Цагдаагийн аминд хүрсэн Б.Энхбаярыг 20, Т.Лундааг 13 жил хорино

Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёр өдрийн турш хэлэлцээд энэ сарын 4-ний 21.00 цаг өнгөрч байхад шийтгэх тогтоолоо танилцууллаа. Тус дүүргийн Прокурорын газраас Б.Энхбаярыг бусдаас их хэмжээний эд хөрөнгө залилсан, албан үүрэгтэй нь холбогдуулж Т.Лундаатай бүлэглэн цагдаагийн алба хаагчийн амийг бүрэлгэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-2.2, 10.1-2.9, 10.1-2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

Хэргийг эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч П.Батсайхан, офицерын хамт 2018 оны аравдугаар сарын 15-ны 11.00 цагийн үед албан үүргээ гүйцэтгэж байхдаа Япон цэргийн дурсгалын цогцолбор орчимд “Ланд круйзер Прадо” маркийн автомашиныг зогсоон шалгасан байдаг. Гэвч гэмт этгээдүүд зугтаж, тэднийг зогсоох гэж машинаас зүүгдэн цонхыг нь хагалахаар оролдож таван км орчим яваад унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан нь тухайн үедээ олны анхаарал татаж байсан билээ. Цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан тэрбээр энэ онд тэтгэвэртээ гарах гэж байсан аж.

Уг хэрэгт Т.Лундаа нь машинаа жолоодож, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан Б.Энхбаяр хажууд нь сууж явсан юм. Хэрэгтэн Т.Лундааг Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутаг, Майхан толгой орчмын төв замаас хөлсний машинд суух гэж байхад нь, Б.Энхбаярыг 2018 оны аравдугаар сарын 16-ны 00.00 цагийн үед Майхан толгойн зуслангийн замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхад нь баривчилсан.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Энхбаяр, Т.Лундаа нар бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хөнөөсөн гэмт буруутайд тооцсон байна. Улмаар Эрүүгийн хуулийн 10.2-2.9, 2.11-т зааснаар Т.Лундаад 13 жил, Б.Энхбаярт 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Мөн Б.Энхбаярыг бусдыг хуурч, зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдүүлж, хувь хүний эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 477 сая буюу их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, таван жил хорих ял ногдуулжээ. Ингэснээр Б.Энхбаярын ялыг 20 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид эдлүүлэхээр болов.

Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)