Цахилгаан скүүтер эрэлттэй болжээ

Богино хугацаагаар түрээсэлдэг унадаг дугуйн үйлчилгээ дугуйчдын бүхэл бүтэн армитай хотуудын хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамжуудад ч хэдийн нэвтэрчээ. Гэхдээ унадаг дугуйчдын байр суурийг цахилгаан скүүтерчид эзэлсэн гэнэ.

АНУ-д “Bird” компани хамгийн түрүүнд цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч болсон. Өнгөрсөн оны есдүгээр сард тус компани нэг жилийн ойгоо тэмдэглэхдээ дэлхий даяар 10 сая удааүйлчилгээ үзүүлснээ зарласан байна. Тодруулбал, АНУ-ын хотууд, Европын орнуудын нийслэл дэх “Bird” компанийн цахилгааны скүүтерийн түрээсийн газрууд байнгын хоёр сая хэрэглэгчтэй болжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Мехикод салбараа нээсэн бол удахгүй Бразилд ажлаа эхлэх гэнэ.

“Forbes” сэтгүүлд мэдээлснээр өнгөрсөн зун Парист нээгдсэн ийм түрээсийн үйлчилгээг эхний хоёр сард 50 мянга гаруй хүн ашиглажээ. Өдгөө Францын нийслэлийн оршин суугчид “Bird” болон “Lime” компаниар үйлчлүүлж байна. “Lime” нь 13 сая гаруй хүнд үйлчилгээ үзүүлж, Шинэ Зеландын Оклендаас Чилийн Сантьяго, АНУ-ын Портлендээс Сингапур хүртэл сүлжээтэй болсон гэнэ.

АНУ-ын Цахиурын хөндий дэх тус хоёр компанийн стартапууд 1.1 болон хоёр тэрбум доллароор үнэлэгдэж байна.

Унадаг дугуйн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Metro bike” компанийн мэдээлснээр өнөөдөр дэлхий даяар өргөн хэрэглээнд 18 сая унадаг дугуй байдаг. 2016 онд энэ тоо 2.3 сая байжээ. Ираны Тегеранаас Кубын Хавана, Өмнөд Африкаас Саудын Арабын Абу Даби хүртэл дугуй түрээсийн 1600 гаруй үйлчилгээний салбар бий гэнэ. Зөвхөн Хятадад 10 сая дугуй түрээслэдэг. Ийм том зах зээлд цахилгаан скүүтер өөрийн гэсэн орон зайг эзлэхийг хүсэж байна.

Хотын түгжрэлийн 40 орчим хувийг автомашин тав хүрэхгүй км-т үүсгэдэг. Жолооч нар дэлхийн дулаарал үүсгэхгүй, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл сонговол замын түгжрэл эрс буурна гэж “Bird” компанийнхан үзэж буй. Тэдний үйлчилгээг авснаар нүүрсхүчлийн хий 5500 тонноор багасжээ. Ийм хэмжээний хорт хийг жилд 1000 автомашины ялгаруулдаг гэнэ.

Орчин үеийн цахилгаан скүүтер нэг удаа бүрэн цэнэглэхэд цагт 25 км хурдтайгаар 30 км зам туулдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)