Цагдаагийн нэрийг барьж аж ахуй нэгж, иргэдийг ТОРГОДОГ залууг саатуулжээ

“Залилан” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс төрийн алба хаагчдын нэрийг барьж иргэд, аж ахуйн нэгжийг залилан мэхлэдэг 25 настай, эрэгтэй У-г саатуулжээ.

Тэрээр Нийслэлийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар, дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, тасгийн алба хаагчдын нэрийг барьж Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа 8 нэрийн хүнсний дэлгүүр, ТҮЦ-ийг торгож, тамхи зарах болон бусад тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэх мэтчилэн 36 аж ахуйн нэгж, иргэнийг хууран мэхлэж 10.000-100.000 төгрөг, бараа материал зэрэг эд зүйлсийг залилдаг нь урьдчилсан байдлаар тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд, аж ахуй, худалдаа үйлчилгээ эрхлэгч та бүхэн хяналт, шалгалтаар явж байгаа алба хаагчдын баримт бичгийг нягтлан шалгаж, залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сэжигтэй зүйл илэрвэл цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)