Цахилгаан халаагуурын төхөөрөмжүүдийг шилдгээр нэрлэв

“Ариг” банкны санаачилгаар хэрэгжүүлсэн “Утааг хамтдаа устгая” инновацын уралдааны туршилтын шат дуусаж өчигдөр шилдэг шийдлүүдийг тодрууллаа. Уралдаанд 50 бүтээл өрсөлдсөнөөс эхний шатанд шалгарсан цахилгаан халаалтын 16 төхөөрөмжийг энэ оны нэгдүгээр сарын 17-ноос гуравдугаар сарын 13-ныг хүртэл Цонжин болдог дахь “Алтан хариг” амралтын газарт туршсан аж.

Гэрийн доторх агаарын хэм, чийгшил, эрчим хүчний хэрэглээг өдөр тутамд бүртгэх замаар туршилтыг гүйцэтгэн, үр дүнг техникийн зөвлөхүүд үнэлэн шагналт байрын эздийг тодруулав.

Шилдэг шийдлийн тэргүүн байрт “Антверпэн” шалгарч, “Алсхан” ХХК удаалжээ. Түүнчлэн автын инженер З.Ариунболд энэ төсөлд бие даан, хувиараа оролцож, гуравдугаар байр эзлэв. Харин тусгай байрт “Мон ашид”, “Цахилгаанаар халдаг хулдаас”, “Ультрасоник”, “Ховд тул” ХХК шалгарсан байна.

Дээрх төхөөрөмжийн эрчим хүчний зарцуулалт, анхдагч үнэ, ашиглахад хялбар байдал техникийн найдвартай ажиллагаа гэх мэт 16 үзүүлэлтийн дагуу оноо өгч байр эзлүүлсэн хэмээн зохион байгууллагчид ярьсан. “Антверпэн” компанийн захирал “Мягмаржаргал”, “Мега хит” гэх цахилгаан халаагуур хийсэн. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд судалгаа хийн, хөгжүүлж байна. Цахилгаан бага зарцуулах энэ бүтээлээ сайжруулахад 250 сая орчим төгрөг зарцуулсан. Шагналын мөнгөөрөө бүтээгдэхүүнээ сайжруулна” гэв.

Төслийн санаачлагч “Ариг” банкны захирал Д.Төмөрхүү “Техникийг сайжруулж, өртгийг бууруулахаар ажиллана. Эхний ээлжинд 500-1000 өрхөд төхөөрөмж байршуулж ажиглаж судалгаа явуулна” гэлээ.

Гуравдугаар байрт шалгарсан З.Ариунболд “Миний хийсэн бүтээл монгол гэрт зориулагдсан “Монгол голомт эко” гэх нэртэй бүтээл. Бүтээгдэхүүний давуу тал нь гэрт дулааныг жигд түгээдэг, агаар чийгшүүлэгчтэй, зайгаа цэнэглээд найман цагийн турш цахилгаан зарцуулахгүй ашиглах боломжтой. Хямд өртгөөр байгальд хор хөнөөлгүй, чанартай бүтээгдэхүүн хийж хэрэглэгчдэд нийлүүлэх болон үндэсний үйлдвэрлэлийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой” гэж ярив.

Уг төсөлд шалгарсан бүтээлүүдийн тоог нэмэгдүүлж, зах зээлд нийлүүлэх, өрхийн хэрэглээнд нэвтрүүлэх эцсийн шат 2021 оны есдүгээр сар дуустал үргэлжлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)