Цахилгаан авто машины онцгой албан татварыг тэглэх саналыг Засгийн газарт хүргүүллээ

Цахилгаан авто машины хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх замаар нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж буй авто машинаас ялгарах хорт утаатай тэмцэхэд татварын бодитой хөнгөлөлт, чөлөөлөлт зайлшгүй шаардлагатай байгаа талаар өнгөрсөн хугацаанд хөндөж байсан. 

Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “тэг” /0/-лэх саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. Хотын дарга  “Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар импортоор орж ирж буй цахилгаан тэжээлт автомашин онцгой албан татвараас чөлөөлөгдөн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, газрын тосноос хараат бус хэрэглээ нэмэгдэх чухал ач холбогдолтой” гэж үзэж байгаагаа дурдаад нийслэлийн зүгээс цаашид цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станц суурилуулах, аюулгүй ажиллагааны дүрэм стандарт боловсруулж батлуулах, цахилгаан тэжээлт автомашины улсын дугаарыг ялгах тэмдэгтэй болгох зэрэг ажлыг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх болно гэдгээ хэлж байсан юм.  

Нийслэлийн зүгээс цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх олон талт ажлын хүрээнд “Нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах зөвшөөрөл”-д тухайн зогсоолын багтаамжаас хамааран нэгээс доошгүй зогсоолыг бүрэн цахилгаан автомашинд зориулан тохижуулж, үнэ төлбөргүй ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт тээврийн хэрэгслийн 60,9% нь нийслэл хотод бүртгэлтэй бөгөөд 2016 онд 432,661 автомашин техникийн оношилгоонд орсноос 6367 автомашин утааны үзүүлэлтээр тэнцээгүй байна. Техникийн хяналтын улсын үзлэгийн дүнг үндэслэн тооцоход сүүлийн гурван жилд нийслэлийн автомашины жилийн дундаж өсөлт 13.1 хувьтай байгаа нь хорт утааны ялгарал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих шаардлага бий болоод байгааг харуулж байна. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 74 бүрэн цахилгаан (цэнэглэдэг) авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Үүнээс 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус, 13 нь бага оврын ачааны болон суудлын автомашин байна.

Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид бүгд цахилгаан автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа нийт үйлдвэрлэх автомашины 90%-ийг цахилгаан автомашин эзлэх судалгаа гарсан байдаг гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)