“Цагдаа нарын хяналтаас гадна иргэдийн оролцоо чухал”

Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт орших “Тэнгэр плаза” худалдааны төвийн өмнөх замд ажиллаж буй, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ажлыг сурвалжиллаа. Тус хэлтсийн алба хаагчид нийслэлийн зорчигч тээврийн төвүүд болох “Драгон”, “Тэнгэр плаза”, “Лавай”-н ойр орчмын зам, тээврийн хөдөлгөөн, мөн орон нутгийн авто замуудад өнгөрсөн хоёрдугаар сарын 12-

ноос хяналт тавьж байгаа аж. Энэ ажлыг Тээврийн цагдаагийн албаны даргын удирдамжийн дагуу хэрэгжүүлж эхэлжээ. Өнгөрсөн онд манай улсад зам, тээврийн ослын улмаас 500 гаруй иргэн амиа алдсан харамсалтай мэдээ бий. Тиймээс энэ төрлийн осол, зөрчлийг илрүүлэх ажлыг чангатгаж, сайжруулах болсонтой холбогдуулан тус хэлтсийнхэн холбогдох объектуудад ажиллаж байгаа аж. Зам, тээврийн ослын улмаас амиа алдсан, гэмтсэн тохиолдлуудын нэлээд хувийг явган хүний гарц дээрх осол эзэлж буй гэнэ. Тиймээс “Тэнгэр плаза” худалдааны төвийн өмнөх замд ил болон далд шалгалт явуулж, явган зорчигчдод зам тавьж өгөөгүй тээврийн хэрэгслийн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгож буй юм байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Бат-Эрдэнэ “Улсын хэмжээнд цагдаа нар өдөр бүр хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Гэвч жолоочийн хариуцлагагүй байдлаас үүдсэн осол, зөрчил, соёлгүй үйлдэл буурахгүй байна. Тухайлбал, явган хүний гарцаар гарч буй иргэнд жолооч нар хүндэтгэлтэй хандах ёстой. Гарцаар гарч яваа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүдийг хэдхэн минут хүлээж чадахгүй, дайрах шахам өнгөрдөг зөрчил өдөрт 20-30 илэрч байна. Энэ төрлийн зөрчил гаргасан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу 20 нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгодог” гэв.

Зам, тээврийн осол буурахгүй байгаагийн нэг шалтгаан нь иргэдийн оролцоо, хяналт султай холбоотой гэнэ. Тодруулбал, жолооч утсаар ярих, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гаргасан тохиолдолд иргэд авто, тээврийн үндэсний төвийн 1900 1234 дугаарын утсанд хандаж, мэдээлэл өгөх боломжтой аж. Тус хэлтсийн зохицуулагч, дэслэгч Б.Мягмарсүх “Улаанбаатар хотод автомашин 60, нийтийн тээврийн хэрэгсэл 50 км/цагаас бага хурдтайгаар хөдөлгөөнд оролцох ёстой. Хурд хэтрүүлснээс болж, гарцаар гарч буй зорчигчийг дайрах, улмаар амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулах тохиолдол цөөнгүй байна. Он гарснаас хойш буюу коронавирусээс сэргийлэх хүрээнд хөл хөдөлгөөн багассанаар энэ төрлийн ослын тоо буурсан. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон учир бага насны хүүхэд зам, тээврийн осолд өртөх нь багассан” хэмээв.

Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчид орон нутгийн замуудад ажиллаж байгааг дээр дурдсан. Хөдөө явж байгаа, эсвэл орон нутгаас ирж буй иргэд хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх, дүрэм зөрчих, урсгал сөрөх зөрчил голчлон гаргадгийг алба хаагчид хэллээ. Үүнийг ил, далд хэлбэрээр хянадаг бөгөөд хот хоорондын автобуснуудад суурилуулсан хяналтын камерын тусламжтайгаар илрүүлж, зохих арга хэмжээ авч байгаа аж. Мөн мотоциклтой онхолдох осол орон нутгийн замд их гардаг гэнэ.

Алба хаагчидтай ярилцах зуур бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, хүүхдээ өвөр дээрээ авч, автомашинаа жолоодсон, жолооны үнэмлэхгүй, авто зам ашигласны татвараа төлөөгүй, явган зорчигчийг хүлээлгүй, гарцаар дайрч гарсан, утсаар ярингаа тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зөрчил гарлаа. Алба хаагчид тэдэнд Зөрчлийн болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авав. Тодруулбал, автомашинаа заасан хугацаанд оношлуулаагүй бол 50 мянган төгрөгийн торгуулийн хуудас бичиж, гэрчилгээг нь оношилгооны төвүүд рүү шилжүүлдэг аж. Жолооч автомашинаа оношлуулсны дараа, тус төвөөс гэрчилгээгээ авах ёстой юм байна. Мөн хүүхдээ тэвэрч машин жолоодсон иргэнийг 50 мянган төгрөгөөр торгов. Тэр иргэн “Хүүхдийн суудал уг нь бий. Түүн дээрээ суулгаж явсан боловч уйлаад байхаар нь тэвэрлээ” гэж байв. Гэсэн ч болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүүхдээ зориулалтын суудалд суулгаж явах ёстойг цагдаа нар санууллаа.

Дулааны улирал эхэлж, хараа хяналтгүй хүүхдүүд авто замын ойролцоо тоглох нь ихэсдэг учир осолд өртөх магадлалтайг цагдаагийн алба хаагчид хэллээ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ эрсдэлтэй газар, тэр дундаа замд ойр тоглож буй, эсэхийг анхаарч, хараа хяналт тавихыг анхааруулав. Түүнчлэн цагдаа нар “Бидний үүрэг бол торгох бус, жолоочийн хариуцлагыг дээшлүүлж, иргэдийн хяналтыг сайжруулан зам, тээврийн осол, зөрчлийг багасгах. Цагдаа нар өдөр бүр ийнхүү хянаж байхад жолооч нар хайхрамжгүй үйлдэл гаргадаг хэвээр, иргэд ч тэдэнд шаардлага тавьж хэвшихгүй байна” хэмээв. Цагдаа байгаа газартаа өөрөө ч мэдэлгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг гэдэг үг бий. Тиймдээ ч жолооч нар замын цагдааг хараад хөдөлгөөнд зөв оролцсон ч өнгөрөөд л зөрчил гаргах нь бий гэнэ.

Бэлтгэсэн: Б.Анх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)