Цалин нэмэхийн тулд 55.4 тэрбум төгрөг төсвийн тодотголд суулгах санал тусгав

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээрийн үеэр 2017 оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөгөөр төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх санал тусгажээ. 

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас гурван зүйл дээр өөрчлөлт оруулах санал тавьсан. Үүний нэг нь 2018 оны төсөвт төрийн албан хаагчийн цалинг 30 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэхийг шаардсан явдал юм.

Ер нь Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх ёстой гэдэг дээр санал нэг байгаа. Гэхдээ хоёр асуудал байна. Нэг нь ОУВС-тай байгуулсан гэрээ, нөгөө нь төсвийн орлого нэмэгдэх ёстой.  Ядуурлын түвшин 2016 оны эцсээр 29 хувьд хүрсэн учир иргэдийн орлогыг зайлшгүй нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Мөн хувийн хэвшил болон төрийн албан хаагчдын дундаж цалингийн зөрүү 27 хувьд хүрчээ. Гэхдээ бид ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчихгүйгээр төрийн албан хаагчдын бодит орлогыг сайжруулах ёстой гэж үзэж байна. 

Ингээд 2017 оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөгөөр төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх санал тусгасан. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын шаардлагад хүрэхгүй байгаа ч дорвитой алхам хийж байгааг тэд дэмжиж байна. Мөн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас төрийн үйлчилгээний албан тушаалтнуудын орлогыг нэмэгдүүлэхэд энэ мөнгийг зарцуулах санал тавьсан гэнэ. 

Хэлэлцээр маргааш үргэлжлэх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)