Цар тахлын үеийн гамшгаас хамгаалах дадлага сургуулийг зохион байгуулна

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг хийхээр болсон. 

Уг дадлага сургуулийг 2020 оны 5 дугаар сарын 6-8-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Дадлага сургууль 3 үе шаттайгаар зохион байгуулагдана. Үүнд:

  1. “Коронавирусийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт команд штабын сургуулийг зохион байгуулж, коронавируст халдварын тохиолдолдсон үед авах арга хэмжээний талаар төрийн болоод олон улсын байгууллагын хамтын ажиллагааг хэлэлцэх юм.
     
  2.  “Коронавирусийн халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спортын ордныг түшиглэн эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлгийг дуурайлган үзүүлэх бол ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэх юм.
     
  3. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургуулийг хийнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)