Цементэн замтай болсноор 90 сая ам.доллар дотоодод үлдэнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат авто замын салбарт нэвтрүүлэх боломжтой технологи судлах зорилгоор төмөр бетон хийц, эдлэлийн “Улаанбаатар БҮК” компанийн үйл ажиллагаатай өнгөрсөн баасан гаригт танилцжээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэхдээ цемент бетон хучилттай барихаар тус яамнаас төлөвлөж буй аж.

Д.Ганбат сайд “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг цемент бетон хучилттай барьснаар ойролцоогоор 90 сая ам.долларын битумыг импортоор авах зардал дотооддоо үлдэх боломжтой” хэмээн онцолсон байна. Мөн чанар болон ашиглалтын хугацаа уртсах ач холбогдолтой аж. Түүнчлэн зам засвар, арчлалтын зардлыг ч хэмнэх боломжтой гэнэ.

Цемент бетон зам барихын тулд газар дээр нь цутгах, эсвэл үйлдвэрлэсэн бетон хавтангаа өрөх гэсэн технологийн аль нэгийг сонгох аж. “Үйлдвэрлэсэн бэлдэц, хавтангаар энэ замыг барих боломжтой” гэж тус компанийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ албаныхан үзжээ.

“Улаанбаатар БҮК” компани сард 30 мянган шоо метр бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Хучилтын нүхтэй хавтан, авто замын даацын төмөр бетон, худгийн бетон хоолой болон явган хүний гарц, хонгил, замын хашлага зэрэг бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)