Ц.Баярсайхан: Газар хөдлөлтөөс учрах хохирлын эрсдэлийг бууруулахад төр, засгийн бодлого чиглэх ёстой

“Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар өнөөдөр Төрийн ордонд болж байна. Уг семинарт оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ "“Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарт оролцож буй Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдоржийн анхаарлаа хандуулж ирсэн нэгэн гол ажил бол газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд төрийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлсэн явдал байсан. 2010 онд Гайти улсад газар хөдлөлт болж, олон зуун мянган хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учирсан билээ. Үүнээс 10 хоногийн дараа буюу 2010 оны 1 дүгээр сарын 22-нд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн төлөв байдал газар хөдлөлт болон бусад төрлийн гэнэтийн гамшгийн өмнө сөрж зогсох бэлэн байдлын талаар хэлэлцэн, газар хөдлөлтийн төлөв байдлыг нарийвчлан судлах, түүний гамшгийн хөнөөлийг урьдчилж амжиж анхааруулах системтэй болох; орон сууц, олон нийтийн зориулалтын барилгын чанарыг шалгаж тогтоох; ашиглалтын шаардлага хангахгүйг нь шинэчлэх, хүчитгэх дахин төлөвлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх; гамшгийн үед аврах, сэргээн босгох ажилд оролцох техник хэрэгслийн хүчин чадал, хангамж, мэргэжлийн хүмүүсийн ур чадварыг сайжруулах; иргэд, мэргэжилтнийг гамшгаас хамгаалах дадлага сургуультай болгох зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгсон. Мөн гамшгаас хамгаалах төрийн ой санамжийг тогтоохын тулд жил бүрийн 1 дүгээр сарын 22-нд газар хөдлөлтийн төлөв байдал, түүний гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын явц, үр дүнг тайлагнаж байх үүргийг өгсөн билээ.

Мөн онд Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар тодорхой заалтуудыг тусгасан байна.

2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хангах, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэл өгсний дагуу Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай, орон тооны бус зөвлөл байгуулагдан, үр дүнтэй ажиллаж байна.

2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17.30 цагт Улаанбаатараас 20 км-ын зайтай орших Гүнжийн хагарал дээр 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэл даяар мэдрэгдсэн. Хэдийгээр ноцтой хор хохирол учраагүй ч бид гамшгаас хамгаалах хир чадавхитай байна вэ гэдэг асуудал бүх түвшинд яригдаж, Улсын Их Хурал энэ талаар тусгайлан чуулганы хуралдааныг зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Гамшгаас хамгаалах чиглэлээр багагүй ажлууд хийгдэж, тодорхой үр дүн гарч байгаа ч цаашид илүү анхаарч, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгон сайжруулах, хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэх асуудал байсаар байна.

Өнөөг хүртэл дэлхийн аль ч орны эрдэмтэн судлаачид аюулт газар хөдлөлт болох хугацаа, түүний хүчийг урьдчилан тооцоолж чадахгүй байна. Хүчтэй газар хөдлөлт болохыг урьдчилан тогтоох боломжгүй ч газар хөдлөлтөөс учрах хохирол, түүний дотроос хүний амь нас, улс эх орны нийгэм эдийн засагт учруулах эрсдэлийг бууруулахад төр, засгийн бодлого чиглэх ёстой.Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчмын хүчтэй газар хөдлөлтийн хагарлуудын дагуу бүртгэгдэж буй газар хөдлөлтийн тоо, мөн хүчний хэмжээ ихсэж, давтамж нь ойртож байгаа талаарх эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг анхааралдаа авч хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд дараах 4 чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна.

Үүнд:

  1. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хангах, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
  2. Монгол орны болон Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхижилт, цаашдын төлөв байдал, аюулын үнэлгээний судалгаа шинжилгээ, мониторингийн ажлыг өргөжүүлж эрчимжүүлэх;
  3. Хот төлөвлөлтөд төвлөрлийг сааруулах, газар хөдлөлтийн эрсдэл багатай бүс рүү төлөвлөх арга хэмжээг авах, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг буулгаж шинээр барих, барилгын норм, дүрмийг шинэчлэх;
  4. Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед нийтэд зарлан мэдээлэх тогтолцоог өргөтгөх, гамшгаас хамгаалах нөөцийн удирдлага, чадавхийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн анхаарлын төвд байнга хамаарч байдаг асуудлууд юм.

Саяхан Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах сургалт, дадлагын төвийг шинээр байгуулсан нь мэргэжлийн аврагчид дадлага сургуулилт хийж, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж байхаас гадна жирийн иргэд, оюутан, сурагч, хүүхэд багачууд ч газар хөдлөлт, гал түймэр зэрэг гамшгийн хор хөнөөлийг бодитоор мэдэрч, түүнээс өөрийгөө болон бусдыг аврах арга туршлагад суралцах боломжийг бүрдүүлж байна.

“Мэдлэгээ түгээцгээе. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах менежментийн өнөөгийн байдал, олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинар нь гамшгийн эрсдлийг бууруулах, түүнээс бүрэн хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг шинэ үе шатанд гаргах нөхцөл шаардлагыг мэдэрсэн, цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна гэж үзэж байна. Үндэсний семинараас Та бүхэн гамшгийн удирдлагын оновчтой, зөв чиг хандлагыг тодорхойлж, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэж найдаж байна." гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)