Цаг авах дуудлагын нэгдсэн төвийг ирэх сард ашиглалтад оруулна

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чирэгдлийг бууруулах зорилтын хүрээнд Цаг авах дуудлагын нэгдсэн төвийг ирэх 1-нд ашиглалтад оруулахаар бэлтгэж буйгаа ЭМЯ-наас мэдээллээ. Иргэд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээр үйлчлүүлэхийн тулд эхлээд цаг авч, дараа нь олон хоног хүлээж, дугаарладаг. Тиймээс эл ачаалал, чирэгдлийг бууруулахын тулд эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв байгуулж, II, III шатлалын эмнэлгүүдийн үзлэг, шинжилгээний цагийг нэг дороос олгодог болох юм байна. Өөрөөр хэлбэл, иргэд эмнэлэг болгон руу утасдах шаардлагагүй гэсэн үг. Түүнчлэн энэхүү төвөөр дамжуулан ямар төрлийн тусламж, үйлчилгээ илүү эрэлттэйг, хаана нь төвлөрөл, чирэгдэл их байгааг давхар хянаж, зохицуулалт хийх гэнэ. Эхний ээлжид III шатлалын есөн эмнэлэг, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдийг дуудлагын нэгдсэн системд холбоно. Цаашид улсын хэмжээний эрүүл мэндийн бүх байгууллагыг эл сүлжээнд нэгтгэх зорилт дэвшүүлжээ.

Ташрамд дурдахад, Цаг авах дуудлагын нэгдсэн төвийн тусгай дугаарын утасны нэг минутын ярианы төлбөр энгийн тарифтай байх аж.

Бэлтгэсэн: О.Оргилох


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)