Цаст уулын “эзэн”-ий амь хямд байсаар байх уу

Алтайн сүрлэг уулсын эзэн нь цоохор ирвэс хэмээн нутгийн иргэд ихэд биширдэг. Дэлхийн болон Монголын “Улаан ном”-онд нэн ховордсон, устаж болзошгүй ангилалд орсон энэ амьтан Төв Азийн нутагт л аж төрдөг, нийтдээ 4300 орчим л байгаа, үүний 500-1000 орчим нь Монголын нутаг дэвсгэрт бий гэсэн судалгааны дүн гарсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Өнгөрсөн жил үүнээс 13 нь хууль бус агнуурын золиос болсон гэж Олон улсын ирвэс хамгаалах сангийнхан тооцоолсон байв.

Байгалийн хүнд хэцүү шалгарлыг даван туулж, амьдардаг энэ амьтан өсөж үржихдээ удааны зэрэгцээ хүмүүн бидний буруутай үйлдлээс болж мөхлийн ирмэгт тулаад буй. Ирвэс амьдардаг бүс нутгийнхан түүний арьсыг мөнгө гэж харан хууль бусаар агнадаг нь зүй бус хорогдлын гол шалтгаан. Түүний арьсыг хууль бусаар борлуулах гэж байсан тохиолдол одоогоос гурван жилийн өмнө Хан-Уул дүүргийн нутагт гарсан ч тэгсхийгээд намжиж байв.

Түүний өмнөх жил ЭЦГ-ынхан нэгдсэн шалгалт зохион байгуулж, “Эмээлт” түүхий эдийн захад хятад, монгол ченжүүд хөлдөөсөн ирвэс хадгалж байсныг илрүүлсэн ч бас л шийдэгдэлгүй өнгөрсөн. Хулгайн анчид нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаасан гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгдөг.

ХУУЛИЙН ЦООРХОЙ ХУЛГАЙН АНЧДЫГ ӨӨГШҮҮЛЖ БАЙНА

“Улаан ном”-онд орсон эл амьтныг хосоор нь хөнөөсөн хулгайн анчид нь тодорхой байхад ч хэргийг шийдэлгүй өнгөрөөдөг явдал манай хууль, шүүхийнхэнд бий. Нөгөө л хуулийн цоорхойгоос болж ийм явдал гарсаар байгаа юм. Нэгэн жишээ дурдъя.

2008 оны хоёрдугаар сарын 5-нд Увс аймгийн нутаг, Түргэн уулын Отор гэх газрын орчимд хоёр ирвэс, нэг үнэгний зэм олдсоныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэс-1” багийнхан холбогдох байгууллагад нь мэдээлсний дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Шинжээчид, мэргэжлийн хүмүүсийг байлцуулан нэг ирвэсний цогцост үзлэг хийхэд буудуулсан нь тодорхой болж. Нөгөөхөөс нь ч хууль бус агнуурын улмаас хорогдсон шинж тэмдэг илэрчээ. Ингээд нарийвчилсан шалгалтаар нутгийн иргэд болох Х, Н нар авласан нь тодорхой болж, аймгийн Цагдаагийн газарт саатуулан байцаалт авахад тэд ч хэргээ хүлээжээ. Гэвч энэ хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон байна.

Өөр нэгэн жишээг эш татъя. Өнгөрсөн хавар УИХ-аар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн жагсаалтад авах тогтоол гарсан Тост, Тосон бумбын нурууны “эздийн” нэгэнд дээрхтэй ижил эмгэнэлт явдал бас тохиолджээ. Ирвэс хамгаалах сангийн судлаачид судалгаа хийхээр нэгэн ирвэс барьж “Баяртай” гэдэг нэр хайрлан дохиологч зүүн, байгальд нь буцаан тавьсан аж. Гэтэл нутгийн иргэдийн нэг нь агначихжээ. Өмнөговь аймгийн Цагдаагийн газрынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч бас л прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон байв.

Эш татсан хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь яг ижил. Ирвэс малчдын хот руу дайрч, малд нь халдсан учраас буудсан. Ингэхдээ айлгах зорилгоор хий буудах гэсэн боловч суманд оногдсон байна. Тиймээс эрүүгийн гэмт хэргийн шинжгүй хэмээн үзсэн аж. Монголд хүнээсээ, нэн ховордсон амьтдаасаа илүүтэй мал нь үнэтэй юм хойно тэгээд л хэрэг замхарч.

Уг нь байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлж байж л хэргийг хэрэгсэхгүй болгож болмоор сон. Даанч манай хуульд тэгдэггүй юм билээ. Хууль бусаар агнасан гадаадын иргэн дараа нь төлбөрийг нь төлөөд хэргээс мултарсан тохиолдол ч байдаг гэх.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар цоохор ирвэс (Uncia uncia)-ний экологи-эдийн засгийн үнэлгээг эрэгчинг (гэнд) нь 11 сая 200 мянга, эмэгчнийг (гинс) нь 13 сая, гүемийнх нь 7-9 сая төгрөгөөр тогтоосон байдаг.

Хууль журмаараа бол гэм буруутай нь тогтоогдсон бол энэ хохирлыг 2-3 дахин нугалж төлүүлэх заалттай. Харамсалтай нь, ирвэс агнасан этгээдүүдийн хэн нь ч үүнийг төлөөгүй юм билээ. Хууль бус анчдыг хашраахын тулд хорьж, ял шийтгэж чаддаггүй юм аа гэхэд эдийн засгийн аргаар тэмцвэл өндөр уулсын эзэд рүү буу шагайх нь багасах, тоо толгой нь нэмэгддэггүй юм гэхэд хорогдохгүй байх сан.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН БҮСИЙН ХИЛИЙН ЦЭСИЙГ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ТОГТООГООГҮЙ БАЙНА

Сүрлэг уулсын эзэн болсон цоохор ирвэсний хорогдох өөр нэг шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас гадна тархац нутаг нь хумигдаж, идэш тэжээл ховордсоноос болж буй. Ирвэс амьдардаг газарт аргаль, янгир, зэрэг идэш тэжээл нь болдог амьтдын тоо толгой хэвийн байж, бэлчээр, ус хүрэлцээтэй буйг илтгэдэг гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, өвсөн тэжээлт амьтдын тоо, толгойг хянан зохицуулж, бэлчээрийг хамгаалан байгалийн тэнцвэрийг хадгалж байх үүрэгтэй гэж үздэг.

Тиймээс энэ амьтныг хамгаалахын тулд Азийн өндөр уулын бүсийн 12 орон дархан цаазтай болгосон. Тэдгээр орны тоонд Монгол Улс ч багтдагийг уншигчид лавтай сайн мэднэ. Манай улс түүнийг 1972 онд дархан цаазтай амьтан болгож, 1992 оноос гадаадын анчдаар агнуулахыг хориглосон ч өдөр ирэх тутам тоо нь цөөрсөөр л байна. Монголд ирвэс Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь аймгийн нутаг, Монгол Алтай, Говь Алтайн уулаар нутагтай. Түүнийг хорогдохоос урьдчилан сэргийлэхийн тулд тархац нутгийг нэн түрүүнд хамгаалах нь чухал гэдгийг олон орны биологчид, эрдэмтэн судлаачид онцолдог.

Тиймдээ ч манай улсад байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тэр дундаа ирвэс хамгаалахад анхаарал тавьдаг байгууллагууд бүс нутгийг нь тусгай хамгаалалтад авах санал санаачилга гаргаж байсан. Үүний нэг нь Ирвэс хамгаалах сангийнхан. Тэд ирвэс амьдардаг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахуулах талаар шаргуу хөөцөлдсөний дүнд энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд УИХ-ын 35 дугаар тогтоолоор Байгалийн нөөц газар болгож баталсан билээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Байгалийн тодорхой хэв шинж, аль нэгэн нөөц, баялгийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх нөхцөл бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн нөөц газар гэнэ” хэмээн хуульчилсан.

Байгалийн нөөц газарт хамгаалалтад авсан байгалийн хэв шинж, тодорхой баялгийн төрх байдал, ургамал, амьтны аймгийн байршил, өсөлт, үржилтэд сөрөг нөлөөгүйгээр уламжлалт аж ахуй эрхэлж болно. Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглох заалттай.

Тост, Тосон бумбын байгалийн нөөц газарт 896527.44 га талбай хамрагдах урьдчилсан тооцоо бий. Тэнд ашиглалтын болон хайгуулын 21 тусгай зөвшөөрөл байснаас энэ сарын байдлаар хайгуулынх долоо, ашиглалтынх хоёр болтлоо буурчээ. Тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусаад ийм болтлоо буураад буй юм билээ. Хэдийгээр тусгай зөвшөөрлийн тоо цөөрсөн ч цоохор ирвэсний тархац нутгийн гол хэсэг болсон газруудад лиценз байсаар.

Түүнийг цуцлах, Байгалийн нөөц газрын талбайн хэмжээг нарийвчлан тогтоох ажлаа Засгийн газар хийлгүй долоон сарыг үдлээ. Орон нутгийн засаг захиргаанаас Байгалийн нөөц газарт тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудын лицензийг цуцлуулахын тулд АМГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Өнөөдөр шүүх хурал нь болохоор товлогдоод байгаа.

Харин Засгийн газар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох ажлаа хийхгүй байгаа нь магадгүй Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн компани тэнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэгтэй холбоотой байж болох юм гэсэн хардлага нутгийн иргэдэд бий. Гэхдээ түүний уурхайг тойруулаад хилийн цэсийг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг Ирвэс хамгаалах сангийнхан холбогдох яам, ЗГХЭГ-т тавьсан гэх мэдээлэл байна.

Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ч бас энэ нөөц газрын хилийн цэстэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавиад хариултыг нь хүлээн суугаа юм билээ. Бид ирвэсийн тархац нутгийн нэг болсон Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох ажил ямар шатанд байгааг БОАЖЯ-ны мэргэжилтэн Г.Энхмөнхөөс лавлахад “Шинжлэх ухааны байгууллагаар судалгаа шинжилгээг нь хийлгээд урьдчилсан байдлаар хилийн заагийг тогтоогоод байгаа шүү дээ. Түүнийг эцэслэн тогтоох ажлыг ЗГХЭГ шийддэг. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байж шийдвэр гарна. Хилийн зааг тогтоох ажил хуулийн дагуу явагдаж байгаа” гэлээ.

Бидний авсан мэдээллээр Ирвэс хамгаалах сангийнхан ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбаттай хилийн зааг тогтоох асуудлаар уулзах гэсэн боловч амжилт ололгүй арга тасарч яваа гэх. Уг нь төрийн ажлын залгамж чанар гэдэг утгаараа өмнөх Засгийн газар, УИХ-аар шийдсэн асуудлыг нэн даруй нэг тийш болговол Монгол орны экологи, байгаль орчинд л хэрэгтэй сэн. Аль эсвэл нэг сайдынх нь бизнес яригддаг учраас байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхнаас зугтаад байна уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)