Цагдаагийнхны авлигын хэрэгт Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат холбогджээ

Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа С.Батзаяа тэргүүтэй хүмүүсийг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан цагдан хорьсон талаар бид мэдээлсэн билээ.

Уг хэрэгт холбогдогчдын тоо өсөж болзошгүйг ч өчигдөр дурдсан. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулж дахин гурван хүнийг ням гарагийн шөнө саатуулжээ. Тэдний дунд Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж буй Б.Үнэнбат байгааг эх сурвалжууд хэллээ.

Эх сурвалжууд “Цагдаагийн өөр нэг албан тушаалтныг сэжигтнээр татаж болзошгүй” гэж байсан бөгөөд тэр хүн нь Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, өдгөө Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхболд гэнэ. Дээрх аймгийн Цагдаагийн газрынхан нэгнийгээ хөнөөсөн хэрэгт түүнд өнгөрсөн өвөл хариуцлага хүлээлгэж ажлаас нь өөрчилсөн юм.

Д.Мөнхболдын хүүхдийн эмчилгээний зардалд нутгийн зөвлөлийнхөн нь гурван сая төгрөг цуглуулж өгснийг хахууль байж болзошгүй гэж хардаж буй сурагтай. Дээрх хүмүүстэй хамт “Нуурын Чинбаа” гэдэг хочоороо шоронд ял эдэлж байсан хүмүүсийн дунд танигдсан С.Чинбат гэх эр байгаа гэнэ.

Тэрбээр өмнө нь дээрмийн хэргээр нэг бус удаа ял шийтгүүлж байсан аж. С.Чинбат, дэд хурандаа С.Батзаяад хахууль зуучилсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм. Ховд аймгийн Цэцэг суман дахь вольфрамын орд газар хээл хахуулийн хэргийнх нь гол объект болоод байгаа, төрийн өндөр албан тушаалтанд ойр, тус аймгаас гаралтай нэгэн өөртөө саад болж буй хүмүүсийг зайлуулахын тулд цагдаагийнхныг хэрэгт холбогдуулж байгаа гэж ярих ч хүн бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)