс Индонез, Бразил, Японы Осака хот, Хайлаар хотын  дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгах саналтай байгаа. Учир нь Индонез улсад монголын 27 иргэн амьдарч байна. Бразил улсад монголын 25 иргэн амьдарч байна. Тус улсуудтай худалдаа эргэлт 10-12 сая ам.долларт багтаж байна. Улс төрийн харилцаа бага байна. Гэсэн атал жилд 400-500 мянган ам.долларын зардал гарч байна. Мөн БНХАУ-ын Хайлаар хот, Японы Осака дахь элчин сайдын яамыг татан буулгах санал оруулж байгаа юм. Ингэснээр нэг жилд 1,6-2 сая ам.доллаын хэмнэлт гарна гэж тооцож байгаа. Уг асуудлаа УИХ-д танилцуулна. Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд байгаа учраас түншүүд маань ойлгож байгаа. Дээрх дөрвөн яамыг татан буулгаад Шанхайд дипломат төлөөлөгчийн газар байгуулах саналтай байгаа. Учир нь Хайлаарт байнга ажиллаж байгаа 7-10 иргэн бий. Шанхайд сурдаг 700 оюутан бий. Дээр нь Шанхайд хөрөнгө оруулалтын төв байна. Тиймээс Засгийн газрын саналаа УИХ-д саналаа танилцуулна” гэлээ." гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)