Цар тахлаар далимдуулан “царцаасан” томилгооны цаана

Оксфордын их сургууль дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг сүүлийн таван жил тасралтгүй тэргүүлэв. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилогдоод удаагүй Б.Болор-Эрдэнэ 2017 онд тус сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалахад ч шилдгүүдийн жагсаалтыг тэргүүлж байсан хэрэг. Тэрбээр өмнө нь БНСУ-ын “Хандон глобал” их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгссөнийг намтраас нь харж болно.

...Төрийн албаны тухай хуулийг өөрчилж, Оксфорд, Харвард зэрэг дэлхийн шилдэг сургуулийг төгссөн ч, төрд ажилласан туршлага нь дутаж байгаа хүмүүсийг авч үлдэх гэнэ...

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилогдмогц зарим хүний тодорхойлсончлон 30 ч хүрээгүй, годгоносон охин Б.Болор-Эрдэнэ 2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг дүүргэсэн цагаасаа л Азийн хөгжлийн банк, Мянганы сорилтын сан, Дэлхийн банк, НҮБ зэрэг олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрт тасралтгүй ажиллаж иржээ. Харин 2019 оны эхээр Л.Оюун-Эрдэнэ анх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдоход тэрбээр хөгжлийн бодлого хариуцсан, орон тооны бус зөвлөхөөр нь ажилласан. Удалгүй тус газрын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албыг даргалах болсон нь Б.Болор-Эрдэнийн хувьд сайд, улстөрчтэй тун ойр хамтарсан, төрийн албанд анхлан хөл тавьсан явдал байлаа. Ажлын алба хариуцаж байгаад Засгийн газрын тохируулагч агентлагийн даргаар томилогдсон түүний төрд данстай байсан хугацаа жил ч хүрээгүй гэсэн үг.

Төрийн албаны тухай хуулиа харъя. Агентлагийн дарга бол төрийн захиргааны албан тушаал. Төрийн захиргааны албан тушаалыг тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс болон туслах түшмэл хэмээн ангилдаг. Мэдээж тэргүүн түшмэл хамгийн “том” нь. Энэхүү тэргүүн түшмэлийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, чөлөөт бүсийн захирагч хамаарна. Мөн өнгөрсөн тавдугаар сард Засгийн газар Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай 2019 оны 275 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулснаар Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тэргүүн түшмэлийн ангилалд багтсаныг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Хэдийгээр ангиллын хувьд эдгээр нь тэргүүн түшмэлийн албан тушаал ч зэрэглэлийн хувьд зөвхөн Төрийн нарийн бичгийн дарга ТЗ-15, дээр дурдсан бусад нь ТЗ-14-т хамаарахыг тодотгоё. Тэгвэл тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байхыг шаарддаг (Эрхэлсэн түшмэл гэдэгт яамны газар болон хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаардаг). Өөрөөр хэлбэл, Б.Болор-Эрдэнэ олон улсын шилдэг их сургуулийг төгссөн ч Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллах шаардлага хангаагүй гэсэн үг.

Өөр жишээ дурдъя. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Солонгоо гэх бүсгүй томилогдоод сар ч болоогүй байна. Б.Солонгоо нь “Оюутолгой” төсөлтэй холбоотойгоор үүсээд буй олон улсын маргаанд манай Засгийн газрыг төлөөлөн оролцох юм билээ. Тэрбээр олон улсын бизнес, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, төсөл, тэр дундаа ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн төдийгүй Монголоос гадна АНУ-ын Нью-Йорк, Английн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй аж. Б.Солонгоо нь 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг дүүргэсэн. Харвардын их сургууль бол бас л дэлхийн шилдгүүдийн нэг. Үүнийг төгссөн Б.Солонгоо Монголд төдийгүй олон улсад, мэргэжил нэгтнүүд төдийгүй бусад салбар, хүрээлэлд ч нэр хүндтэй, амжилттай яваа хуульч. Гэхдээ тэрбээр 2011-2017 онд “Хоган ловеллс” олон улсын хуулийн фирмд хуульч, ахлах хуульч, 2017 оноос уг албанд томилогдох хүртлээ “Авинекс партнерс” өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Мөн л түүний хувьд төрд ажилласан жил нь энэ албыг хашихад хүрэлцэхгүй. Төрийн албаны тухай хуулийн 18.7-д “УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, ҮАБЗ, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн УИХ тогтооно” гэх заалт бий. Үүний дагуу УИХ өнгөрсөн онд баталсан 18 дугаар тогтоолын хавсралтаас харвал Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга нь тэргүүн түшмэлийн албан тушаалд хамаарч буй. Аанай л дээр дурдсан шаардлагыг хангах ёстой.

Уг нь эдгээр шаардлагыг хангахаас гадна Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан тушаалд тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилох ёстой. Харин УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын 14 яамны заримд нь Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг энэ мэтээр сонгон шалгаруулалтгүй томилсон. Сонгон шалгаруулалтгүй хийсэн томилгоонуудынхаа тухайд Засгийн газрын зүгээс Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг барьж шийдвэрлэж байгаа түр зохицуулалтуудын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ хэмээн тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед буюу урт нэртэй энэ хууль үйлчлэх үед л хүчинтэй түр томилгоо юм байх. Цар тахал намжиж, цаг сайхан болохоор Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтаа зарлаж, дарга нараа хууль ёсоор томилох бололтой. Гэхдээ Батлан хамгаалах болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг зарлаж, шалгарсныг нь “жинхлээд” байгааг тэмдэглэх хэрэгтэй болов уу.

Гэвч зарим сонгон шалгаруулалт, томилгоог цар тахлаар далимдуулан “царцаасан” нь цаанаа өөр зорилготой бололтой. Шуудхан хэлбэл, Төрийн албаны тухай хуулийг өөрчилж, Оксфорд, Харвард зэрэг дэлхийн шилдэг сургуулийг төгссөн ч, төрд ажилласан туршлага нь дутаж байгаа хүмүүсийг авч үлдэх гэнэ. Уг нь Төрийн албаны тухай хуулийн 26.3-т зааснаар ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно. Жишээ нь, Б.Болор-Эрдэнэ төрийн албанд ядаж найман жил ажиллачихсан бол энэ заалтыг ашиглаад дэвшүүлчихэж болохоор байгаа юм. Даанч яаж ч зүтгүүлээд ажилласан жил нь хүрэхгүй байгаа хүмүүсийн боловсрол, чадварыг ашиглахын тулд энэ оны эхнээс мөрдсөн Төрийн албаны тухай хуульд гар хүрэхээс өөр аргагүйд хүрсэн бололтой. Ингэхдээ энэ мэт шилдэг сургуулиудыг дүүргэсэн бол төрд ажилласан жилийг дүйцүүлэн “бонус” өгөх маягаар томилох сурагтай.

Өнөөдөр баталсан хуульдаа маргааш нь гар хүрдэг гэж шууд буруутгахад бас хэцүү юм. Учир нь Б.Болор-Эрдэнэ, Б.Солонгоо шиг боловсролтой залуусын үе одоо л эхэлж байна. Дэлхийн шилдэг сургуулиудыг дүүргэсэн олон боловсон хүчин эх орондоо эргэж ирнэ. Төрд ажиллаагүй гэх шалтгаанаар тэдний үзсэн, дуулсныг ашиглахгүй хоцрох нь хайран. Гэхдээ захиргааны албан тушаалд чадахуйн зарчим (мерит) буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах үндсэн шалгуур тавьж, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилохоор хуульчилсан Төрийн албаны тухай хуулийнхаа гол зарчмыг алдагдуулахгүй байж чадах уу.

Үнэндээ МАН-ынхан хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгуулна гэж санаагүй. Тиймээс ч 2016 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ 2019 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлахдаа дараагийн сонгуулиар олонх болох нам, хүчин төрийн албыг бужигнуулж, өөрсдийг нь эрх барьж байхад томилж, байршуулсан боловсон хүчнүүдийг нь халж, сэлгэх вий гэсэндээ нэлээд хатуу зохицуулалт оруулсан. Өдгөө тэр нь өөрсдөд нь хүндрэл учруулж буй нь энэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)