Цахимаар шийдэж, цаг хэмнэх боломжууд

XXI зуунд хүн төрөлхтөн улам завгүй болсон. Үүний хэрээр аливааг хөнгөвчлөх, шуурхай ажиллах, аль болох цаг хэмнэхийг чухалчилж байна. Эрүүл мэнд, боловсрол, иргэний бүртгэлийн, лавлагаа авахаар дугаарлаж, бухимдах цаг ард хоцорчээ. Бидний өдөр тутмын амьдралд нэмэр болж, тус хүргэх зарим шинэ технологи, аппликэйшнүүдийг сонирхуулъя.

ХҮНИЙ ЯРИАГ ХИЙМЭЛ ОЮУНААР БОЛОВСРУУЛАГЧ “ЧИМЭГЭ”

“Болорсофт” компани монгол хэлний дуу, яриа боловсруулах системийг өнгөрсөн жилээс хөгжүүлсээр монгол ярианаас бичвэр үүсгэх “Чимэгэ” хэмээх систем боловсруулсан билээ. Монгол хэлний яриаг 96 хувь зөв таньж, кирилл үсэгт буулгадаг эл систем нь үндсэн дөрвөн үйлдэлтэй. Тухайлбал, яриаг бичвэрт буулгах, бичвэрийг ярианд хувиргах, англиас монгол, монголоос англи хэлэнд орчуулдаг. “Чимэгэ” аппликэйшнийг гар утсандаа татаж авснаар энэ дөрвөн боломжийг ашиглах нь. Тус систем нь нэг цагийн яриа буюу аудио бичлэгийг дөрвөн минутад бичвэрт хөрвүүлэх бөгөөд хүссэн үедээ хаана ч ашиглах боломжтой. Мэдээллээ мартахаасаа өмнө “шивнэх” төдийд л бичвэр болгож үлдээх “шидтэй”.

АМРАЛТЫН ӨДӨР Ч ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВЧ БОЛОХ НЬ

Иргэний үнэмлэхийн лавлагаа, жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, дээд боловсролын диплом, оршин суугаа хаяг, төрсний, гэрлэсний бүртгэлийн тодорхойлолт авах зэрэг нэн шаардлагатай 181 төрлийн үйлчилгээг “Е-Mongolia” цахим үйлчилгээний нэгдсэн системээс авч болох нь. Тухайлбал, иргэний үнэмлэх дахин авахад харьяа дүүрэг рүүгээ заавал очдог байсан бол эл нэгдсэн системээр дамжуулан төлбөрөө онлайнаар төлөөд л захиалчихна. Үйлчилгээний төрлөөс шалтгаалж үнийн дүн нь харилцан адилгүй. Зарим үйлчилгээ нь үнэгүй аж. “Е-Mongolia” аппликэйшнийг гар утсандаа татан авч, нэг удаагийн кодоор нэвтрэн, төрийн үйлчилгээг хүссэн үедээ, амралтын өдөр ч чирэгдэлгүй авч болдгоороо энэ систем давуу талтай.

“АЛТАН ХОШУУ” ХҮРГЭЖ, АСУУДЛАА ШИЙДВЭРЛҮҮЛЭЭРЭЙ

Ухсан нүх, овоолсон шороо, ус цацаж давхисан автомашины жолооч, эвдэрсэн зам гээд “алтан хошуу” хүргээд, арга хэмжээ авхуулчих асуудал энд тэндгүй. Бурууд нүд хурц гэгчээр дуугүй өнгөрч боломгүй асуудлыг зургаар баримтжуулан, холбогдох албаныханд “ховлон” арга хэмжээ авхуулах “Check my service” аппликэйшний талаар та сонссон уу. Эл аппликэйшнээр дамжуулан төрийн үйлчилгээний талаар иргэдээс ирүүлсэн санал, гомдол, хүсэлтэд хариу өгөх, хариуцсан байгууллагаар нь асуудлыг шийдвэрүүлдэг юм байна. Асуудлыг шийдсэн, эсэхийг танд эргээд дуулгах нь.

ШҮҮХ ХУРЛЫН ЯВЦЫГ ХЯНАХ БОЛОМЖТОЙ

Live.shuukh.mn вэб хуудсаар дамжуулан иргэд гурван шатны шүүх хурлын явцын мэдээллийг авах боломж бүрдэв. Энэ нь зөвхөн өмгөөлөгч, шүүгчид хамаатай бус, гэрч, хохирогчоор оролцож буй иргэд ч шүүх хурлын тов, явцыг мэдсэнээр цагаа төлөвлөх боломж олгож байна. Тус систем рүү нэвтэрснээр аль дүүрэгт ямар шатны шүүх хурал хэдэн цагт эхэлсэн, үргэлжилж буй, эсэх, завсарласан, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа, үгүйг мэдэх нь. Орон нутаг болон нийслэлд болж буй бүх л шүүх хурлын мэдээллийг энд жагсаажээ.

БАГШИЙН АЖЛЫГ ХӨНГӨВЧЛӨХ ЦАХИМ ЖУРНАЛ

Ерөнхий боловсролын сургуульд ашигладаг хэвлэмэл журналыг шинэчлэн, цахимжуулж эхэлсэн. Ирц бүртгэх, дүн, үнэлгээ оруулах, суралцагчийн мэдээллийг байршуулах зэргийг цахим журналд нэгтгэжээ. Эцэг, эхчүүд ч хүүхдийнхээ ирц, сурлагын дүн, ахиц дэвшлийн талаарх мэдээллийг “Эцэг, эхийн систем”-ээр дамжуулан авч болох нь. Хэвлэж, архив үүсгэж болох учир цаасан журнал давхар ашиглах шаардлагагүй. Энэ нь цаас дэмий зарлагадахгүйн дээр илүү цэгцтэй, боловсронгуй болгох хувилбар юм. Боловсролын салбарын мэдээллийн системээс цахим журналын хувилбарыг хөгжүүлж, өнгөрсөн хичээлийн жилд хэрэглээнд нэвтрүүлсэн. Гэвч өдгөө маш цөөхөн сургууль л ашиглаж буй аж.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛАА ХЭРХЭН ЗАРЦУУЛСНАА МЭДЭХ ҮҮ

Цалингийн орлоготой хүн бүр сар болгон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг. Гэвч төлсөн мөнгөнийхөө үр ашгийг хүртэх нь тун ховор. Хэдэн жилийн хугацаанд хэчнээн төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төвлөрүүлсэн бэ, түүнийг хэрхэн зарцуулсан, аль эмнэлгээс хэчнээн төгрөгийн тусламж, үйлчилгээ авснаа та мэддэг үү. Хэрэв үгүй бол “edaatgal” аппликэйшнээс төлсөн шимтгэлийнхээ зарцуулалтыг шалгаад үзээрэй. Мөн түүгээр дамжуулан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цахимаар төлж болох нь. Уг аппликэйшнийг гар утсандаа татаж, бүртгүүлснээр нэвтрэх эрхтэй болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)