Цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг өөрчиллөө

Засгийн газрын хуралдаанаар зарим агентлагийн даргыг сольсон билээ. Түүний дотор Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын даргаар тус газрын дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Болдыг томилсон. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд, дэд дарга нарыг өөрчлөв. Тэргүүн дэд даргаар Экологийн цагдаагийн албаны дарга асан, хурандаа Ц.Ням-Очирыг, дэд даргаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байсан, хурандаа Р.Отгонжаргал, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба (НХЖХОНАБХА)-ны дарга асан, хурандаа Ж.Амгалан нар ажиллахаар боллоо.

ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Болд өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж, алба, газар, хэлтсийн дарга, дэд дарга нарыг томиллоо. Тухайлбал, Экологийн цагдаагийн албаны даргаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа О.Амарсанаа, Эрүүгийн цагдаагийн албаны даргаар дэд даргаар нь ажиллаж байсан дэд хурандаа Т.Сүхболд, Мөрдөн байцаах албаны даргаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батсуурь, НХЖХОНАБХА-ны даргаар хурандаа Н.Лхагвасайхан, Санхүү, аж ахуйн албаны даргаар Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн захирал, хурандаа П.Батбаатар, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны даргаар хурандаа Ж.Буянбат нарыг томилжээ.

ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргаар хурандаа П.Оростогоо, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргаар хурандаа Ш.Цогбаатар, тус газрын дэд даргаар Мөрдөн байцаах албаны дарга асан, хурандаа Д.Отгонжаргал, Экологийн цагдаагийн албаны дэд даргаар Санхүү, аж ахуйн албаны дарга асан, хурандаа Х.Доржсүрэн ажиллана. Мөн Мөрдөн байцаах албаны дэд даргаар ЭЦА-ны дарга асан, хурандаа Б.Даваажав томилогджээ. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргаар хошууч Г.Жанчивдоржийг томилсон бол Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын даргаар Увс аймгийн Цагдаагийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Н.Мишигдоржийг томилж, хурандаа цол олгосон байна.

Бэлтгэсэн: Д.Дайчин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)