“Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөөгүй байхад тэр хүмүүсийг дур мэдэн явуулах эрхгүй”

Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолыг УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар батлав. Манай улс Булангийн орнуудтай харилцааныхаа агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж бий гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дурдаад, АНЭУ-д Элчин сайдын яам байгуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг санхүүгийн байгууллагатай шууд холбоо тогтоон, ойр хамтран ажиллах, хувийн хэвшлийн хүрээнд харилцаагаа тэлэх замаар хөрөнгө оруулалт татах шинэ боломж нээгдэнэ гэж байлаа. Тухайлбал, Эмират нь махны хэрэгцээнийхээ 90 орчим хувийг импортоор авдаг, эрэлт нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа тул манай улс энэ чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж буй аж. Абу Дабид 102 орны Элчин сайдын яам ажилладаг юм байна. Харин тус улс Элчин сайдын яамаа Улаанбаатарт 2016 онд нээсэн. Абу Даби дахь Элчин сайдын яамыг гурван орон тоотой байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Эмиратын талаас зарим зардлыг хариуцахаа мэдэгдсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд гадаад улсад томилогдох албан хаагчдыг ямар шалгуураар томилж байгаа, хэрхэн хариуцлагажуулсан, дипломат албан тушаалд тавих шалгуурыг чангатгах нь зүйтэй, гадаадад манай улсын нэр хүнд унаж байгааг анхааруулж, тодруулж байлаа. Үүнээс гадна тус улстай хийсэн худалдааны эргэлт бага байхад Элчин сайдын яам нээн ажиллуулах шаардлагатай, эсэх, Кувейтэд буй Элчин сайдын яамаа хаах нь зүйтэй талаар хөндсөн. Үүнд сайд Д.Цогтбаатар “Кувейт Монгол Улстай 1990 оноос хойш найрсаг харилцаж, маш их буцалтгүй тусламж үзүүлж, хөрөнгө оруулсан. Наад захын жишээ гэхэд Мөрөн-Уньт чиглэлийн авто замыг тус улсын санхүүжилтээр барьсан. Бид хариуд нь найрсаг хандах нь зөв гэж бодож байна” хэмээн хэлэлцүүлгийн үеэр хариулав.

Үүнээс гадна тэрбээр Польшийн цагдаагийн газраас шалгаж буй 69 хүний талаар болон дипломат алба тойрсон шүүмжлэл, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал, “Гадаад харилцааны яам Польшид эрэн сурвалжлагдаж байгаа 69 хүнийг нуугаад байгаа юм шиг л яриад байх юм. Тэр бол 2009 оны жагсаалт. Тэднийг шалгуулахаар цагдаад өгсөн. Польшийн цагдаагийн байгууллага тэдэнд хэрэг үүсгээд шалгаж байсан. Харилцан туслах гэрээний дагуу манай Мөрдөн байцаах газарт эхлээд тэр 69 хүний нэрийг ирүүлсэн. Тэндээс Гадаад харилцааны яаманд тэдний нэрийг явуулсан юм. Манай яам гадаадын хууль, хүчний байгууллагатай шууд харилцдаггүй. 2008 онд Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоход 69 хүний нэрийн жагсаалт байсан. Тэр үеэс дипломат албан тушаалтнуудад хэд хэдэн арга хэмжээ авдаг болсон. Одоо өөрчлөгдсөн. 2009 онд 69 хүний нэртэй жагсаалт ирснээс хойш бид ийм зүйл хүлээн аваагүй. Тухайн үед яг баригдсан хүмүүсийг би гарын үсгээ зураад бүгдийг нь хөөгөөд явуулсан. Таван жилийн дараа намайг дахиад ирэхэд тэднийг буцаагаад ажилд нь авсан байсан. Би дахиад хөөсөн. Эдгээр 69 хүний дотор дипломат албанд ажиллаж байгаа нь ч бий. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөөгүй байхад тэр хүмүүсийг дур мэдэн явуулах эрхгүй. Мөн тэдний дунд Европт хөл тавьж үзээгүй хүн ч байгаа. Бүр нас барсан хүн ч бий. Үүний учрыг цагдаа л тодорхой болгоно.

Дипломат алба залгамж чанартай. Элчин сайдыг томилсны дараа өмнөх нь ажлаа өгдөг. Намайг улс төрийн хэчнээн их ил, далд лобби, шахаан дундуур явсан гэж бодож байна. Элчин сайдаар томилуулахаар санал болгосон мэргэжлийн хүмүүсийг УИХ дэмжиж батлах хэрэгтэй. Москваг эс тооцвол бусад улсад Элчин сайдынх нь бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч дараагийн хүнээ томилогдохыг хүлээгээд ажлаа хийж байгаа. Москва, Стокхолм хот, Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Элчин сайдыг томилуулахаар УИХ-д төсөл өргөн барьсан. Асуудал Д.Цогтбаатарт бус, Монголын бохир улс төрд л байгаа шүү. Би энэ үгнээсээ буцахгүй. Элчин сайдын томилгоонд улс төрийн шахаа байхгүй гэж би хэлэхгүй. Улстөрчид энэ ч тийм, тэр ч ийм гэж шахдаг. Үүний дундуур мэргэжлийн хүмүүсээ оруулах гэж хичээж байгаа” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)