Цагдан хорих байранд амиа алдсан иргэнийг саатуулахдаа хууль журам зөрчсөн гэв үү

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан иргэн Л.Б цаг бусаар нас барсан хэрэг өнгөрсөн бямба гарагт гарсан. Хариуцсан салбарт нь гарсан энэ хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тайлбар өгөхдөө “Хоёр ажлын хэсэг гарч хэргийг шалгаж байна. Одоогоор хэн нэгэнд хариуцлага тооцоогүй. ШШГЕГ-аас дотооддоо хяналт, шалгалт хийж байгаа. Уг шалгалтын дүн өнөөдөр эцэслэн гарах байх. Ажлын хэсгүүдийн шалгалтын дүн гарсны дараа хуулийн байгууллага эцэслэнэ. Ийм эмзэг асуудлаар аль, аль талаасаа буруу мэдээлэл цацаж, бурхан болсон хүнийг хамгаалж байгаа юм шиг дүр эсгэн, бүр доромжлоод байж болохгүй. Надад танилцуулга, мэдээлэл ирсэн. АТГ-аас хэрэгт холбогдуулан шалгаж, шөнийн 03.00 цагт саатуулсан. Сэтгэл санааны хүнд байдал байж байгаад л ийм явдал болсон. Тэр шалгалт нь зөв явагдсан, эсэхэд прокурор хяналт тавьдаг. Талийгаачтай бид хамт 10 гаруй жил Улсын ерөнхий прокурорын газарт ажилласан” хэмээсэн юм.

МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн хамтран хэргийг шалгаж буй бөгөөд бидэнд олдсон мэдээллээр АТГ-ынхан талийгаачийг цагдан хорихдоо журам зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэнэ. Тухайлбал, эмэгтэй хүнийг хорихдоо эмэгтэй мөрдөгч орж, уулзаж хүлээлгэж өгдөг, хувцсыг нь солиулж хооллох ёстой байсан ч АТГ-ын эрэгтэй мөрдөгч энэ ажиллагааг удирдсан нь журам зөрчсөн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)