Цаг он сарын баяр

Нийтлэл 60

Тун удахгүй шороон гахай жил гарна. Цагаан сарын баяраа монголчууд тэмдэглэх мөч ойртож байна. Энэ удаагийн нийтлэлээр уг баярын гарал үүслийн талаар түүхэн баримтыг уншигч таньд хичээнгү дэлгэе! Цагаан Сар буюу Цаг он сарын шинийн нэгний баяр Өтүгэнээс гаралтай, мал ахуйтаны ууган баяр болох тухай, амьтнаар нэрлэсэн арван хоёр жил, таван арван хоёр жил нэг жаран болон базагддаг мөчлөг нь Өтүгэнээс гаралтай мал ахуйтаны он тоолол болох тухай энэхүү нийтлэлээр өгүүлж байна.

Хэзээ мал ахуй хэвшил Өтүгэнд үүссэн бэ?

Нийтлэл 59-д археологич Д.Эрдэнбаатар өгүлэрүн: “…оршуулгын зан үйл, тайлга тахилгад бүтэн амьтнаар өргөл өргөж буйн нэг хэлбэр юм. Энэ зан үйлийн хэлбэрийг хүрэл зэвсгийн эрин үеэс эхлэн ...” Мал ахуйтан болсон баталгаат түүх нь оршуулагын зан үйлээр 4000 жил болж байна.

Мал ахуйтан болсон үе нь оршуулагын зан үйлэндээ мал хойлогохоос эрт байсан болов уу. Мал ахуй хэвшил бий болсноор овог, овогтон, төр бий болов. Мал ахуй хэвшил нь хамтрал хэвшлээс 50 дахин өндөр үр өгөөжтэй тухай Нийтлэл 52 “Шивэй Хамаг монголын дээдэс”-т өгүүлэв. Мал ахуй хэвшил үүссэнээр хүн амын тоо урьд хүмүүн төрөлхтөнд байгаагүй хэмжээгээр өсөв, урьд байгаагүй их баялаг үйлдвэрлэв, худалдаа наймаа хөгжив, цэрэг төр бий болов. Цагаан сар нь мал ахуйтаны төр үүсэн он цагаас бий болжээ гэсэн дүгнэлтэд хүрэв.

Яагаад цагаан сарыг зун, намар хийж болдоггүй, яагаад заавал Григориан он тооллоор 1-2 сард хийдэг юм.

Хариулт: Зун наадам (Лүнгийн цугларал-Хүн гүрнээс буюу Хүн илээс түүхэн уламжлалтай баяр), намар хурим найр, 10-11 сар идэш (ид-мах +ш олон тоо, бод богийн олон төрлийн мах бэлдэхийг идэш хийнэ буюу мах хийнэ гэнэ ) хийдэг нь мал ахуйтаны жил доторхи мөчлөг. Гүег 1246 оны зуны дэлгэр цагаар хаанд өргөмжлөгдөн ор суув. Хаанд өргөмжлөгдөх уг ёслол ямар өргөн болсон тухай Жүвэйний, Плано Карпини, Рашид нар түүхэн номондоо дэлгэр тэмдэглэжээ. Зун намрын ийм баяр ёслол зөвхөн нэг буюу хоёр газар хийдэг. Зуны давуу тал нь мал тарган, идээ будаа, сүү сааль илбэг байдагт оршино. Дахин хэлэхэд Хаан ор суух, хурим найр зун намрын сард маш тохиромжтой. Цагаан сар шиг ийм дэлгэр, өргөн тархацтай баяр зун намар хийх огт тохиромжгүй буюу боломжгүй гол шалтгаа нь байгалийн хөргөгч, хөлдөөгч үгүйд оршино. Зун, намар айл болгон ууц тавих боломжгүй ( өдөртөө муудна), айл болгон бууз хийх боломжгүй (хөлдөөх газар үгүй), тэгээд зогсоо зайгүй саалийн буюу дэлэнт малын цаг юм. Дэлэнт малын цаг гэхээр хоёр цаг болгон гүү саах, өглөө орой үнээ саах, хонь ямаагаа холбон саах гээд ажил мундахгүй үе. Григориан он тооллоор нэг хоёр сар нь мал ахуйтаны хувьд ийм баяр хийх цорын ганц боломж. Хүйтний эрч суларсан, өвлийн тогтуун сайхан үеэр ажил бага, бие биенийхээрээ очин, бие биенийгээ дайлдаг энэ үе нь мал ахуйтанд зөвхөн цагаан сар байдаг. Гурван сараас (григориан тоолол буюу энэ өдгөө бүх нийтийн тооллын гурван сар) мал төллөж эхэлдэг ба энэ үеэс мал ахуйтан завгүй болдог. Тэгэхээр зуны дэлгэр, намрын налгар сард мал ахуйтан хэзээ ч уг баярыг хийж байгаагүй, хийх боломжгүй гэдгийг дахин сануулая.

Бууз- уг үгний утга, гарал:

Цаг он сарын баярын гол зоог бол бууз. Уг үгийг дунд орноос ирсэн үг гээн зарим их мэдэгч нар өгүүлж байна. Дунд орны судлаачид уг үгний гарал үүслийг сайн тайлбарлаж чадахгүй өдийг хүрэв. Гурил элдэн, элдсэн гурил дотроо жижиг хэрчсэн, давсалж амталсан махыг боож жигнэн болгосон зоогийг бууз гэнэ. Тэгэхээр боо, буу буюу бого, бугу (орон нутгийн аялгын зөрүү) гэдэг нь хоолны нэр,+ з-олон тооны дагавар тэгэхээр бууз гэдэг нь олон тоонд байгаа буу гэсэн үгний хэлбэр. Ганц буу (бууз) жигнэхгүй. Уг үгийг дунд орны хүмүүс боо гэдгийг давуунд боох гэдгээр тайлбарладаг. Харин олон тооны шуугих гийгүүлэгч З-г тэд тайлбарлаж эс чадна. Бууз-уг үгийг ЮНЕСКО-д дунд орныхон бүртгүүлсэн гээн сонссон (энэ өдгөө баталж чадахгүй). Энэ өдгөө Дунд орны хүмүүсийн цаг оны баярын гол зоог нь бууз биш ногоо махтай банш (нутаг нутагт баншны орц өөр). Ийм их махыг гуриланд боож иддэг хүмүүс мал ахуйтангаас өөр хаана ч байсангүй. Гурил мануусын дээдэст 8000 жилийн өмнө амуй тариалснаас бий болжээ.

Цагаан идээ

Цагаан идээ гэдэг нь цагийн идээ гэсэн утга. Зөвхөн зун цагт гарч, намар цагт дуусдаг идээ. Цагаан нь анхандаа өнгө биш цагийн гэсэн утгыг агуулж байжээ. Өнгө дагахаар хонины ээзгий улаан, бяслаг шар, ааруул бор, нэрмэл архи хар (хар ус, хар архи гээн өгүүлнэ), шар тос гэх мэтээр цагаан өнгө ороогүй идээ дийлэнхи нь байна. Цагаан (цагийн) идээний гол түүхий эд нь сүү. Мал ахуйтаны сэтгэхүйгээр сүүн идээ гэх байсан. Уг идээний гол мөн чанар нь жилийн дөрвөн улиралд гардаггүй тул цагийн идээ буюу цагаан идээ гээн нэршжээ.

Цагаан сарыг манай бусад мал ахуйтангууд яаж дуудаж байна гэдгийг харцгаая. Уулын алтайчууд, тувачууд уг баярыг чага байрам буюу он цагийн баяр гээн нэрлэнэ.

Өнөөгийн Монголчууд уг баяраар амар байна уу гээн золгосны дараа онд мэнд, цагт тарган оров уу гээн асууна. Он цагийн баяр болохоор ингэж асууж байгаа юм шүү. Жил 12 сартай учир сар шинэ буюу сар болгоны шиний нэгэн жилдээ 12 байна. Харин цагийн шинэ, оны шинэ, сарын шинэ давхацсан өдөр бол цагаан сарын шиний нэгний өдөр буюу цаг, он, сарын шиний нэгний өдөр болно.

Манай хэлэнд эгшиг эгшигэндээ уусах (эгшиг зохицох) ёс байна. Хоёр үгнээс бүрдсэн изгүр нэг нэгэндээ уусгахгүй нь тулд эрт дээр үеэс байнга засдаг байжээ. Үүнийг  засаагүйгээс болж, засах хүн байхгүй улмаас дайсун-дайсан, багатур-баатар, цаг он-цагаан болжээ. Цагийн идээний гол түүхий эд сүү. Цагаа нь хожим сүүний өнгө болжээ. Монголын нууц товчоонд цэгээ-цагийн идээ, мөн цагаан гэдэг зүс олно гардаг нь ийм учиртай.

Хамгийн анх уг баярын тухай тэмдэглэн үлдээсэн түүхэн баримт байна уу?

Ийм эх сурвалж байна. “Он болгоны анхны сарнаар удирдагчид Шаньюгийн өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг. Таван сард Лүн хотод их чуулганд ирэн өвөг дээдэс, Тэнгэр газар, хүний болон Тэнгэрийн сүнс-гүйшнд тахил өргөдөг. Намар адуу таргалахаар дахин Их чуулганыг Даалинд хийж, хүн малын тоог нягталдаг”. Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл” НТӨ I зууны эхэн үе. Энд Сыма Цяни хүннүгийн гурван төрийн баярыг өгүүлж байна. Он болгоны анхны сар гэдэг нь цаг оны анхны сар буюу цагаан сараар Шаньюгийн өргөөнд золголт хийдэг байсан тухай Сыма Цянь хоёргүй утгаар шууд бичжээ. Тэгэхээр уг төрийн баярыг түүхэнд ойролцоогоор 2100 жилийн өмнө анх бичсэн нь Сыма Цянь болно. Сыма Цяни Хүннүгийн баярын тухай бичсэн болохоос Модон шаньюгийн хувийн баярын тухай бичээгүй. “Чүнвэйгээс Түмэн (Модун шаньюгийн эцэг) хүртэл мянга гаруй жил болов. Уг хугацаанд Хүннү овогтон хүчирхэг болж, таран буурай болж байв. Эрт дээр үеэсээ ийм байв. Эд нарын овог, төрийн түүхийг энэ өдгөө цэгцтэй өгүүлэх боломж үгүй” гээн Түүхэн тэмдэглэлдээ Сыма Цянь бичжээ. Сыма Цяни Модун шаньюгийн түүхийг маш сайн бичин үлдээжээ. Мянга гаруй жил гэдгийг маш олон жил гээн Дунд орны судлаачид тайлбарладаг. Өнөөгийн судлаачид дунд орны түүхийн эцэг Сыма Цяни болон дараа дараагийн түүхчдийн буянгаар сүүлийн 2500 жилийн түүхийн цаг хугацааг мэднэ. Сыма Цяни-д ийм баримжаа байсангүй. Сыма Цянээс урьд эртэний түүхээ системтэй бичин өвлүүлсэн битигч нар байсангүй. Тийм учир нэн эртэний түүхээ Сыма Цянь домог, системгүй бичгэн тэмдэглэлүүдийг сэрээн бичин үлдээжээ.

Сыма Цяни-ий мянга гаруй жил гэдэг нь хоёр мянга, гурван мянган жил байж болно. Энд Сыма Цяни мал ахуйтаны тухай биш мал ахуйтаны төрийн тухай өгүүлж байна гэдэг нь чухал. Мал ахуйтаны төр 5000 жилийн өмнө үүсэн гээн үзвэл мануус 5000 жилийн хугацаанд уг баярыг тэмдэглэсээр иржээ.

Монголын нууц товчооны 26-р хэсгийн хамгийн сүүлийн өгүүлбэрийн төгсгөлд “...хон гарпа” – он гарав. 27-р хэсгийн эхний өгүүлбэрийн эхний хоёр үг “капар болупа”-хавар болов. Тэгэхлээр эхлээд он гардаг, дараа нь хавар болдог гэдгийг Монголын нууц товчоо баталж байна.

Дээрх эх сурвалжууд болон өнөөгийн мануусын ахуй Модун шаньюгаас Бодончор, Бодончороос өнөөг хүртэл манай цаг тоолол огт өөрчлөгдөөгүй гэдгийг баталж байна. Энэ маш чухал.

Яагаад мал ахуйтан он тооллыг цагаан сараас эхэлж тооцдог вэ? Яагаад зуны дэлгэр цагаас он тоололоо эс эхлүүлэв гэсэн асуултад хариулая. Дахин хэлэхэд мануус мал ахуйтан болоод 5000 жил болж байгаа болов уу. Мал төллөлт цагаан сарын дараа болдог. Мал ахуйн мөчлөгөөр хавар мал төлөлж, зун тарга тэвээргээ аван хахир өвлийг давж онд ордог. Энэ бол мал ахуйн цикл (мөчлөг). Цаг оны баяр буюу цагаан сар нь мал ахуйтаны баяр юм.

Дунд орон хэзээ цагаан сар буюу цаг оны баяр хийдэг болов?

Энэ тухай уншигч таньд хүргэх бэлэн судалгаа одоогоор мануусд алга. Мал ахуйтаны төр дунд ороныг хэзээ хураасан тэр цагаас уг баяр дунд оронд очжээ гээн мануус дүгнэж байна. Цинь (МЭӨ 221-210), Тан (НТ 618-907), Юань төр (НТ1271-1368), Манж Чин (1644-1912) гэх мал ахуйтан төрүүд нь тариалан ахуйн дунд оронд төрөө байгуулжээ. Яг аль төрийн үеэс эхэлж цаг оны баярыг дунд орны иргэд тэмдэглэж ирсэн бэ гэдэг асуултанд мануус энэ өдгөө хариу өгч чадахгүй. Хожим судалгаа хийсний дараа энэ тухай өгүүлэх болно. Харин дунд орны ургацын баяр нь он цагийн найман сарын тэргэл сартай өдөр болдог. Хэрэв цагаан сар григориан тоололоор нэг сард тохиовол ургацын баяр нь есөн сард, хоёр сард тохиовол арван сард болдог байжээ.

 С.Дулам ба цагаан сар

Ардын багш С.Дулам ийм ярилцлага өгжээ.

Цагаан сарын баяр хэдийнээс үүсэлтэй юм бэ. Та үүх түүхээс нь ярьж сонирхуулахгүй юу?

“Монголчууд жилийн эхийг тэмдэглэхдээ голдуу намар, өвлийн заагаар их махан тайлга үйлдээд түүнээсээ овгийнхоо гишүүн бүрт хувь хүртээж, шүүс идээгээрээ ёсолдог байсан нэгэн үе бий. Түүхэн баримт дээр тулгуурлаад үзвэл, 1207 оны улаагчин туулай жилийн эхний өдөр Чингис хаан өглөө эртлэн босч тэнгэр хангайдаа мөргөж, өвөг дээдэстээ тахил өргөн Өүлэн эхдээ золгосон гэдэг”

Ингээд 1207 онд буюу Чингис хааны II онд тэмдэглэсэн тэр үеэс эхлээд сүү цагаан идээгээр голлуулан ёслодог "Цагаан сар" гэдэг ёслол эхэлж, төр ёсны баяр болсон. Үндсэндээ энэ баяр нь монголчуудын хувьд малын сүү шимээр голлон аж ахуйгаа эрхэлсэн цагаас тэр цагаас л эхлэлтэй. Нөгөөтэйгүүр хавар гэдэг улирал монголчуудын хувьд хамгийн хатуу улирал. Газар ногооны шим, малын тарга хүч, хүний тамир тэнхээ ч буурсан хатуу цаг, хаврын “хар сар” гэгддэг.
Энэ хаврын хар сарыг цайлгах бэлгэдлийн утгаар цагаан сар гэдэг баярыг бий болгосон. Тийм болохоор цагаалга хүртэж, их идээ засч, хэн хэдэн үе идээ засах зэргээс эхлээд бүгд нарийн дэг журамтай байсан юм билээ. Мэдээж хэрэг цагаалгаар голдуу шинэлж байгаа учраас “Цагаан сар” гэж нэрлэсэн. Цагаан сарыг зарим Монгол угсаатан цэгээ сар, сүүн сар, сагаалган (буриадууд) гэж нэрлэдэг.

1207 онд буюу Чингис хааны II онд тэмдэглэсэн тэр үеэс эхлээд сүү цагаан идээгээр голлуулан ёслодог "Цагаан сар" гэдэг ёслол эхэлж, төр ёсны баяр болсон

Битүүний учир начрын тухайд? Битүүн” гэдэг бол миний судалснаар ан агнуурын соёлын үеэс буюу цагаан сараас өмнө тэмдэглэдэг байсан хувь сарын ой дурсамж. Өөрөөр хэлбэл их махан тайлга хийдэг, шүүс идээгээр голлон аж төрж байсан ан агнуурын соёлын үеийн үлдэц гэж болно.

  1. 1. С.Дулам: “...жилийн эхийг тэмдэглэхдээ голдуу намар, өвлийн заагаар тэмдэглэдэг байсан” гэж ямар эх сурвалж, ямар баримтыг барина өгүүлж байна вэ? Сыма Цяни Түүхэн тэмдэглэл, Тан төрийн бичиг, Монголын нууц товчоонд гардаг он тоолол өнөөгийн манай он тоололтой ижил байна. 2300 жилийн турш он тоололд өөрчлөлт эс оржээ. Хахир өвлийг даваагүй байхдаа цаг оны баяраа мал ахайтнууд хийх үү? Онд ороогүй байж оны баяраа хийх үү?
  2. 2. “... Өүлэн эхдээ золгосон гэдэг”. Хэрэв С.Дулам гуай өөрөө 750 настай бол мануус юу хэлэх билээ. Академик судалгаанд “гэдэг” гэсэн үг хэрэглэдэггүй. С.Дулам та эх сурвалжаа нэрлэх хэрэгтэй.
  3. 3. “Ингээд 1207 онд буюу Чингис хааны II онд тэмдэглэсэн тэр үеэс эхлээд сүү цагаан идээгээр голлуулан ёсолдог "Цагаан сар" гэдэг ёслол эхэлж, төр ёсны баяр болсон”. С.Дулам та эх сурвалжаа дэлгэн үү!
  4. 4. “голдуу намар, өвлийн заагаар их махан тайлга үйлдээд түүнээсээ овгийнхоо гишүүн бүрт хувь хүртээж, шүүс идээгээрээ ёсолдог байсан нэгэн үе бий”. Гэр мах түгээх гээд идэшний үед болдог уг заншил саяхан хүртэл байсан. Энэ баярыг Сыма Цяни Түүхэн тэмдэглэлдээ: “Намар адуу таргалахаар дахин Их чуулганыг Далинд хийж, хүн малын тоог нягталдаг” гэдэг нь идшээ бэлдсэний дараа хүн малын тооллого зэрэг явагдаж Их чуулган Даалинд хийдэг тухай өгүүлж байна. Энэ өдгөө идэшний цаг, тооллогоны цаг хивээрэй л байна. Энэ нь цаг оны баяр огт биш юм.
  5. 5. “Битүүн” гэдэг бол миний судалснаар ан агнуурын соёлын үеэс буюу цагаан сараас өмнө тэмдэглэдэг байсан хувь сарын ой дурсамж. Ан агнуурын соёл нь мал ахуйн соёлоос өмнө байсан буюу 7000 жилийн өмнөх үгийг С.Дулам та яаж судалсан бэ?

Битүүн буюу битүүлэх гэдэг үгний тухай нийтлэл 24-т “Цагаан сар бол мал ахуйтны баяр” тайлбарласан. Уг нийтлэлд Монголын нууц товчооны битүүлэн гэдэг үг нь өөр утгатай болохыг нийтлэл 56-гаар залруулсан. Мануус бас алдаагаа олж, засан зарлуулж байна. Битүүн гэдгийг гийгүүлэгч ултай хүн бичгээр Бдүн гэж бичнэ. Бүдн, бдүн эх бичиг судлагч маний нүдээр нэг үг ба орон нутгийн аялгын зөрүү бөгөөд Диван Лугатаар хүмүүс гээн тайлбарлажээ. Бдүл гэдэг нь хүмүүс нэг доор цугларахыг хэлж байна. Хожим овог нь ясту хүн, иргэнээс бүрддэг тухай өгүүлэхдээ нарийн ялгааг нь гаргаж өгнө.

Өнөөдөр Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ үндэсний ой санамжийг сэргээх гээн зорьж байна. Ямар ч эх сурвалжгүй, эх сурвалжаас анги, зохиомол ийм ярилцлага ардын багш С.Дулам өгч байгаад туйлын харамсаж байна. С.Дулам та өөрөө будлиж болно. Мануусын үүрэг бусдыг будлиулахгүй байхад оршино.

Арван хоёр жил Дунд орных уу Мал ахуйтаных уу? Уг асуултанд хариулахын тулд мал ахуйтаны хөгжил тариалан ахуйтаны хөгжлөөс хэзээ хол илүү байв гэдгийг түүхээс харах ёстой.

 “Тариалан ахуйн хөгжил мал ахуйн хөгжлөөс хоцорч байсан орон зай НТӨ 4000-500 он. Услалтын систем байгуулагдаагүй, төмөр гараагүй үе. Энэ үед мал ахуйтан хүн амын тоогоор давамгайлж байв. Тариаланчид том хот суурингүй, жижиг тосгод голын эрэг даган сунасан хэлбэртэй аж төрж байхад их айл нутгийн мал ахуйтнууд сая саяараа нэг доор амьдран өөрийн төр захиргааг бий болгосон байв. Мал ахуйн циклээс гаралтай цагаан сар, амьтнаар дүрсэлсэн арван хоёр жилийн соёлыг шинээр үүсэж буй тариалан ахуйтнууд хэрэглэж эхлэв. Энэ үед мал ахуйтнууд тариалан ахуйтныг дайран дээрэмдэж байсангүй. Учир нь авах зүйл тэдэнд байсангүй. Тариалан ахуйн хөгжил мал ахуйн хөгжилтэй адил болсон орон зай НТӨ 500, НТ 618 он. Өнөөгийн Хэнань мужид НТӨ V-IV зуунд суваг татан услалтын систем бий болгов. НТӨ 486 онд Чү улс Хөх мөрөн Шар мөрний хооронд суваг татав. НТӨ 316 онд өнөөгийн Чэнду хотын нутагт Хөх мөрнөөс суваг татан услалтын систем хийв. Услалтын системтэй болсноор ган гачгаас бага хамаарах, тогтвортой тариалах ахуй бий болов. Хүн амын тоо өсөв. НТӨ III зууны сүүлчээр мал ахуй ултай Цинь улс тариалан ахуйн зургаан улсыг нэгтгэн урьд байгаагүй тариалан ахуйн хүчирхэг төрийг байгуулав. Мал ахуйтаны төр барих ухаан тариалан ахуйтанд очив” Нийтлэл 22 Мал ахуй дэлхий нийтийн ухаараагүй соёл.

Тэгэхээр НТӨ 500 зуунаас өмнө мал ахуйтаны соёл тариалан ахуйтаныг хол давамгайлж байжээ.

1989 онд Дунд орны хадны сүг зураг судлаач Gai shan lin(盖山林) гэдэг хүн Өвөр Монголын Улаанцав-ийн дархан Мянган хошуунаас 12 иш амьтаны дүрс бүхий хадны зураг олсон байна. Цаг хугацааны хувьд энэ зураг нь Дунд орны Хавар Намар болон Байлдаант улсын үед (НТӨ 770-221) хамаарагдана гэж үздэг байна. Уг зураг анхны 12 жилийг дүрсэлсэн зурган олдвор болж байна. Уг зураг мал ахуйтаны нутаг дэвсгэрээс олдсон нь чухал.

Манай Түрэг төр, Уйгур төрийн хадан бичигт хонь жил, мич жил, барс жил, луу жил, тахиа жил, үхэр жил бичигджээ. Улаанцавын олдвороос мянгаас мянга долоон зуун жилийн хойно учир энэ тухай өгүүлэхээ зогсоё.

Өвөр Монголын өдрийн сонины 2015 оны 7 сарын 09 -ний өдөр “Жилийн 12 амьтаны иш тооллого Хүннү гүрнээс гаралтай байж магадгүй” гэсэн гарчигтай нийтлэл хан хэлээр гарав.

“Эртэний үед 12 жилийг 12 амьтанаар тэмдэглэн 12 сарыг тоолдог заншилтай байсан. Үүнд Хулгана, Үхэр, Бар,Туулай, Луу, Могой, Морь, Хонь, Мич, Тахиа, Нохой, Гахай гээн тус тус хэлдэг байсан. Түүнээс улбаалан нэг хүний амьдрал нь ямар нэгэн жилтэй холбоотой. Сяо овогтой хүн нь ямар нэгэн амьтантай холбоотой болно. Хулган жилтэй Сяо овогт, Үхэр жилтэй Сяо овогт гэх мэтээр хэлдэг заншил бий.

Тан төрийн Ли жао хэмээгчээс Тан төрийн түүхэн нөхбүр (нөхөн бичсэн) дэд ботинд: “ Барс, Хулган нь жилийн 12 амьтанд багтана. Сонин байгаа биз?” гэжээ.

Манж Чин улсын Жао үй хэмээгчээс: “Цуврал бичиг. Жилийн 12 амьтаны гарал үүсэл нь Хожуу Хан төрийн үед хамаарагдана”. “Уул нь хойд газраас үүссэн бөгөөд Хан улсын үе хүрээд Ху Хан Үе шанью хилээр орж ирэн Ву Юанд сууж, Чигийн (соёрхсон газар усны) ардтай холилдон суусан байна. Түүгээр алгуур, аажмаар Дунд газар нэвтрэв. ...тэр жилийн 12 амьтаны иш тоолол нь Хан улсын үед үүссэн нь үнэн болно” гэжээ. Хүннү нь урт удаан түүхтэй нүүдэлчин болно. Хүннүчүүд нь өөрийн гэсэн түүхээ бүтээсэн гайхамшигт ард түмэн байлаа. Хан улсаас өмнө Дунд оронд луу цаг, тахиа цаг, туулай цаг гэх мэтээр тооцоолж яридаг заншил үгүй байлаа. Өөрөөр хэлвэл Хан улсаас хойш Дунд газар бий болсон иймэрхүү заншил нь тухайн үеийн нүүдэлчдээс Дундад нэвтэрсэн заншил гэсэн үг болно. Түүхэн дээр Хүн Хан Үе шанью улсаа дагуулан Дунд газар орж суусан. Тэгээд урт удаан хугацаанд тэдэнтэй Хан хүмүүс цус холилдон, аажмаар тэдний дунд хайлж шингэсэн байна. Хүннүчүүдийн зан заншил тухайн үеийн дундуудыг ноёлсон нь мэдээж”.

Уг сонинд гарсан эх сурвалжуудаас 12 жил хүннүгээс гаралтай, мөн яаж дунд оронд очсон тухай тодорхой бичжээ.

Зарим дунд орны эрдэмтэд мал ахуйтанд тахиа, бич байхгүй тул тэднийх биш, Энэтхэгээс дунд орон авсан байж магадгүй гээн өгүүлж байна.

Энэтхэг он тоолол: Энэтхэгийн он тоолол григориан гурван сараас эхлэнэ. Энэтхэгчүүд сар нарны давхар тоололтой. Жил нь арван хоёр сартай. Энэтхэгчүүд 12 жилийн мөчлөггүй, жилийн 12 амьтантай тооллого хэрэглэдэггүй юм байна.

Перс он тоолол: “Перс улс. Нийслэл хотоос нэгэн түмэн таван мянган гурван зуун лид бий. Зүүншээ Тухо ло, Кан улстай хиллэнэ. Хойгуураа Түрэгийн Са аймагтай хаяа нийлнэ. Ямарваа үйл хийхдээ тэнгэр газар нар сар ус галын олон сариусуудыг шүтнэ. Зургаан сарын

нэгний өдрийг жилийн эх гэнэ” Хуучин Тан төрийн бичиг, Баруун рун. Тэгэхээр Перс өөр он тоололтой байжээ.

Исламын он тоолол: цаг тоололыг сараар хийнэ. Он тоолол нь 622 оны 7-р сарын 16 наас эхлэнэ. Үүнийгээ Хиджирийн тоолол гэнэ. Жил нь 12 сард хуваагдана. Арабын мөчлөг нь 30 жилээр, Туркийн мөчлөг нь 8 жилээр явагдана. Тэдэнд 12 амьтан жилийн мөчлөг байдаггүй юм байна.

Кидан цагаан сар:

Цагаан сарын шиний нэгэнд улсын тэргүүн тутрагны наалдамхай банданг цагаан хонины тархитай базаж зангидсан гарны хэмжээний болгоно. Дөчин есөн зуурмагийг гэрт дотороос улсын тэргүүн болон бусад нь тооноор шиднэ. Хэрэв тэр шөндөө тэгш тоотой зуурмаг олвол хөгжим дугарч найр эхлэнэ. Гэрт давс пийшэнд хийж шатаана. Ингэж буг чөтгөрийг хөөдөг . Цидань го жи Е лүн ли. Энэ бүхнээс хархад цагаан сарын баяр нь Хүннүгийн зүрхэн нутаг Өтүгээнээс гарал үүсэлтэй гэдэг нь маш тодорхой байна. Киданууд цагаан сарыг өөрийн гэсэн өвөрмөц хэлбэрээр хийдэг байжээ.

Дүгнэлт: Цаг он сарын баяр буюу цагаан сарын баярыг мал ахуй нь жилийн мөчлөг дээр суурилсан, мал ахуйтаны баяр болохыг мануус батлав. Мал ахуйтан хэзээ үүссэн тэр цагт төр үүссэн, тэр цагаас бий болсон баяр бол цаг оны баяр болно. Түүхэнд уг төрийн баярыг дунд орны түүхийн эцэг Сыма Цяни анх бичин үлдээжээ. Уг баярыг дунд орны хүмүүс мануусын дээдсээс өвлөн авчээ.

12 төрлийн амьтнаар нэрийдсэн, 12 жилийн мөчлөг нь Хүннүгээс гаралтай гэдгийг хадан зургийн олдвор, дунд орны түүхэн эх сурвалжуудаас олж мэдэв. 12 жилийг дунд орны хүмүүс хүннүчүүдээс өвлөн авжээ.

Цаг оны баяр нь 5000 жилийн түүхтэй болов уу. Уг түүхэн хугацаанд үе үеийн мал ахуйтаны төр тасралтгүй тэмдэглэн иржээ. Энэ өдгөө дэлхий дээр хийж буй хамгийн эртэний баяр болох ёстой. Уг баяр нь буддын шашин (НТӨ V зуун Энэтхэгт) бие болохоос өмнө үүссэн, Христос амилхаас хамаагүй өмнө бий болсон, исламын бүх баяраас өмнө байсан баяр болно. Ийм урт хугацаанд тэмдэглэдэж буй, дэлхий нийтэд танигдсан баяр энэ өдгөө дэлхий дээр байхгүй болов уу. Орчин цагийн мануус уг баярынхаа мөн чанар, тус холбогдолыг гүн ухааран мэдрэх ёстой. Уг баяр мануусыг хаанаас ч ирээгүй хашаа ч яваагүй гэдгийг үеийн үед баталсаар ирсэн болно. Цаг оны баяраа хийсээр газар ус, их түүхийнхээ эзэн гэдэг үндэснийхээ ой санамжыг мануус үндэстэн даяраа сэрээж байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Fb: Sergelen International Expedition


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)