Циркээ сэргээх цаг болсон

Монголын циркчид ур чадвараараа дэлхийд гайхуулсаар байна. Франц, Канад, Америкт манай уран бүтээлчдийн нэрс тод. Лас Вегасын алдартай шоу цэнгээнүүдийн уран нугараачдыг манай ахмад уран бүтээлч бэлтгэдэг. Өмнөд Африкт 20 жил ажиллаж буй циркчин ч байна. Өнөөх цуутай “Нарны цирк”-т ч тоглодог. Гэтэл улс оронд маань цирк байдаггүй. Байшин, манеж бий ч, тэнд цирк тоглодоггүй. Харин тэнд банк, баар зэрэг өөр байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

Циркийн урлагт үнэнч цөөн хэдэн менежер хааяа гадаадаас тоглолт авчрахад тэр байшинг зорих үзэгчдийн цуваа хөвөрдөг. Бусад үед түүнийг хөлчүү хүмүүс эзэгнэж байдаг гэхэд хилсдэхгүй.

Хүн гээч нь ямар ч хүчирхэг араатныг эрхэндээ оруулж, түүгээр хүссэнээ хийлгэж чаддагийг, биеийн хүчний хэр их нөөцтэй, юунд зарцуулж болохыг, өөрийгөө ялан дийлж, санасандаа хүрч болохыг аль ч насныханд ойлгуулдаг, үлгэрлэдэг, нүднийх нь өмнө харуулдаг урлаг бол цирк. Хүмүүс тоглолт үзээд л бүхнийг мартдаг уу гэвэл үгүй. Мянга сонсохоор нэг үзсэн хүнд төрсөн сэтгэгдэл насан туршийнх нь амьдралын эерэг хүч, хөтөч болдгийг урлаг судлаачид тогтоосон байдаг. Тиймдээ ч хөмөрсөн тогооны дотроос дөнгөж өнгийсөн Монгол Улс хөгжил өөд мацахын тулд юуны өмнө хүн ардаа гэгээрүүлэн соёлжуулах бодлого түлхүү хэрэгжүүлж эхэлсэн биз ээ. “Бөмбөгөр ногоон”, цирк, кино үйлдвэр, дуурийн, драмын театр, илармони зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагыг ар араас нь байгуулаагүй бол гээд бодоод үзье. Орчин үеийн Монгол Улсын түүх нэг их холоос эхэлдэггүй билээ. Чингис хааны үед дэлхийн талыг эзэлж явсан, морин хуур, уртын дуу зэрэг эртний улбаатай урлагтай гэхчлэн давуу талуудаа санаандаа аваад, цаашид ард түмний соёлжуулж, боловсруулж, гэгээрүүлэх талд довитой ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэхийн тулд 80 жилийн хугацаанд болоод өнгөрсөнд дүгнэлт хийж, ойрын ирээдүйгээ харж төлөвлөх хэрэгтэй санагддаг юм.

Өнөөдөр нийгэм зарим талаар өнгөлөг, мөнгөлөг, магадгүй “царайлаг” харагдаж байж болох ч үүний цаана сэтгэлгээний ялзрал давхар явагдаж, олон нийт ухамсар, ёс суртахуунаар ихэд доройтсоныг өдөр ирэх тусам анзаарч байна. Хувиа хичээж, хов ярьж, улс, үндэстнээ дорд үзэж, өөрсдөө энд төрж, өсөөгүй, монгол хүн биш мэтээр авирлаж байгааг харахад сэтгэл өвдөнө.

Их, дээд сургууль төгссөн болгон боловсролтой бус. Диплом бол сургалтын төлбөр төлж, дөрвөн жилийг үдсэний л гэрчилгээ. Тухайн хүн боловсорч, хөгжсөн, эсэх нь хүмүүжил, төлөвшил, мэдлэг, ур чадвар, харилцааны соёл, ухамсар, ёс суртахуунаас нь харагдана.

Муулаад байдаг социализмын үед зүлгэн дээр гишгэдэг, гудамжинд бие засдаг, ахмад хүнийг дайрч унагах шахдаг, эцэг эхээ зоддог хүн бараг байгаагүй юм. Тэр үед хүн ахтай, дээл захтай, төр эзэнтэй, түмэн олон хүрэх цэгээ харсан, түүнд хүрэх тэмүүлэлтэй байж. Гагцхүү тийш аваачихын тулд үзэл суртал хэмээх зэвсэг хэрэглэдэг байлаа. Гол хэрэгсэл нь урлаг байсан бөгөөд үзэл суртал гэдэг хучлагыг нь авахад үлдэх жинхэнэ урлагийн хүч, нөлөө тухайн үеийн үзэгчдийн сэтгэл, тархинд гүн бат шингэж өгөөжөө өгч ирсэн нь өнөөдөр мэдэгддэг. Ерөөс урлагийн нөлөө энэ буй за.

Урлаг нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч, хүний сэтгэхүй, амьдралын хэв маягийг богино хугацаанд өөрчлөх нөлөөтэй. Европынхон соёлтой гэдэг. Яагаад. Тэдний амьдралын гүнд урлаг оршиж байдаг. Урлагаар дамжуулж бусдыг ойлгодог, харилцдаг. Байшин, барилга барьсан ч, хоол идсэн ч, шар айраг уусан ч урлагтай хандана. Баячуудынх нь арилжаа наймааны хэрэгсэл ч урлаг, тэр дундаа уран зураг. Гэр бүлд хөгжмийн ямар нэг зэмсгээр тоглодоггүй, эс бөгөөс урлагийн өөр нэгэн төрлийн хообийгүй хүн бараг үгүй. Энд ямар ч албадлага байхгүй. Урлагийн нөлөөгөөр амьдралынх нь хэв маяг ийм болсон. Социалист нийгмийг бүрэн байгуулах, улмаар коммунизмд хүрэхийг зорьж байсан тухайн үед төр, нийгмийг удирдагчид энэ хүч, нөлөөг олж харсан учраас Европын соёлоос байнга суралцаж ирсэн оросуудын нөлөөгөөр улс орноо өөд нь татахын тулд хүн ардаа урлагаар дамжуулж соёлжуулах бодлого, хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлж иржээ. Тэр л үед байгуулсан мэргэжлийн урлагийн хэдхэн байгууллага өнөөдөр “гол зогоож” байна шүү дээ. Бас болоогүй алдагдалтай. Хүүхэд залуучуудын театр, Улсын цирк, “Монгол кино” үйлдвэр байхгүй болсон.

Сонгодог урлаг хүчтэй. Гэхдээ нийт ард иргэнд хамгийн хүртээлтэй нь кино болон циркийн урлаг юм. Ялангуяа циркийн тоглолтыг бүх насныхан зүрхээ даран, амьсгаагаа түгжин, айж, хашхирч, гайхан бахархаж үзэхэд уур уцаар, гуниг, гомдол хэдийн сарнисан байх агаад жүжигчид, уран бүтээлчдийг шүтэн биширснээр даган дуурайх хүсэл, тэмүүллээр цэнэглэгддэг. Эерэг энерги, сэтгэл засал, урлагийн тухай ойлголт, сурч, боловсрох, хийж бүтээх эрч хүчийг ийнхүү нэг дор олон үггүйгээр үзэгчдэд өгдөг нь цирк ажгуу.

Монгол Улсад циркийн сургууль байгуулсны 80 жилийн ой энэ онд болох бол Улсын цирк 79 настайгаа золгоно. Сургууль, цирк хэмээн бахархалтайгаар ярьж байгаа ч, Монгол Улсын циркийн урлагийг бүрдүүлэгч энгүй авьяастай, хөдөлмөрч, мятаршгүй уран бүтээлчид, дасгалжуулагчид өнөөдөр байгууллага болон нэгдэж чадахгүй, ямар ч харьяалал үгүй, уран бүтээл хийх манеж ч үгүй байгаа юм. Уран бүтээлчид хүнийх, хувийн болоод 14 жил болж буй Монголд ганц байдаг зориулалтын манеж бүхий “АСА цирк” хэмээх байшингийн хажуугаар “Сайхан тоглолт хийх сэн” хэмээн санааширч, эргэн эргэн харж өнгөрсөөр. Тэдний цаана үзэгчид циркийн урлагийн сайхныг, хүч, нөлөөг нь хүртэж чадахгүй хохирсоор.

Монголдоо мэргэжлийн хувьд орох орон, оочих аягагүй, тархай, бутархай байдалтай байдаг циркчид гадаадаас тоглолтын захиалга авах л юм бол хэсэг бүлгээрээ нэгдэн бэлтгэл сургуулилалт хийж эхэлдэг. Тэдний бэлтгэлээс өнөөх хайгаад байдаг гайхамшгийг харж, зүрхээ дарж, амьсгаагаа түгжиж болно. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд Парист цирк болон үндэсний хөгжим, бүжгийн хамтарсан тоглолт бүхий хөтөлбөртэй “Nomade” тоглолт үзүүлж, европчуудыг хуйлруулж байгаад ирсэн “Angel” циркийнхэн гэхэд ХААНбанкны хурлын танхимд бэлтгэл хийдэг юм билээ. Театрын зориулалттай барилга тул тааз өндөр, талбай том тулдаа эрхбиш болдог байх. Гэхдээ л зориулалтын биш болохоор ая тух тааруу. Энэ мэтчилэн циркчдэд бэлтгэлийн байрны асуудал байнга тулгардаг тул уран бүтээлч Золбаяр мэргэжил нэгт нөхдөө боломжоор хангах үүднээс гэр хороололд, өөрийн хашаанд дасгалын танхим байгуулсан биз ээ.

Цирк ард түмнийхээ сэтгэл, зүрх, оюун санааны төв цэгт байсан он жилүүдэд Улсын циркийн уран сайхны зөвлөл тоглолтын хөтөлбөрийг жил, улирал, сараар тун оновчтой гаргадаг байлаа. Бид улирал тутамд цирк үздэг байсан юм. Тэр бүрийд шинэ хөтөлбөртэй байх бөгөөд бүх шатны сургуулийн оюутан, сурагчид гурван төгрөгийн тасалбараар заавал үзэх ёстой. Энэ бол нэг талаас харахад албадлага мэт боловч иргэнээ хөгжүүлэх гэсэн төр, засгийн мэргэн бодлого байв. Үзэгч хүүхэд, залуусын тухайн тоглолтоос олж авсан мэдрэмж, ойлголт, ухаарал насан туршийнх нь амьдралд хүмүүжил, төлөвшлийн суурь болсон байхыг үгүйсгэхгүй. Урлагийн хүмүүжүүлэх ач холбогдол үүнд оршино.

Манай улсад циркийн урлагийн мэргэжлийн дөрвөн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд удирдлагууд нь олон удаа хамтарч төр, засагтаа хандан циркчдээ байраар хангахыг хүссэн ч аль ч засгийн үед хэрэгжүүлье гэж дуугарсан дарга үгүй. Хүнээ хүмүүжүүлэн төлөвшүүлэх арга, ухаан хайж байдаг дарга нар шүүрч аваад хэрэгжүүлэх хөтөлбөр дээрх холбоодод хэд л бол хэдээрээ бий. Юу байна, авьяастай, чадвартай циркчдийн уран, гоё тоглолт бүхий хөтөлбөр байна. Гагцхүү манеж үгүй. Циркийн урлагийн хугараагүй ноён нуруут, “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт “Монгол Улс гадаадын циркүүдийн бэлтгэлийн бааз улс болох нь. Дэлхийд алдартай циркүүдийн эзэд, удирдлага манай уран бүтээлчдийг анддаггүй болохоор тодорхой тоглолт, хөтөлбөрт гэрээгээр ажиллуулахаар урьдаг. Уран бүтээлчид бэлтгэл сургуулилалтыг эндээ сайтар хийгээд очдог, үзэгчдийг алмайртал тоглодог. Саяхан гэхэд л Монте Карлод шидэх банзнаас үсрэгчид хамгийн өндөр амжилт үзүүллээ шүү дээ. Өмнө нь уран нугаралт гэх зэрэг цөөн хэдэн төрлөөр манлайлдаг байсан бол амжилт улам ахисаар байна. Бид улс орноо цирктэй байлгахыг хүсдэг. Нийт уран бүтээлчдийн зөвлөгөөн удаа дараа зохион байгуулж, салбарын яам, агентлагийн асуудал хариуцсан дарга нарыг урьж оролцуулан байдлыг танилцуулж, хүсэлтээ уламжилдаг. Дарга нар бичиж тэмдэглэж, хүлээж авдаг, тэгээд чимээгүй болчихдог. Дээш нь уламжилдаг байх л даа. Гагцхүү Засгийн газарт цирк байгуулах, байшин, манеж барих хөрөнгө байдаггүй юм болов уу. Харамсалтай. Одоохондоо бол циркчид байна. Харин арван жилийн дараа энэ тухай ярихад оройтсон байх болно. Хуучных шигээ Улсын цирктэй болоод, хөтөлбөрүүдээ үзэгчдэдээ хүргээд, олон түмнийхээ соёл, гэгээрэлд нэмэр болж явах сан. Цирктэй болбол зөвхөн бид тоглохгүй, гадаадын уран бүтээлчид байнга ирэх болно. Одоо бол цөөн хэдэн менежер л гадаадаас тоглолт авчирч байна. АСА циркт түрээсийн мөнгө өгөхөөс авхуулаад асуудал мундахгүй. Амьтантай цирк тоглуулах аргагүй болсон. Уг нь цирк бүх насныхны сонирхдог, маш эрэлттэй төрөл юм шүү дээ” хэмээж байна.

Асашёорюү Д.Дагвадорж 2006 онд Улсын циркийг зориулалтыг нь өөрчлөхгүй гэсэн үүрэг хүлээж, менежментийн хувьчлалаар авлаа гэхэд нь энэ урлагийг илүү хөгжүүлж, монгол циркийг алдарт “Нарны цирк”-ийн түвшинд аваачиж мэдэх хүн хэмээн санаж, хэрэндээ олзуурхаж байсан билээ. Гэтэл өнөөдөр Улсын циркийн байшинг түрээсийн объект болгочихов.

“Цирк гэдэг бол сармагчин хэрхэн хүн болсон түүхийг өгүүлдэг урлаг юм” хэмээн нэгэн ухаантан хэлсэн. “Сармагчингаар” хахаж буй өнөөгийн нийгэмд циркийн урлагийн, үзэгчдийн сэтгэлд тэр дороо хүрч, эрч хүч, урам зориг мэдрүүлдэг хүчтэй нөлөө, олон нийтийн гэгээрэл тун чухал энэ цаг үед Д.Дагвадорж аварга өөрөө санаачлан улсдаа цирк байгуулж өгөх нүнжиг бий хэмээн санана. Түүнд байр бий. Мэргэжлийн дөрвөн холбоо дүүрэн уран бүтээлч бэлэн.

Гадаадад бэлжиж, хөрөнгөжсөн хүмүүс нь эх орондоо, ард түмэндээ тустай зүйл хийхийн төлөө өрсөлддөг жишиг Монголд тогтох байх. Их аварга улсдаа цирк бэлэглэх нь одоогийнх шиг манежийг тоглолт хийх гэсэн циркчдэд хоёр саяар түрээсэлнэ гэж суухаас илүү нэр хүндтэй бөгөөд орчин цагийн жентельмений л шийдэх алхам даа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (26)