Цагдаагийн байгууллагаас анх удаа эмэгтэй хүн Гавьяат хуульч цол хүртлээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам, Цагдаагийн баярыг тохиолдуулан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхээр ажиллаж буй хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Тэдний дунд цагдаагийн байгууллагаас анх удаа эмэгтэй хүн Гавьяат хуульч цол хүртлээ. Мөрдөн байцаах албанд ажиллаж байсан, бэлтгэл хурандаа, Монгол хурандаа нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтанцэцэгт Монгол Улсын Гавьяат хуульч цол олгосон юм. Тэрбээр хурандаа цолтой цагдаагийн байгууллагын цөөн эмэгтэйчүүдийн нэг бөгөөд энэ байгууллагаас төрж буй 24 дэх Гавьяат цолтон.

Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга, хурандаа Б.Даваазулыг Цэргийн гавьяаны улаан тугийн, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Т.Баатар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг нарын хүмүүсийг Цэргийн гавьяаны, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Б.Мөнхбат, МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Ууганболд нарын 26 алба хаагчийг Цэргийн хүндэт медалиар шагналаа.

Энэ үеэр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн хорооны цагдаа, ахлах ахлагч Л.Амарсайханд Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл хүртээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)