Цахилгаан автомашины цэнэглэгч станц ажиллаж эхэллээ


Цахилгаан автомашины цэнэглэгч станцыг нийслэлийн өмчийн нийтийн эзэмшлийн авто зогсоол, талбайд байрлуулах ажил албан ёсоор эхэллээ.

Цэнэглэгч төхөөрөмж худалдан авах, суурилуулах, ашиглах, орчныг тохижуулах, тэмдэгжүүлэх, засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллагуудаас тавьсан хууль ёсны шаардлага, олон улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх урилгыг хоёр удаа нээлттэй зарласны дагуу “Глобал моторс” ХХК, “Номин ойл” ХХК, “Топологи” ХХК-иуд санал ирүүлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байгаа автомашины яндангаас гарах хорт утааг багасгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй, стратегийн ач холбогдолтой цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлөөд байгаа билээ.

15-20 жилийн дараа томоохон автомашин үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэх автомашины 90 хувийг цахилгаан автомашин эзлэх судалгаа гарсан байдаг. Дэлхийн хамгийн том автомашины зах зээл болох БНХАУ шатахуунаар ажилладаг автомашины үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөж буй бол Энэтхэг улс 2030 он гэхэд бүх автомашиныг цахилгаан хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Их Британи болон Франц улсууд ойрын 20 жилийн дотор бензин болон дизель түлшээр ажилладаг автомашины худалдааг зогсоохоо мэдэгдээд байгаа билээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээр улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, цахилгаан автомашин, түүний сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгчдийн төлөвлөлтөөс үзэхэд 2025 он гэхэд цахилгаан машины хэрэглээ 40-70 саяар нэмэгдэх хандлагатай байгаа. Нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлах цэнэглэгч станцын тоо жилд 72 хувиар, цахилгаан машины үйлдвэрлэл 60 хувиар өсч байна. Үүнд байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хэрэглээний өсөлт, цэнэг хураагуурын технологийн шинэчлэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Манай улсын хувьд цахилгаан автомашины хэрэглээг дэмжих хамгийн чухал эдийн засгийн ач холбогдол нь импортоор авдаг шатахууны зардлыг бууруулж, вальютын нөөцийг хэмнэн, дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах явдал юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)