Цахим системд шилжсэн ч цэгцрээгүй хэвээр

Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд суух гэсэн нэгэн иргэн картаа уншуултал төхөөрөмж “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна” хэмээн дуугарлаа. Тэрбээр жолоочид нь 500 төгрөг өгөх гэтэл тухайн үед автобусанд явсан шалгагч ажилтан “Заавал картаар зорчих хэрэгтэй. Үгүй бол автобуснаас буу” хэмээтэл маргаан үүссэн юм. Тухайн иргэн “Хоёр буудал газар алхаж, карт цэнэглүүлэх цэг хайлаа. Нээлттэй газар нэг ч алга” гэж бухимдсан. Энэ мэтээр шалгагч нар картгүй, түүнийгээ цэнэглээгүй иргэдийг буулган, жолоочид бэлэн мөнгө өгөхгүй байхыг сануулж байв.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд 2015 оны долдугаар сараас цахим симтемд шилжсэн. Ингэснээр санхүүгийн “урсгал” ил тод, зорчигчдын мэдээлэл нэгдсэн системд төвлөрөх зэрэг давуу тал бий болсон юм. Улмаар 2017 оны дөрөвдүгээр сараас нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компанийнхан хамтарч, автобуснуудад байршуулсан байсан мөнгөний хайрцгийг хурааж, иргэдийг зөвхөн картаар зорчуулах шийдвэр гаргасан. Түүнээс хойш гурван жил өнгөрсөн ч автобусны ухаалаг төхөөрөмжтэй холбоотой асуудал цэгцэрсэнгүй. Тэр дундаа карт цэнэглэх болон борлуулах цэг хүрэлцээгүй хэвээр байна.

Ихэвчлэн автобусны буудалд байрлах ТҮЦ, сонин борлуулах цэгүүдэд карт цэнэглэдэг. Гэтэл иргэд олноор автобусаар зорчдог өглөө, бас оройд цэгүүд хаалттай байдаг учраас хүмүүс жолоочид бэлэн мөнгө төлж, зорчихоос өөр аргагүй болдог гэнэ. Зарим цэг бүр огт ажилладаггүйг иргэд хэлсэн. Мөн CU, “Circle K” зэрэг түргэн хоолны сүлжээ дэлгүүрт карт цэнэглэх цэг бий. Гэхдээ карт цэнэглэх төхөөрөмжийг төлбөр төлөх хэсэгт байршуулсан нь оновчгүй санагдсан. Төлбөр төлөх хэсэгт урт дараалал үүссэн үед иргэд картаа цэнэглүүлэхгүй гарах тохиолдол цөөнгүй учраас тэр. “Дараалалд зогссоор байтал автобус аль хэдийн явчихна биз дээ” гэж зарим хүн учирласан.

Иргэд бэлэн мөнгөөр зорчиж буй, эсэхийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон “City bus consulting” компанийн ажилчид хамтран шалгаж, зөрчил гаргасанд нь хариуцлага тооцдог аж. Зөрчлийн тухай хуулийн 14.6-1 дэх хэсэгт нийтийн тээвэрт бэлэн мөнгө төлж зорчсон иргэнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 мянган төгрөгөөр торгоно гэж заасан. Гэвч эл заалтыг төдийлөн хэрэгжүүлдэггүйг автобусаар өдөр бүр зорчдог иргэд анзаарсан биз ээ.

“ҮЛДЭГДЭЛ МӨНГӨ ХҮРЭЛЦСЭНГҮЙ”

Наймдугаар сарын 2. 09.55 цаг. Иргэд картаар үйлчлүүлж байгаа, эсэхийг сонирхон зарим чиглэлийн автобусанд суулаа. Улиастайн шинэ эцсээс Дэнжийн мянга хүрэх автобусанд суун, эцсийн зогсоол хүртэл нь явав. Энэ хугацаанд цөөнгүй зорчигч жолоочид бэлэн мөнгө өгөхийг харлаа. Жолооч нар ч “Картаа уншуул” гэж шаардахгүй, мөнгийг дуртай нь аргагүй авчихав. Картынх нь үлдэгдэл мөнгө хүрэлцээгүй шалтгаанаар хоёр, картгүй 13, нийт 15 хүн жолоочид мөнгө атгуулав. Уг автобусаар зорчсон хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэд л голдуу картаар зорчлоо.

19.13 цаг. Орбитын шинэ эцсээс хуучнаар “Ард” кинотеатр чиглэлийн автобусанд ч нөхцөл байдал адил байв. Үлдэгдэл мөнгө хүрэлцэхгүй гэсэн зургаа, картгүй 19, нийт 25 хүн бэлэн мөнгөөр зорчив. Зарим нь жолоочид 1000 төгрөг өгч, хариулт авч байх юм. Орбитын хуучин эцсээс нийт зургаан хүн, “Зааны төгөл” цэцэрлэгийн зогсоолоос суусан найман хүн жолоочид мөнгө өгөв. Үүнээс үзвэл зорчигч ихтэй үед жолооч нэг буудлаас 3000-4000 төгрөгийн орлого олох боломжтой аж. Цаашлаад нэг чиглэлийн 20 буудалд зогсоод, 60 000-80 000 төгрөг халааслах нь.

Ихэвчлэн гэр хороолол дахь зогсоолуудаас автобусанд суусан хүмүүс картгүй байгаа нь ажиглагдсан. Бэлэн мөнгө төлсөн иргэд “Автобусны буудлуудад карт цэнэглэх цэг байхгүй бол мөнгөө өгдөг. Заримдаа картаа гэртээ мартсан үедээ ч мөнгө төлдөг”, “Гэрээсээ хааяа л гардаг болохоор карт хэрэглэдэггүй” гэлээ. Тэр байтугай “U money” аппликэйшн, үүрэн холбооны зарим компанийн сим карт болон ХААН банкны “City pass” картыг ашиглан автобусаар зорчих боломжтой зэргийг ч мэддэггүй хүн цөөнгүй аж. Өдөрт хэчнээн удаа автобусанд суух, цааш дамжвал хэчнээн төгрөг хэмнэх зэргийг дээрх аппликэйшнээс мэдэж болно.

500-90 000 ТӨГРӨГӨӨР ЦЭНЭГЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Иргэд автобусны картаа хамгийн багадаа 500, дээд тал нь 90 мянган төгрөгөөр цэнэглүүлэх боломжтой. Карт цэнэглэх, борлуулах нэг цэг өдөрт дунджаар 20 000-аас дөрвөн сая хүртэлх төгрөгийн хооронд иргэдийн картыг цэнэглэдэг байна. Тухайлбал, олны хөл хөдөлгөөн ихтэй, МУБИС-ийн автобусны буудалд байрлах цэгт амралтын нэг өдөр 1.5 сая төгрөгөөр карт цэнэглэжээ. Ер нь энэ цэгт өдөрт 1-4 сая төгрөг “эргэлддэг” аж. Үйлчлүүлэгчид ихэвчлэн 07.00-10.00, эсвэл 19.00-21.00 цагт картаа цэнэглүүлдгийг худалдагч нар хэлсэн. Төв зам дагуу байрлах цэгүүдийн дийлэнх нь нээлттэй ч ачаалал ихтэй байв. Учир нь нэг буудалд ийм цэг нэг л бий.

Сансрын үйлчилгээний төв автобусны буудал дахь CU-гийн салбарт өнгөрсөн сарын 31-нд очтол “Карт цэнэглэхгүй” гэв. Менежерээс нь учрыг тодруулахад “Бид “Улаанбаатар смарт карт” компанитай гэрээ байгуулан, хамтран ажилладаг. Манай салбарт карт цэнэглэх мөнгөний дээд хэмжээг сард 250 мянган төгрөг гэж тогтоосон. Эл мөнгө нь дууссан тохиолдолд цэнэглэх боломжгүй. Төхөөрөмж мөнгөгүй болчихвол дараа сар хүртэл хүлээх хэрэгтэй. Одоогоор мөнгө нь дууссан болохоор карт цэнэглэхгүй” гэлээ. Хажуухан талд нь байрлах “Circle K” дэлгүүрт оров. Худалдагч Г.Туул “Иргэд өдөрт 50-60 мянган төгрөгөөр л карт цэнэглүүлдэг. Энэхүү дүнгийн хэмжээ гэрээт цэгүүдийн байршлаас хамаардаг. Өмнө нь “Бөмбөгөр” худалдааны төвийн салбарт ажилладаг байхад иргэд өдөрт 300 гаруй мянган төгрөгөөр картаа цэнэглүүлдэг байсан” гэв. Тус автобусны буудлын ард байрлах ТҮЦ рүү орж, хүмүүс картаа цэнэглүүлдэг, эсэхийг сонирхлоо. Тус газрын худалдагч Ч.Ганзул “Бид эхлээд өөрсдийн мөнгөөр төхөөрөмжөө цэнэглэдэг. Учир нь энд картаа цэнэглүүлэх гэсэн хүн олон. Голдуу 25-аас дээш насныхан дунджаар 5-10 мянган төгрөгөөр цэнэглүүлдэг” гэсэн юм.

ӨДӨРТ НЭГ Л БАРИМТ ӨГНӨ

“Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул “Манай байгууллага карт борлуулах, цэнэглэх газруудтай гэрээтэй ажилладаг. Тогтмол үйл ажиллагаа явуулдаг, эрт нээж, орой хаадаг зэрэг шаардлага хангасан газруудад төхөөрөмжөө суурилуулдаг. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 540 гаруй гэрээт цэг байсан бол өдгөө 700 орчим болсон. Гэрээт цэгийн тоог энэ онд багтаан 1000 болгохоор төлөвлөсөн” гэж ярилаа. Тус компанийнхан энэ жил хоёр шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Тухайлбал, “Голомт” банктай хамтран “Easy pay” төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. ТҮЦ-т байрлах уг төхөөрөмжид банкны картаа уншуулж, автобусныхыгаа цэнэглүүлэх боломж бүрджээ. Өмнө нь зөвхөн бэлэн мөнгөөр цэнэглэдэг байсан бол үүний ачаар аль ч банкны картыг ашиглах боломж бүрдсэн аж. Мөн автобусны картын 16 оронтой тоог “Ebarimt”-д бүртгүүлснээр НӨАТ-ын сугалаанд оролцох эрхтэй болжээ. Үүний тулд нэгдүгээрт, “Ebarimt” аппликэйшнд нэвтэрч, бусад гэсэн цэсийг сонгон, хялбар бүртгэлийг идэвхжүүлж, картын дугаар болон төрлөө сонгоод, хадгалах юм. Тухайн өдөр зорчсон тооноос үл хамааран, хоногт нэг л баримт таны хаягт автоматаар бүртгэгдэх аж. Түүнчлэн картаа хаяж, гэмтээсэн, хөнгөлөлттэй зорчигчийн картыг сунгах талаар мэдээлэл авах бол дээрх компанийн Хэрэглэгчийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаж болох нь. Хаясан картаа сэргээх, хөнгөлөлттэй зорчих эрхээ сунгах зэрэг үйлчилгээг эндээс авч болно гэсэн үг. Нийтийн тээврийн үйлчилгээ ухаалаг, боловсронгуй болсон ч иргэд ухамсаргүй, бас гэрээт цэгүүд тогтмол ажилладаггүйгээс автобусанд мөнгө “эргэлдсээр” байна. Хэрэв зорчигчид картаар үйлчлүүлээд хэвшчихвэл нийтийн тээврийн төсөв нэг цэгт төвлөрнө. Түүнчлэн автобусны парк шинэчлэл, засвар, үйлчилгээг шийдэх санхүүжилт замаасаа “асгарч”, жолоочийн халаасанд орохгүй.

Бэлтгэсэн: Б.Лхагва, Э.Намуунцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)