Цахилгаан менингитээр хоёр хүүхэд өвдлөө

Өндөр халуурч, бөөлжин, толгой хүчтэй өвдөх шинж тэмдгээр илэрдэг менингитээр хоёр хүүхэд өвдсөнийг албаныхан хэллээ. Уг өвчин нь вирусийн болон хоёрдогч шалтгаанаар үүсдэг, богино хугацаанд хүндэрч, үхэлд хүргэх аюултай тул цахилгаан менингит хэмээдэг. Энэ оны эхний есөн сарын байдлаар менингитийн 12 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс таваар нэмэгдсэн дүн аж. Гэхдээ эдгээр нь халдваргүй, хоёрдогч шалтгаанаар буюу дархлаа сулрах, хамар, залгиурын идээт үрэвсэл хүндрэх зэрэг бусад өвчний улмаас менингит болсон гэнэ. Харин өдгөө ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хоёр хүүхэд вирусийн буюу амьсгалын замаар халдварладаг хэлбэрийн менингитээр өвчилжээ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрынхнаас тодруулахад “Булган аймгийн харьяат, Төв аймагт амьдардаг хүүхэд халдварт менингитээр өвчилсөн. Лабораторид оношийг нь баталгаажуулсан. Нөгөө хүүхэд нь Баянгол дүүргээс ХӨСҮТ-д хүргэгдсэн. Өвчний шинж тэмдгээр менингит гэж үзсэн. Онош тодруулахаар шинжилж байгаа” гэсэн юм.

Менингит нь хүйтэнд дэгдэх эрсдэлтэй тул эмч нар дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. Хүүхэд чанга уйлах, гэрэл, дуу чимээнд мэдрэмтгий болох, хөл, гуянаас эхлэн цусархаг тууралт гарах, хүзүү, дагзны арын булчин хөших, зулай чинэрэх шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламжийн 103, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд нэн даруй хандаарай. Хугацаа алдвал ухаан санаа балартах, татаж, шоконд орох аюултай гэнэ. Түүнчлэн хүүхдээ олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, аминдэмээр баялаг хоол хүнсээр дархлааг нь дэмжих, гарын ариун цэврийг сайтар сахих, хамар, хоолойн үрэвслийг бүрэн эмчлүүлэх, дархлаажуулалтад хамруулахыг зөвлөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)