Цагдан хорих ангийн ажилтнуудыг яллагдагчаар татжээ

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид “Салхитын мөнгөний ордын” гэх хэрэгт хамжигчаар оролцсон байж болзошгүй үндэслэлээр саатуулагдаад байсан, Улсын дээд шүүхийн шүүгч, Гавьяат хуульч Б амиа алдсан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарсан билээ. Уг хэргийг өдгөө МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж буй.

Тэрбээр цагдан хорих өрөөнд ганцаараа хоригдсон, саатуулагдсанаас хойш хэн ч тийшээ ороогүйг дээрх ангийн хяналтын камерт бичигдсэнийг нотлох баримт болгож байгаа. Мөн ШШҮХ-гийн шинжээчдийн дүгнэлтээр талийгаачийн гарын хуруунд гаднын нөлөөтэй шарх үүссэнээс өөр ил харагдах гэмтэл, бэртэлгүй, гар дахь сорви нь нас барахаас өмнө гэрээслэл бичихийн тулд цусаа гаргасантай нь холбоотойг тогтоосон билээ. Талийгаачийн үлдээсэн гурван цаасан дээрх гэрээслэлийг шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргасан бөгөөд бичгийн хэв нь Б-гийнх гэдэг нь батлагдсан аж.

Уг хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид тухайн үйл явдал болсон өдөр ээлжинд гарч байсан алба хаагч таван хүнийг яллагдагчаар татсаныг эх сурвалжууд батлав. Тэднийг хүний амь нас хохироосон үндэслэлээр бус, албан үүрэгтээ хайнга хандсан хэмээн буруутгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)