Цар тахлын улмаас гурван өрх тутмын нэгийнх нь орлого буурав

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран өнгөрсөн тавдугаар сард хот болон орон нутгийн 1334 өрхөөс санал асуулга авч, коронавирусээс үүдсэн нөлөөг хэд хэдэн чиглэлээр судалжээ. Цар тахлаас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосон нь хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг өрхүүдэд илүү нөлөөлснийг уг судалгааны үр дүнд тогтоосон байна. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь нь огт орлого олоогүй, 76 хувийнх нь орлого буурсан аж. Мөн малчид болон газар тариалан эрхлэгчдийн 70 хувь нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орлого буурсан гэж хариулсан гэнэ. Коронавирусээс шалтгаалсан сөрөг нөлөөнд цалинтай хөдөлмөр эрхэлдэг иргэд харьцангуй бага өртжээ. Гэсэн ч гурван өрх тутмын нэгийнх нь орлого буурсан байна. Нийт өрхийн 73, ялангуяа ядуу өрхийн 85 хувь нь нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн ямар нэг хэлбэрээр бэрхшээлтэй тулгарчээ. Хотын өрхүүд “Ковид-19”-ийн үед хүнс болон бусад хэрэглээгээ багасгах арга хэмжээ авч буй бол орон нутгийнхан зээл авах, гэр бүл найз нөхдийнхөө тусламжид найдсан хандлагатай буйгаа хэлсэн байна. Коронавирусээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл сайн байгаа гэсэн хариулт судалгаанд хамрагдсан иргэд өгчээ. Судалгааны дараагийн үе шатыг есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ.

Үүнд хамрагдсан иргэд өнгөрсөн тавдугаар сарын 15-21-нд буюу судалгаа явуулахаас долоо хоногийн өмнө хөдөлмөр эрхэлж байсан, эсэхийг харууллаа. Мөн хөдөлмөр эрхлээгүй шалтгааныг судалжээ.

Бэлтгэсэн: Б.Бүжмаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)