Цар тахлын эсрэг тэмцэж буй 63 улс орны нөхцөл байдлыг судалжээ

 “Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагаас дэлхийн 63 улс орны цар тахлын эсрэг тэмцэж буй нөхцөл байдлыг судалжээ. Улмаар “Заналхийлэл хүчирхийллийн дор, дуугарах эрхгүй, нүцгэн гараар ковид-19 цар тахлын эсрэг тэмцэж байна. “Ковид-19” цар тахлын үед эрүүл мэндийн болон зайлшгүй шаардлагатай ажилтнуудыг хамгаалж чадахгүй байна” гэсэн тайлан гаргажээ. “Ковид-19” цар тахлын үед эрүүл мэндийн болон зайлшгүй шаардлагатай ажилтныг зохих ёсоор хамгаалах нөхцөлийг хангуулахын тулд “Эмнести Интернэшнл” цогц зөвлөмжийг дэлхийн Засгийн газруудад өгч байна. Үүний дагуу Монголын “Эмнести Интернэшнл” байгууллагын удирдах зөвлөлийн дарга С.Ганчимэг, дэд дарга Р.Очирбал, гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нар Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалтай өнөөдөр уулзаж, уг тайланг гардуулав. Мөн “Ковид-19” цар тахлын үеийн хүний эрх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, ажилтны нөхцөлийн талаар санал солилцжээ. 

Уг судалгаанд дурдсанаар 7000 гаруй эрүүл мэндийн ажилтан “Ковид-19”-ийн улмаас нас барсныг тогтоожээ. Зөвхөн Мексик улсад дор хаяж 1320 эрүүл мэндийн ажилтан нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн цар тахлын халдвар, нас баралтын төвшин өндөр байсан АНУ-д 1077, Бразилд 634 эрүүл мэндийн ажилтан нас барж, сүүлийн хэдэн сард халдварын хэмжээ эрс нэмэгдсэн байна. Үүнээс гадна Өмнөд Африкт 240, Энэтхэгт 573 эрүүл мэндийн ажилтан амь насаа алдаад байгаа нь түгшүүрийн хэмжээнд хүрээд байгааг “Эмнести Интернэшнл” баримтжуулсан байна. “Долоон мянга гаруй хүн бусдыг аврах гээд амь насаа алдах нь байж боломгүй зүйл болоод байна, эрүүл мэндийн ажилтан бүр ажил дээрээ аюулгүй байх эрхтэй” гэж Эмнести Интернэшнлийн Эдийн засаг, нийгмийн шударга ёсны төлөө хэлтсийн дарга Стив Кокберн мэдэгдэв. Цар тахалтай тэмцсэн бүх хугацаанд Мексик, Бразил, АНУ зэрэг улсуудад эрүүл мэндийн ажилтнууд амиа алдсаар байгаа бол Өмнөд Африк, Энэтхэгт халдвар хурдацтай тархаж байгаа нь бүх улс орон арга хэмжээ авах шаардлага байгааг харуулж байна. 

Дэлхийн хамтын ажиллагаагаар бүх эрүүл мэндийн ажилтныг шаардлагад нийцсэн хамгаалалтын хэрэгслээр хангах баталгааг бий болгосноор тэд амь насаа эрсдэлд оруулахгүйгээр амин чухал ажлаа хийж чадна. “Дэлхий нийтээрээ хамтран ажиллаж, бүх эрүүл мэндийн ажилтныг шаардлагад нийцсэн хамгаалалтын хэрэгслээр хангах баталгааг бий болгох ёстой. Цар тахлын үеэр засгийн газрууд эрүүл мэндийн ажилтнуудыг баатрууд хэмээн өргөмжилж ирсэн боловч наад захын хамгаалах хэрэгслээр хангаагүйгээс болж олон ажилтан амиа алдсаныг харахад цаасан малгай өмсгөж байсныг нь гэрчилнэ” гэж Эмнести Интернэшнлийн Эдийн засаг, нийгмийн шударга ёсны төлөө хэлтсийн дарга Стив Кокберн хэлсэн. Мексикийн засгийн газар эрүүл мэндийн ажилтны нас, хүйс, ажил мэргэжил зэрэг бүх мэдээллийг агуулсан нас барагсдын нарийвчилсан бүртгэл хөтөлж байгааг “Эмнести Интернэшнл” онцлон тэмдэглэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)