Цахилгаан цэнэг хуримтлуурын станцтай болно

Монгол Улсын Эрчим хүчний яам, ИБУИНВУ-ын Элчин сайдын яам хамтран “Ухаалаг эрчим хүч” форум зохион байгууллаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Энэ жил 330 кВ-ын хүчдэлтэй, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн агаарын дамжуулах шугамыг барьж дуусгана. Ингэснээр Оюутолгойн уурхайг дотоодод үйлдвэрлэсэн эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. Бид ирэх жилээс Оюутолгойн уурхайн эрчим хүчний тодорхой хэсгийг хангаж эхлэхээр зорьж байна” гэв.

Төвийн бүсэд 100 мВт-ын хүчин чадалтай, цахилгаан цэнэг хуримтлуурын станц байгуулахаар ажиллаж буй аж. Систем тохируулгын ийм станцтай болсноор эрчим хүчний аюулгүй байдал хангагдахад ихээхэн ач холбогдолтой юм байна. Салбарын яамныхны тооцоолсноор, энэ оны эцэст нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээ 23 хувьд хүрэх төлөвтэй гэнэ.

Ташрамд дурдахад, төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан нийлүүлэх, 15 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих, ажиллуулах гэрээнд Азийн хөгжлийн банк, “Тэнүүн гэрэл констракшн”, “Сермсанг пауэр корпорейшн” компани ирэх долоо хоногт гарын үсэг зурах нь. Уг станцыг Төв аймгийн Хөшигийн хөндийд барих бөгөөд тэнд ашиглалтад оруулах олон улсын нисэх буудлыг эрчим хүчээр хангах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)