Ц.Батзориг: Би олон ч удаа “үхсэн” дээ

Унгарт амьдардаг, гадаадын олон кинонд орлон тоглогчоор ажилласан Ц.Батзоригтой цахимаар холбогдож ярилцсанаа хүргэе.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Цогбаатарын Батзориг гэдэг. Би ахлах сургуулиа төгсөөд 2010 онд Унгарын Олон улсын бизнесийн их сургуулийн (IBS) аялал жуулчлалын ангид сурахаар ирсэн юм. Киноны арын албанд зүтгэх нь цагийн ажил хийснээс илүү цалин авдгийг дуулснаар 2012 оноос кино урлагтай холбогдсон. Орлон тоглогч болбол амжилтад хүрэх боломж байгааг мэдээд хүсэл эрмэлзэл минь ч өөрчлөгдөж, урлагийн замаар эргэлт буцалтгүй алхлаа.

Унгарын орлон тоглогчийн академид сурч байсан ч зааж буй хичээл нь хангалтгүй санагдсан болохоор улсдаа чансаагаараа гуравдугаарт ордог орлон тоглогчийн багт өнгөрсөн есдүгээр сараас ажиллаж байна. Энэ багийг хариуцдаг, надад хичээл зааж бэлтгэдэг орлон тоглогч Гюри Кивеш (Gyцrgy Kнvйs) гуай өдгөө 60 настай. Энэ салбарт 40 жил ажилласан, каратэгийн гурван дантай, салбартаа танигдсан хүн бий.

-Хамгийн анх ямар кинонд оролцсон бэ?

-Английн “Strike back” цуврал кинонд хамгийн анх цэрэг болж оролцохдоо буудуулж, зодуулж, үсэрч унаж олон ч удаа үхэж тоглосон доо. Ер нь гол, туслах дүрүүдийг тодруулах хэсэгт ихэвчлэн тоглосон. Хүмүүсийн мэддэг “The Martian”, “Spectral”, “Blade runner”-ын хоёрдугаар анги тэргүүтэй 10 гаруй кинонд ажиллажээ.

Одоо л дүр авах түвшинд хүрч байна. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд нээлтээ хийсэн, Энэтхэгийн “Force-2” кинонд Хятадын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн дээрэмчин болж, Энэтхэгийн мафитай тохиролцож буйгаар тоглосон. Олон улсад биш, зөвхөн Унгартаа удахгүй нээлтээ хийх хэд хэдэн кинонд оролцлоо.

-Та тулааны ямар урлагаар хичээллэдэг вэ. Бусад орлон тоглогчоос юугаараа онцлог вэ?

-Холимог тулаан, цэргийн стандарт төрлийн зодооны урлаг, кикбоксоор хичээллэдэг. Үзүүлбэртэй тулалддагаараа багийнхнаасаа жаахан онцлог болов уу. Монгол хүн учир цаашдаа моринд гарамгай болох ёстой гэж бодож байна.

Машин, мотоциклтой хэсэгт орлон тоглох эрсдэлтэй учир акробат, гимнастикийн төрлүүдээр чадвараа ахиулахыг зорьж буй. 40 жил орлон тоглогчоор ажилласан Гюри Кивеш багш маань одоо ч суралцаж байгаа. Орлон тоглогч нар хэзээ ч суралцаж дуусдаггүй юм билээ.

-Хэр олон удаа гэмтэж байсан бэ. Эрсдэлтэй хэсэгт орлон тоглож байв уу?

-Бэлтгэлийнхээ үеэр таван метр өндрөөс буруу арга барилаар үсрээд хөлөө хугалж байсан. “Stike back”-т би гурван удаа буудуулж тоглосон юм. Энэ хэсгийг илүү бодит харагдуулахын тулд биен дээр минь хиймэл цус бүхий жижиг хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан.

Буудахад хиймэл цус дэлбэрч, үсэрч харагдах учиртай. Тэсрэх бөмбөгөө буруу тавибал бэртэх магадлалтай байсан ч азаар арьс жаахан хөхрөөд өнгөрсөн.

-“Blade runner” киноны хоёрдугаар ангийн зургийг авах үед орлон тоглогч амиа алдсан юм билээ. Энэ үед танд юу бодогдож байсан бэ?

-Харрисон Форд, Жаред Лето нарын Холливудын одын тоглосон ирэх аравдугаар сард нээлтээ хийх “Blade runner 2049” киноны зургийг арваннэгдүгээр сард авч дууссан. Энэ кинонд миний нүүр царай нэг их гарахгүй байх. Олны хэсгийн зодоонд оролцож, гол дүрийн жүжигчин цонхоор харах үзэгдлийн үед гадаа сууж байгаа зэргээр их жижиг хэсэгт тоглосон. Бүр эрсдэлтэй хэсэгт оролцоогүй юм.

Орлон тоглогч киноны зураг авах үед автомашины осолд орж, өндрөөс буруу унаад нугасаа тасалж байсныг, ганц хайнга хөдөлгөөн ч гэмтээж болдгийг мэддэг байсан болохоор тухайн үед цочролд ороогүй. Айх байсан бол орлон тоглогч болохгүй шүү дээ.

-Европ кинонд азичуудыг ихэнхдээ ямар дүрд тоглуулдаг вэ?

-Холливудын кинонд ази жүжигчдийг нэг их тоглуулдаггүй. Унгарт хийдэг кинонд тоглуулах ази жүжигчдээ ихэвчлэн Англи, Хонконгоос сонгодог. Унгарт ази орлон тоглогчийн эрэлт бага. Гэхдээ энд ази орлон тоглогч цөөн тул надад давуу тал болдог.

Урьд нь орлон тоглогчоос гадна сүшиний тогооч хийдэг байсан. Гэхдээ олон цагаар ажиллуулдаг байсан болохоор одоо зөвхөн бэлтгэлдээ гол анхаарлаа хандуулж буй. Ажиглах нь ээ, азиудыг эрдэмтэн, ухаалаг залуу, эсвэл доожоогүй эр, мафийн гишүүний дүрд тоглуулдаг юм шиг ээ.

-Жүжигчинтэй төстэй төрхтэй хүнийг орлон тоглогчоор нь ажиллуулдаг. Та одуудаас хэн нэгнийг орлож байв уу?

-Тухайн жүжигчинтэй ижил бие, төрхтэй хүн зураг авахаас өмнө камерын өнцөг, гэрэл тааруулахад жүжигчнийг орлож бэлтгэл ажилд оролцдог юм. “Марко Поло” киноны Хубилай хааны дүрээр монголчуудын мэдэх Бенедикт Вонгийг “The Martian” кинонд тоглоход нь би хаана аль өнцгөөс зураг авбал гоё харагдах вэ гэдгийг тандах бэлтгэл ажлын үеэр түүнийг орлосон. Өөрөөр хэлбэл, яг зураг авах үед жүжигчин өмнө нь миний туршсан хөдөлгөөнүүдийг хийнэ гэсэн үг.

“Марко Поло” киноны зургийг Унгарт авсан юм билээ. Та оролцсон уу, монгол орлон тоглогчдын чадвар хэр санагдсан бэ?

-Олны хэсэгт жирийн иргэн, цэрэг, генерал, харуул болж оролцсон. Уг нь Марко Пологийн адуучны дүрд сонгогдсон ч тухайн үед өөр кинонд ажиллаж таарсан учир оролцож чадаагүй.

Дараа нь үзэхэд миний тоглох байсан дүрийг хассан байна лээ. Монгол орлон тоглогчид морьтой, байлдааны хэсэгт гарамгай байсан. Би тэдэнтэй танилцсан ч яг нэг хэсэгт хамтарч ажиллаагүй болохоор хэр байсныг нь нарийн хэлж мэдэхгүй юм.

-Алдартай уран бүтээлчидтэй ярилцах боломж хэр олон тохиож байсан бэ?

-Зураг авах үед тухайн жүжигчин дүрдээ уусдаг тул яриа өдөх боломж тэр бүр гардаггүй. Гэхдээ “American hustle”, “Fury”, “Аnt man” кинонд тоглосон мексик гаралтай Майкл Пена болон Бенедикт Вонг, “Spectral”-ын уран бүтээлч Клэйн Крафорд зэрэг олон жүжигчинтэй ярилцаж, зургаа даруулж байлаа. Тэд ихэнхдээ хаанаас ирснийг минь сонирхсон.

Эх орныхоо тухай ярихад ганц, хоёр од Монголд очиж байснаа дурссан бол зарим нь “Ёстой гоё байгальтай гэж дуулсан” хэмээсэн. Туршлагатай жүжигчидтэй ажиллахдаа тэднийг хэрхэн орчноос тасарч, дүрдээ орж үгээ яаж өөрийн болгон хэлж байгааг нь ажиглаж, суралцахыг хичээдэг.

-Холливуд, Болливудынхан яагаад Унгарт зураг авах сонирхолтой байдаг юм бэ?

-Эндхийн мөнгөний ханш бага учир зураг авахад хямд өртөгтэй. Мөн өндөр зэрэглэлийн кино үйлдвэр Унгарт олон бий.

-Манай улс үзэсгэлэнт онгон байгалиараа алдартай. Энэ газар нутгаа зураг авах талбай болгох боломж хэр байдаг бол?

-Манай дэд бүтэц хөгжөөгүй учир Холливудын алдартай компаниуд Монголд зураг авахад хүндрэлтэй. Тухайлбал, хөдөө зураг авах болбол зам нь ямар билээ дээ. Хэлний мэдлэгтэй, өндөр түвшний дууны найруулагч, гэрэлтүүлэгч зэрэг арын албаныхан ч манайд цөөн, зураг авах техник гадаадынхтай харьцуулахад тааруу учир одоохондоо эрт байна.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Ирэх сард Унгарт гадаадын хэд хэдэн киноны зургийг авна гэж дуулсан болохоор одооноос бэлтгэлээ базааж байна. Мэдээж одод орлон тоглогчоос илүү үнэ хүндтэй байдаг учраас жүжигчин болох хүсэлтэй. Цаашдаа Лондон, Америкт Холливудын кинонд ажиллах зорилготой. Төлөвлөсөн зүйл их байгаа ч одоо хэлэх эрт байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)