ЦАГ АГААР: Энэ 7 хоногт эрс хүйтэрч, ХУР ТУНАДАС орно

Цаг уурын байгууллагаас 2019 оны аравдугаар сарын 01-нээс 07-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар энэ сарын 01-нд ихэнх нутгаар, 02-нд зарим газраар хур тунадас орж, эрс хүйтэрч, хүчтэй салхи шуургатай, бусад хугацаанд сэрүүн байна.

Тухайлбал, 01-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 02-нд зарим газраар, 03-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, 06, 07-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 30-нд баруун аймгуудын нутгаар, 01-нд ихэнх нутгаар, 02, 03-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 м/с, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 02-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байх төлөвтэй байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)