Цагаачдын хүүхдүүдийг тодорхойгүй хугацаагаар саатуулна

цагаачид

Шүүхээс орогнох эрх олгох, эсэх тухай шийдвэр гартал түр саатуулах төвүүдэд хууль бус цагаачдын хүүхдүүдийг байлгах болсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас мэдэгдэв. Урьд нь цагаач хүүхдүүдийг саатуулах тодорхой хугацаатай байсан юм. Тодруулбал, хүүхэдтэй гэр бүлийг 20 хоногийн дараа сулладаг байжээ. Харин хүүхэдгүй цагаачид түр саатуулах төвүүдэд ихэнх тохиолдолд олон сар болдог аж. 60 хоногийн дараа хүчин төгөлдөр болох шинэ журмыг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Кевин Макалинан танилцуулжээ. Тус яамны ажилтнуудын үзэж буйгаар энэ жил тусгай төвүүдэд цагаач гэр бүлийн байх хугацааг хязгаарласнаар Төв Америкийн орнуудаас ирдэг дүрвэгсдийн цуваа ихэссэн гэнэ. 

АНУ-д дагуулж очсон хүүхэд түр саатуулах газраас чөлөөлөгдөх баталгаа болдог гэсэн цуу яриа шинэ журам гарахад хүргэсэн аж. “Гэр бүлийг салгахгүй, цагаачлалын системийг бүхэлд нь сайжруулах боломжийг шинэ хууль Дотоодын аюулгүй байдлын яаманд олголоо. Эл хууль Конгрессын баталсан Цагаачлалын хуулиуд хэрэгжих, Америкийн түр саатуулах төвүүд дэх хүүхдүүдэд хүндэтгэлтэй хандах нөхцөлийг бүрдүүлэв” гэж Кевин Макалинан мэдэгджээ. Өнгөрсөн жил Цагаачлалын хууль зөрчсөн хэргээр шүүхийн шийдвэр хүлээн хоригдсон цагаач эцэг, эхээс нь хүүхдүүдийг тусгаарлаж, Эрүүл мэндийн яам болон олон нийтийн байгууллагуудад шилжүүлснээр Д.Трампын засаг захиргаа ихээхэн шүүмжлэлд өртсөн учир уг шийдвэрээ цуцлахад хүрсэн юм.

Албан ёсны мэдээллээр өнгөрсөн зургадугаар сараас хойш АНУ-ын өмнөд хил дээр саатуулсан хүний тоо 28 хувиар буурчээ. Өмнөх сард нь хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд саатуулсан хүний тоо сүүлийн 10 жилийн дээд амжилт тогтоосон юм. Агаарын температур 32 градус давдаг зуны улиралд цагаачдын тоо буурдаг ч энэ жилийн зургадугаар сар түүхэнд тэмдэглэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)