Ц.Болорчулуун: Ургац хураалт гурван хувьтай, ажил жигдэрч байна

Ургац хураалт эхэлжээ. ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас ажлын явцыг тодрууллаа.

-Энэ зун гантай байсан учраас ургац хураахад нэлээд бэрхшээлтэй байгаа болов уу. Өдгөө ажил хэдэн хувьтай явна вэ?

-ХХААХҮЯ-нд Ургацын штаб ажиллаад эхэлсэн, долоо хоногт хоёр удаа орон нутгаас мэдээлэл авна. Одоогоор ургац хураалт гурван хувьтай, ажил жигдэрч байна. Сэлэнгэ, Төв аймгийн зарим аж ахуйн нэгж буудайгаа буулгаж эхэлсэн. Гантай байсан учраас болц нь харилцан адилгүй байна. Тачирхан тариагаа ангилж хадах зөвлөмж гаргасан.

Зүүн бүсийн аймаг, Төв аймгийн урд талын сумд ганд нэрвэгдсэн учраас ургац тааруу. Байгаа жаахан буудайгаа ангилан хадаж авахаар техник тоног төхөөрөмжөө бэлтгэж байна. Ялангуяа богино тачирхан тариа хураахад зориулсан төхөөрөмжөөр комбайнаа тоноглож эхэлсэн.

-Буудайн чанарын үзүүлэлтийг тогтоож амжив уу?

-Буудайн болц алаг цоог байна. Нэг сумын байтугай нэг аж ахуйн нэгжийн талбай дахь буудайн болц өөр байх жишээтэй. Энэ нь хур тунадас зурваслаж орсноос шалтгаалсан. Гантай жилийн буудай чанартай гэж ахмад тариаланчид хэлдэг. Өдгөө бууж буй буудайг шалгахад чийг нь 12-13 хувьтай, цавуулаг сайн, чанартай байна гэсэн мэдээлэл авлаа. Тиймээс бид дотоодын тариаланчдаас тодорхой хэмжээний үр авч нөөцлөх бодлого баримталж байна.

-Ургацаа хэзээ хурааж дуусгах төлөвлөгөөтэй вэ?

-Аравдугаар сарын 25 гэхэд дуусгана. Техникийн хүчин чадлын хувьд ч ийм боломж бий. Цаг агаар мэдээж нөлөөлнө. Наймдугаар сарын сүүлч шиг олон хоног үргэлжлэн бороо орвол хэцүүднэ. Гэхдээ ес, аравдугаар сард олон жилийн дундажтай ойролцоо хур тунадас унана гэсэн урьдчилсан төлөв гарсан. Байгаль цаг уурын бэрхшээл тулгарахгүй бол төлөвлөсөн хугацаандаа бүх ажлаа дуусгах боломжтой.

-ОХУ-аас манайд буудай нийлүүлэх боломжтой гэж Хөдөө аж ахуйн сайд нь мэдээлсэн байсан. Хэчнээн тонн буудай импортлох шаардлагатай юм бол?

-Өнгөрсөн хавар 367.000 га талбайд буудай тарьснаас 90.000 орчим га-гийн ургацыг хураах боломжгүй, нэг ёсондоо алдсан. Үүнээс 10.000-15.000 га талбайн ургац тэжээлд шилжинэ. Ургацын урьдчилсан балансаар дотоодын хэрэгцээт буудайны 52 хувийг хангаж, 48 хувийг алдах тооцоо гарсан. Ургацаа хурааж дууссаны дараа энэ тоо өөрчлөгдөх байх.

Эцсийн дүнг Засгийн газарт танилцуулсны дараа дутагдах буудайн хэмжээ тодорхой болж, импортын асуудлыг ярих ёстой. Урьдчилсан баланс гарсны дараа манай ХХААХҮ-ийн сайд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдтай уулзаж, буудай импортлох асуудал тавихад нааштай хүлээн авсан. Ойролцоогоор 150.000-170.000 тонн буудай импортлох болов уу гэсэн төсөөлөл бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)