Цахимаар сургалт, зөвлөгөөн хийж, төсвөө хэмнэхийг ҮАГ анхааруулав

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар 2021 оны төсвийн тухай, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. “Төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор цахим шилжилт хийх ажлыг ирэх онд улам идэвхжүүлэх юм байна. Үүний хүрээнд албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт дэвшүүлжээ. УИХ-ын чуулган болон байнгын хороодын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах зардлыг төрийн бусад байгууллагад тавьж байгаагийн нэгэн адил оновчтой, үр ашигтай хуваарилах зарчим баримталсан”-ыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдав.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд харьяалагддаг байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2021 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газар (ҮАГ)-ын дүгнэлтийг ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис танилцуулсан юм. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны төсвийн нийт зарлагыг гурван тэрбум төгрөгөөр төлөвлөсөн аж. Энэ нь 2020 оны тодотгосон төсвөөс 13.4 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Авлигатай тэмцэх газрын даргын ирэх оны төсвийн зарлагыг 29.8 тэрбум төгрөгөөр тооцсон юм байна. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 0.3 тэрбум төгрөгөөр их засвар хийх, 0.9 тэрбумын тоног төхөөрөмж худалдан авах хоёр төсөл, арга хэмжээний санхүүжилтийг олгохоор төсөвлөжээ. ҮАГ-аас ирэх оны төсөлд аудит хийж, дүгнэлт гаргасан юм байна. Тодруулбал, төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад, дотоод албан томилолтыг онлайнаар зохион байгуулж, төрөөс боломжит бүх төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэн, зардлыг нь бууруулах боломжтойг анхааруулжээ. Мөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлж, санхүүжүүлэх асуудлыг журамлах нь зүйтэй гэж дүгнэсэн аж.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлаад хоёр жил өнгөрч байна. Төрийн албыг ил тод, нээлттэй, шударга байлгах, албан хаагчдын тогтвортой ажиллах боломжийг энэ хуулийн хүрээнд бүрэн олгосон. Гэвч төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлага хангалттай сайжрахгүй байна. Төрийн 180 гаруй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлээд байхад албан хаагчдын орон тоо, зардал буурах ёстой”-г хөндөв. Үүнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Мэргэшсэн, чадвартай, иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн албыг бэхжүүлж, үйл ажиллагааг нь цахимжуулах үүднээс 2020 оныг Төрийн албаны шийдвэрийн хэрэгжилтийг хангах жил болгосон. Ирэх онд судалгаанд суурилсан төрийн албыг бэхжүүлэх зорилт тавьсан. 2022 оноос бодит үр дүн гарна. Төрийн албанд цахим шилжилтийг нэвтрүүлснээр чанар, бүтээмжийн өөрчлөлт гарч байгаа” гэв. Одоогоор 2065 байгууллагын албан хаагчдын мэдээлэл цалингийн нэгдсэн системд холбогдсон аж.

Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэн, батлахаар төлөвлөснийг байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ энэ үеэр онцолж, хэрэгжүүлэх санхүүжилтийг нь шийдэх шаардлагатайг хэллээ.

2019 онд 427 албан хаагч хууль бусаар ажлаасаа халагдсан бөгөөд тэдэнд 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг төрөөс төлжээ. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн, халсан тохиолдолд төрд учруулсан хохирлыг тухайн шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр хуульд заасан. Тиймээс Төрийн албаны зөвлөл, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, төрд учруулсан хохирлыг барагдуулахад анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сануулсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)