Ц.Болд: Замын ачаалал ихтэй байгаа ч тээвэрлэлтийн эрчмийг нэмэгдүүлж байна

“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлийн авто зам эвдрэл гэмтэл ихтэй байна гэж жолооч нар гомдоллодог. Энэ жилийн зам засварын ажил эхэлсэн үү.

-Манай “Гашуунсухайт авто зам” компани Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэлх 239 км замыг хариуцан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус авто замаар тээвэр хийх эрх авсан 92 аж ахуйн нэгжийн 5877 тээврийн хэрэгсэл байна гэсэн бүртгэл бий. Тогтмол явж байгаа нь 82 аж ахуйн нэгжийн 5600 гаруй тээврийн хэрэгсэл байна. Нэг бүр нь 85-95 тонны жинтэй, ийм олон тээврийн хэрэгсэл тэр зам дээр 24 цагаар явдаг гэхээр асуудал ямар байх нь ойлгомжтой.

Манай зам эвдрэлтэй байгаа нь үнэн. Саяхан улсын МХЕГ-аас Гашуун сухайтын авто замд үзлэг хийгээд, “Дунд зэргийн эрсдэлтэй” гэж дүгнэсэн. Энэ жилийн зам засварын ажил дөрөвдүгээр сарын 25-наас эхэлсэн. Зарим тоо баримт хэлье. Энэ жил 239 км замаа 60, 60 км-ээр нь дөрвөн багц болгоод “Эрдэнэс Монгол” компаниас нээлттэй тендер зарласан. Нэгдүгээр багцын тендерт маргаан гарсан тул дахин зарлахаар болсон.

Хоёр, гурав, дөрөвдүгээр багц тендерт шалгарсан компаниуд ажилдаа хэдийнэ орсон. Багц II тендерт шалгарсан “Билэгт зам” компанийн ажлын гүйцэтгэл 16.7 хувьтай байна. Багц III-т шалгарсан “Тэнгэр-Уул” компани 36.5, багц IV-т шалгарсан “Хүслэнт бүтээмж” компани 4.6 хувийн ажлын гүйцэтгэлтэй явна. Асфальтын ажил хийж эхлээд 14 хонож байна.

Үүнээс гадна зам арчлалтын хоёр компани бий. Арчлалтын тухайд 239 км-ээ хоёр багц болгон эхний хэсэг дээр нь “Сэлэнгэ есөн эрдэнэ” компани шалгарч, ажлаа эхэлсэн, өдөр болгон арван хүний бүрэлдэхүүнтэй хоёр машин цэвэрлэгээ, арчилгааны ажил хийж байна. Сүүлийн хэсгийн зам арчлалтын ажлын багц дээр “Тэгш плант” ХХК шалгараад гэрээ байгуулах шатандаа яваа.

-Зам засварын ажил хэзээ дуусах вэ. Үүнтэй холбоотойгоор нүүрсний тээвэр зогсох уу?

-Манай компани байгуулагдаад гурван жил болох гэж байна. Өнгөрсөн онд “Гашуун сухайт автозам” компани тендерээ өөрсдөө зарлаж, бүтэн жилийнхээ зам засварын ажлыг нэг багц болгоод нэг компанид өгсөн юм. Арчилгааны ажлыг ч бас нэг компанид хариуцуулсан. Үүнээс болж хэл ам их гарсан байдаг. Энэ жил “Эрдэнэс Монгол” компаниас зам засварын ажлыг дөрөв, арчлалтын ажлыг хоёр багц болгосон.

Зургаан компани зэрэг ажиллах учраас зам засвар, арчлалтын ажил чанартай, бас шуурхай болно гэж үзэж байгаа. Энэ жилийн зам засварын ажлыг наймдугаар сарын 15 гэхэд бүрэн дуусгахаар шахуу графикаар ажиллаж байна. Зам засварын ажилтай холбоотой бид тээвэрлэлтийг огт зогсоохгүй. Энэ зам дээр 6000 шахам жолооч тээвэр хийгээд өдөр шөнөгүй явж байна.

Эдгээр жолоочийн ар гэрт дөрвөөс таван хүн байдаг гэж үзвэл 25-30 мянган хүнийг энэ зам тэжээж байна шүү дээ. Тиймээс “Гашуун сухайт авто зам” компаниас барьж буй бодлого бол улсын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж буй нүүрсний экспортын эрчим, тээврээ зогсоохгүйгээр зам засварын ажил хийж, жолооч нарыг ч аль болох саадгүй нэвтрүүлэх арга хэмжээ авна.

Зам засварын компанийнханд “Ачаатай талыг нь түр зогсоож байгаад ачаагүй талыг нь нэвтрүүл ээ. Асфальтын ажил хийж байгаа бол богино зайд түр хаалт хийгээд тэрийгээ тойруулаад нүүрстэй машиныг саадгүй гарга” гэдэг үүрэг, даалгавар өгсөн. Ийм зарчмаар ажиллаж байгаа.

-Засгийн газраас шороон замаар нүүрс тээврийн машин зорчуулахгүй гэсэн шийдвэр гаргаад жил гаруй болж байна.

Гэтэл сүүлийн үед шороон замаар нүүрс тээвэрлэх явдал эргээд нэмэгдсэн тухай яригдах боллоо. Газар дээрээ нөхцөл байдал ямархуу байна вэ.

-Шороон замаар нүүрс тээвэрлэх явдал нэг хэсэг ихэссэн тал бий. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Өнгөрсөн оны наймдугаар сараас нүүрсний үнэ нэмэгдэж, тэр хэмжээгээр нүүрс тээвэрлэлтийн эрчим өссөн. Үүнтэй холбоотойгоор нүүрс тээвэрлэх машин, аж ахуйн нэгжийн тоо ч нэмэгдсэн. Би ажлаа аваад хоёр сар гаруй болж байна.

Гуравдугаар сард намайг ажил авахад 76 аж ахуйн нэгжийн 5067 машин энэ зам дээр явдаг байсан бол хоёрхон сарын дараа 92 аж ахуйн нэгжийн 5877 машин нүүрс тээвэрлэдэг болсон. Хоёрхон сард 800 гаруй машинаар нэмэгдсэн нь компаниуд ашиг орлоготой, тэр хэмжээгээр эргэлт сайн байна гэсэн үг. Өнгөрсөн жилийн хувьд уурхайгаас нүүрсээ ачсан тээврийн хэрэгсэл манай Шалган нэвтрүүлэх цэг дээр ирээд, жолооч нь бууж, диспетчерт падаанаа өгөөд, хураамж төлж, маш их цаг алддаг байсан.

Энэ эрчмийг хурдлуулахын тулд бид энэ жил бэлэн мөнгө авахаа больсон. Дараа төлбөрт буюу бэлэн бус хэлбэрт шилжүүлсэн. Одоо нүүрс тээвэрлэгч нийт аж ахуйн нэгжийн 80 хувь нь дараа төлбөртөд шилжсэн. 20 хувь нь бэлэн мөнгөөр зорчиж байна. Мөн падаан авахаа больсон. “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” компани жолооч нарынхаа бүх падааныг өөрсөд дээрээ хурааж аваад, орой нь манай Шалган нэвтрүүлэх цэгийн ажилтнуудад өгдөг болсон. Ингэснээр жолооч бууж сууж цаг алдахгүй болсон.

Бидний хийсэн саяхны судалгаагаар Гашуун сухайтын авто замын Шалган нэвтрүүлэх цэгээр нэг машиныг 15-20 секундэд нэвтрүүлж байна гэсэн тооцоо гарсан. Нэг минутад 3-4 машин нэвтрүүлэх чадалтай болсон гэсэн үг. Ингэж зохицуулаад овоо сайхан явж байтал сая нэг хэсэг машинууд шороогоор яваад эхэлсэн. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, нүүрс тээвэрлэж байгаа машинууд оочертоо ороод, цуваад явах ёстой шүү дээ. Гэтэл зарим жолооч оочер дайрах зорилгоор, хурдан рейс хийхийн тулд шороон замаар явж байна.

Уурхайгаас гараад Гашуун сухайтын боомтоор ороод, Хятадын Ганцмодны боомтонд нүүрсээ буулгаад, эргээд уурхайдаа ирэхэд нэг жолооч 3.5-4 өдөр зарцуулдаг. Компани нь ашигтай ажиллаад байхаар оочер хүлээгээд байлгүй хурдан гараад ир гэж захирлууд нь тэднийг дууддаг юм шиг байгаа юм. Жолооч нар нь ч гэсэн ашиг орлогоо бодоод өдөржин, шөнөжин шороон замаар давхисаар, манай Шалган нэвтрүүлэх I, II цэгийг тойроод боомтоор гараад явчихдаг ч тал бий.

Мөн зарим компанийн жолооч нар Шалган нэвтрүүлэх цэгүүдэд тушаагаарай гээд захирлынхаа өгсөн мөнгийг өөрөө авах гэж шороон зам сонгодог тохиолдол бий. Аль нэг компанид харьяалагддаггүй хувиараа нүүрс тээвэрлэж байгаа хүмүүсийг бас дурдмаар байна. Тэд мөн л Шалган нэвтрүүлэх цэгүүдэд мөнгө төлөхгүйгээр шороон замаар тээвэр хийдэг. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 2000-3000 машин шороон замаар явж байна гэж бичсэн байна лээ. Тийм боломж байхгүй.

Тодорхой тоо хэлэхэд өнгөрсөн долоо хоногт Гашуун сухайтын зам дээр ажиллаж байгаа гэрээт цагдаагийн тасгийнхан 98 машин журамласан байна. Тэгэхээр нэг шөнөдөө 10 машин шороогоор явж байгаад баригдсан гэсэн үг. Ер нь шороон замаар тээврийн хэрэгсэл явуулж, байгаль орчин бохирдуулж, хөрс сүйтгэхгүйн тулд бид олон төрлийн арга хэмжээ авч байгаа. Үр дүн ч гарч эхэлсэн.

-Жишээлбэл ямар арга хэмжээ авч байна?

-Нэгдүгээрт, компаниудад нь мэдэгдэж, гэрээний хүрээнд хариуцлага тооцож байна. Хоёрдугаарт, Гашуун сухайтын авто зам дээр, Цагаан хад талдаа гэрээт цагдаагийн тасгийнхан ажиллаж байгаа. 2017 оны нэгдүгээр сараас Цагдаагийн ерөнхий газар, “Эрдэнэс Монгол” компани, “Гашуун сухайт авто зам” компани гурвалсан гэрээ байгуулж, гэрээт цагдаагийн тасаг байгуулсан юм. Тэгснээр маш тодорхой үр дүнгүүд гарч байна. Тэнд замын болон хэв журмын цагдаа, тасгийн даргатайгаа 17 хүн ажилладаг.

Өнгөрсөн долоо хоногт бид гэрээт цагдаагийн тасгийнхандаа цоо шинэ гурван автомашин авч өгч, парк шинэчлэл хийлээ. Шаардлагатай тоног төхөөрөмж, цагдаагийн тусгай багаж хэрэгслээ авах мөнгийг нь шилжүүлснээр ажиллах нөхцөлийг нь сайжруулсан. Шороон замаар явж байгаа жолооч нарын машиныг манай хөдөлгөөнт эргүүлийнхэн болон гэрээт цагдаагийн тасгийнхан бас журамладаг.

Түүнчлэн дээрх асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс Автотээврийн үндэсний төв, “Эрдэнэс Монгол” компани, “Гашуун сухайт авто зам” компани гурав хамтраад Гашуун сухайтын боомтын наана байдаг “Сүлдтэй хаалга”-ны дэргэд хяналтын камер суурилуулж байгаа. Монгол Улсын хилээр гарч байгаа бүх машины дугаарыг таньж бичиж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хулгайн замаар, эсвэл шороон замаар яваад хил гарчихаад ирэхэд нь бид бичлэг хийж, номер, дугаараар нь шүүгээд тухайн компани руу нь мэдэгдэнэ.

Ингэснээр жолооч шороон замаар явах ямар ч сонирхолгүй, бас ямар ч ашиггүй болно. Замын цагдаагийнхан маршрутын бус замаар явсан машиныг 40 мянгаар торгодог. “Гашуун сухайт авто зам” компанийнхан гэрээний хариуцлагынхаа үүргийг биелүүлээгүй, шороон замаар тээврийн хэрэгсэл явуулсан гэж тухайн аж ахуйн нэгжид 100 мянган төгрөгийн төлбөр тавьдаг. Санаатайгаар энэ үйлдлээ давтаад байгаа жолооч нартаа хариуцлага тооцож чадахгүй бол бид “С” зөвшөөрөл, нүүрс тээвэрлэх эрхийг нь тодорхой хугацаагаар хязгаарлах талаар Авто тээврийн үндэсний төвд хандах болно.

Ингэвэл жолооч нар эмх цэгцтэй, дэг журамтай болно. Энгийн ажлын өдөр 25-35 км ачаалал буюу дараалал манай зам дээр хонодог байсан. Гэтэл сая нэг хэсэг 60-75 км урт дараалал үүссэн. Урт дараалал үүссэн үед зам дээр машины тос масло гоожуулах, дугуйгаа нөхөж зам гэмтээх, кабиндаа хоолоо хийж, хогоо цонхоороо хаях, архи дарс ууж зодоон хийх, ил задгай бие засах гээд зөрчил дутагдал их гарч байна.

-Жолооч нар архи ууж, зодолдож маргалдах, осол гаргах тохиолдол цөөнгүй гэж дуулсан?

-Манай зарим жолооч ухамсар мөчид, сахилга хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй, хувь хүний зохион байгуулалтгүй байна. Хувь хүнээсээ ч болж байна, тухайн компанийн зохион байгуулалтаас ч шалтгаалж байна. 2017 он гарснаас хойш манай зам дээр автын 1000 гаруй осол зөрчил гарсан. Үүний 90-92 хувь нь жолооч нарын цэвэр хариуцлагагүй байдалтай холбоотой. Оочер дайрах гээд урсгал сөрж яваад өөдөөс нь машин гарч ирэхээр замын хажуу руу дараад ойччихдог.

Хурд хэтрүүлж яваад нэгнийхээ араас мөргөсөн тохиолдол ч зөндөө. Мөн бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол аваар их гаргаж байна. Нутгийн айлуудын малыг дайрсан тохиолдол үе үе гардаг. Жолооч нар бас замын хөдөлгөөнд оролцож байхдаа зогсоо зайгүй утсаар ярьдгийг болиулмаар байна. Ер нь ихэнх зөрчил анхаарал болгоомжгүйгээс л болдог. Өөр нэг асуудал нь тээвэрт явж байгаа жолооч нар архи уух явдал их гарч байна. Ялангуяа бямба гаригт гааль хаачихсан бол даваа гаригийн өглөө хүртэл 36 цаг хүлээх шаардлага гардаг.

Энэ үедээ архи уудаг. Нэг хэсэг нь нүүрсээ буулгачихаад Хятадын талд архи уучихаад орж ирж байна. Тиймээс бид Ганцмодны боомтоос орж ирж байгаа жолооч нарыг зогсоож, согтуурлын зэрэг тогтоох драйгер үлээлгэдэг болно. Хэдхэн хоногийн өмнө Ганцмодны боомтонд нүүрсээ буулгаад хилээр орж ирсэн машины жолооч согтуу байсны улмаас ачаатай машины өөдөөс мөргөж, хоёулаа нас барлаа шүү дээ.

Саяхан хоёр жолооч бас хээр хонож, архи ууж байгаад муудалцаад нэгнийхээ амийг бүрэлгэсэн хэрэг гарсан. Ийм төрлийн хэрэг үе үе гарч байна. Бид удахгүй зам дээрээ зөөврийн болон суурин хурд хэмжигч тавина.

-Тээвэрт явж байгаа жолооч нар ээлж халаагүй, өдөржин шөнөжин явдгийг болиулж болдоггүй юм уу?

-Жолооч нар үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь үнэн. Бүхээгтээ хоноод, хоолоо хийж идээд л явдаг. Нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд “Гашуун сухайт авто зам” компанитай зам ашигласны, Автотээврийн үндэсний төвтэй тээвэрлэх эрхийн гэрээ байгуулдаг. Энэ жил бид гэрээ байгуулж буй компаниудад гурван төрлийн шаардлага тавьж байна.

Нэгдүгээрт, нүүрс тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийг хоёр ээлжтэй болгох шаардлага тавьсан. Мөн жолооч нараа амарч тухлах кэмптэй, гуанзтай болгохыг компаниудаас шаардаж байгаа. Хөдөлгөөний аюулгүй байдал, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад бүх жолоочоо хамруулж, заавал даатгалд бүрэн хамруулсан байх шаардлага тавина.

Түүнчлэн хувиараа тээвэр хийдэг жолооч нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан ямарваа нэгэн компанид харьяалуулах арга хэмжээ авч ажиллах шаардлага байна.

-Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулахад манай төр засгаас сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч байна.

Саяхан Ерөнхий сайд урд хөршид айлчлахдаа боомтын ажиллах цагийн хуваарийг 12 байсныг 16 болгож сунгахаар тохиролцсон?

-Гаалийн байгууллага өөрсдийн боломжит түвшинд, хүчин чадалдаа тултал маш сайн ажиллаж байгаа гэж боддог. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Боомтын үндэсний зөвлөл байгуулагдсан. Үүнд салбарын яам, гааль, цагдаа, мэргэжлийн хяналт, хилийн цэрэг зэрэг холбогдох бүх байгууллага нэгдэж, ажлаа маш сайн уялдуулж байгаа. Манай талаас хүсэлт тавьсны дагуу эхний удаа цагаа сунгалаа. Дараагийн удаа ням гаригт ажилладаг болгож өгөөч гэсэн хүсэлт бид тавина.

Цаашлаад олон улсын А зэрэглэлд орж, 24 цагийн ажиллагаатай болчихвол манай зам дээр оочер дараалал огт үүсэхгүй шүү дээ. Нэг шинэ мэдээлэл дуулгахад, бид энэ жил хэд хэдэн төрлийн тодорхой ажил хийнэ. Нэгдүгээрт, “Эрдэнэс Монгол” компаниас зам дээр хонож байгаа тээврийн хэрэгслүүдийн ачааллыг бууруулах зорилгоор улсын хилийн наад талд 550 машины авто зогсоол байгуулах гэж байгаа. Зураг төслийн тендер зарлачихсан. Зориулалтын зогсоолтой болчихвол түүнийгээ дагаад хоолны газрууд нүүгээд ирнэ.

Манай зүгээс нийтийн бие засах газар, хогийн сав, бохирын цооногийг нь хийгээд, цагдаагийнхан байнгын постоо барьчихвал хэн хэндээ амар болно гэж бодож байгаа шүү. Саяхан Ерөнхий сайдын айлчлалаар гаалийн ажиллах цагийн хуваарь 12 байсныг 16 цаг болгон сунгахаар тохиролцсон. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайтын гааль дөрвөн замаар нүүрстэй машин гаргаж, хоёр замаар хоосон машин оруулж байна. Харин Хятадын тал хоёр замаар нүүрс татаж, хоёр замаар хоосон талаа гаргаж байсан бол зам засварын болон бэлтгэл ажил хийж өчигдөр нэг зам шинээр нээлээ.

Удахгүй дөрөв дэх замаа ашиглалтад оруулна. Гурван замаар нүүрс татсан эхний өдөр л гэхэд 1605 машин гаалиар гарчээ. Энэ нь ердийн өдрөөс 500 машинаар нэмэгдсэн гэсэн үг. Өнгөрсөн жил бид 12 сая тн нүүрс тус замаар нэвтрүүлсэн. Ажил ийм ахицтай, эрчимтэй явагдвал энэ жил 20 сая тн нүүрс нэвтрүүлэх боломж бий. Өнөөдрийн байдлаар 10.1 сая тн-ыг гаргаад байна.

- Сүүлийн хэдэн жил ярьж байгаа хос зам тавих ажил юу болсон бэ?

-Хос зам тавих асуудал сүүлийн үед нэлээд хүчтэй яригдаж байна. Замын зургийг нь хоёр жилийн өмнө хийсэн юм билээ. Санхүүжилтийн асуудлыг шийдчихвэл концессоор хийгдэх ажил. Хос зам ашиглалтад орчихвол мэдээж байдал илүү сайжирна. Одоо энэ зам маань хоосон талдаа ирэх урсгалын зам болоод, шинээр тавигдах зам нь зөвхөн ачаатай машины хоёр эгнээ нэг урсгалын зам болох юм.

Хэрвээ хос замтай болчихвол өдөрт гарч байгаа 1000-1200 машин маань 1800-2000 болж нэмэгдэнэ. Улс орны эдийн засаг, нүүрсний экспортод чухал ач холбогдолтой зам болно. Үүнээс гадна нүүрс тээврийн 90 гаруй аж ахуйн нэгж 6000 гаруй жолооч, тэдэнд үйлчилгээ үзүүлдэг хоолны газрууд, дэлгүүр мухлаг, хог цэвэрлэгээний байгууллагууд, ШТС, Шалган нэвтрүүлэг цэг, дугуй засварын газар зэрэгт ажилладаг маш олон хүн энэ замаас амьдралаа залгуулж байгааг хэлэх нь зүйтэй.

-Авто тээврийн үндэсний төвөөс Гашуун сухайтын авто замд тээвэр хийж буй аж ахуйн нэгжүүдийг “Хоногийн нэгдсэн график”-т оруулаад нэг улирал болж байна. Үр дүн гарсан уу?

-Үр дүн гарч байгаа. Авто тээврийн үндэсний төвөөс зохион байгуулж байгаа “Хоногийн нэгдсэн график” бол тээврийн хэрэгслүүдийн ачааллыг тэнцүүлэхээр хийж буй зохицуулалт юм л даа. Сүүлийн үед “Хоногийн нэгдсэн график”-т сөргөөр нөлөөлж буй нэг зүйл нь Цагаан хадны нүүрс буулгах боомтынхны талбайтай холбоотой. Уурхайгаас ачигдсан нүүрс уртын рейсээр Монгол Улсын хилээс 20 км-ийн наана байх Цагаан хадны хэсэгт буучихдаг.

Тэндээсээ богинын рейсээр урд хил рүү дахин зөөдөг юм. Энэ нь манай ажлыг маш их хүндрүүлдэг. Оочер дарааллаараа хол зам туулаад ирсэн машинуудыг зогсоож байгаад, 17.00-19.00 цагийн хооронд богинын рейснээс 200 машин оруулдаг.

Тэгэхээр жолооч нар уурлаж бухимдах нь аргагүй биз дээ. Богинын рейсийг болиулаач гэсэн санал, хүсэлт жолооч нар маш их тавьдаг. Цагаан хадны хэсэгт нүүрс цөөрч байгаа. Гэхдээ л зогсоогүй.

-Танай компани нийгмийн хариуцлагын чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Манай “Гашуун сухайт авто зам” компанийн хариуцсан 239 км зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд гэсэн гурван сумын нутгаар дайран өнгөрдөг. Эдгээр сумын ЗДТГ-тай энэ онд хамтран ажиллах төлөвлөгөөгөө бид гаргасан. Сум болгонд нэгээс хоёр худаг тохижуулъя, хогийн цэгт хашаа барьж өгье, малчдыг малаа хариулгагүй зам дээр гаргахгүй байх талаар анхааруулга самбар байрлуулъя, шинэ жил, Цагаан сарын барилдаан, хурдан морины бай шагналыг ивээн тэтгэе, волейбол, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулъя гэхчилэн олон ажил төлөвлөөд байна.

Эхнээсээ хэрэгжүүлж эхэлсэн. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд бид орон нутгаас хүн авч ажиллуулдаг. “Гашуун сухайт авто зам” компанид 108 хүн ажиллаж байгаагийн 46 нь тус аймгийн харьяалалтай иргэн байна.

-Ойрын үед танайхаас хийхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?

-Авто тээврийн үндэсний төвтэй хамтраад нүүрс тээвэрлэхээр гэрээ байгуулсан 92 аж ахуйн нэгжийн захирлуудтай бид өнөөдөр уулзах гэж байна. Эхлээд удирдлагын түвшиндээ асуудлаа яриад гэрээгээр яаж чамбайруулах вэ гэдгээ шийднэ. Тээврийн хэрэгслийн, гэнэтийн ослын, эрүүл мэндийн даатгалтай болгох, кэмп байгуулах, ээлжийн жолоочтой болгох талаар ярилцана.

Манай гэрээт цагдаагийн тасаг байгуулагдсан нэг улиралд 3200 гаруй жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлын болон, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт явуулсан. Ингэснээр жолооч нарын хариуцлага сайжирч байна. Жолооч нарт хандсан бас нэг ажил нь “Гашуунсухайт авто зам” компани “Эрдэнэс Монгол” компани хамтраад Шалган нэвтрүүлэх цэгүүдийн дэргэд электрон мэдээллийн самбар байршуулж байна. Цаг агаарын байдлыг анхааруулж мэдээлж байя.

Мөн хэдэн км-ийн цаана зам засварын ажил явагдаж байгаа шүү, хурдаа хасаад, манай хөдөлгөөнт эргүүлийн зохицуулсан замаар гарна уу ч гэдэг юм уу. Эсвэл 95 км дээр хоёр машины дугуй хагараад зогссон байна. Тиймээс тэр машиныг тойрч гарахын тулд хурдаа хасна уу гэхчилэн зам засварын болон осол гэмтлийн мэдээллийг бид жолооч нарт электрон самбараар өгөх юм.

Эцэст нь хэлэхэд энэ замаар бид улс орны эдийн засагт хэрэгтэй нүүрсээ саадгүй явуулна. Амьдралаа залгуулах гэж байгаа жолооч нарынхаа эрх ашгийг ч хамгаална. Тендерт шалгарсан, богино хугацаанд зам засварын ажил хийж гүйцэтгэх компаниудыг ч ажлаа хийх нөхцөл боломжоор хангана.

Ийм л цогц арга хэмжээ авахаар “Гашуун сухайт авто зам” компани мэргэжлийн бүх байгууллага, орон нутаг, цагдаа, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна даа. Тодорхой хугацааны дараа үр дүн гарна гэж найдаж байна. Эхнээсээ гарч ч байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)